/2022.11.4/ 2023 оны Төсвийн төсөлтэй холбоотойгоор нэлээд хэдэн хуулиудад өөрчлөлт оруулах, мөн зарим хуулийн төслийг шинээр өргөн барих гэж буй.
Эдгээрийн дотор "Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хууль"-ийн төслийг өргөн барьж байгаа юм. Харин энэ хуулийн төслийг салбарын мэргэжилтнүүд ихээр эсэргүүцэж байгаагийн дотор “Монгол үнэлгээний сүлжээ"-нээс дараах мэдэгдэл, уриалгыг гаргажээ. Тэд өнөөдөр энэхүү мэдэгдлээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд хандан уриалга гаргажээ.
Бид мэдэгдэл болон уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
“Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хууль”-ийн төслийг буцааж сайн засаглалын тогтолцоогоо хамгаалахыг уриалж байна!
Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуулийн төсөл, дүн шинжилгээ
Монгол Улсын Засгийн Газар хариуцлага, нээлттэй ил тод байдал, иргэний оролцоо гэж аман дээрээ яриад, ажил дээрээ эдгээр ардчиллын зарчмыг алдагдуулах эрсдэлтэй, ноцтой хуулийн төсөл, санаачилгуудыг гаргасаар байна.
Үүний нэг жишээ болох 2022 оны 9 дүгээр сарын 28-нд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хууль”-ийн төслийг 2023 оны төсвийн төсөлтэй дагалдуулан өргөн бариад байна. Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар, уг хуулийн зорилго нь “төрийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага, бүтээмжийг нэмэгдүүлэх, тогтолцоог бүрдүүлэхэд оршино” гэжээ.
Засаглал, хүний эрх, хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн нэгдлийн хувьд бид тус хуулийн төслийг ардчиллын зарчмаас ухарсан, үр дүнгийн үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд олсон олон ололт амжилтаас ухарсан төсөл болсон гэж үзэж байна. Үүнд:
НЭГ. Хуулийн төслийг аливаа хэлэлцүүлэг, өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, практикт хийсэн дүн шинжилгээ, баримт нотолгоонд үндэслэсэн бус, иргэд, олон нийт, мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр хаалттай боловсруулж гэнэт өргөн барьсан. Энэ нь хууль боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах үйл ажиллагаанд тавигдах зарчим, хэрэгцээ, шаардлага зэргийг нэг бүрчлэн заасан “Хууль тогтоомжийн тухай” хуулийн ‘Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах' гуравдугаар бүлгийг бүхэлд нь зөрчжээ. Мөн Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 1.1, 4.1.16, 5.1.2, 5.1.3, 5.1.8, 5.1.13-р заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.5-р заалтад нийцээгүй гэж үзэж байна.
ХОЁР. Хуулийн төсөл нь УИХ-ын 1996 оны 38-р тогтоолоор баталсан “Засгийн газрын стратегийн зорилт, үндсэн чиг үүрэг, бүтцийн өөрчлөлт” бодлогын баримт бичгийн үзэл баримтлалыг гажуудуулсан. Зарим талаар өмнөх дэглэмийн “Ардын хянан шалгах хороо”-той хамрах хүрээ, үүрэг, зорилгын хувьд төстэй болжээ.
МУ-ын хувьд бусад олон орны жишгээр бодлогын дунд болон урт хугацаанд хэрэгжилтийн үр дүнг өргөн хүрээнд системтэй, тогтмол баримт мэдээлэл цуглуулах, дүгнэн шинжлэх, үр дүнгийн үнэлгээг хараат бусаар хийлгэх, олон нийтийг оролцуулах үзэл баримтлалыг тууштай дэмжиж 1996 оноос хойш хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бүрдүүлж, тасралтгүй сайжруулсаар ирсэн.
Гэтэл уг хуулийн төсөлд хөгжлийн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, түүний үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлыг орхигдуулж, анхаарлыг байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны зөрчил төдийг хянан шалгахад хандуулсан байна. Ингэснээр “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” зэрэг бодлогын үр дүнг үнэлэхгүй орхигдуулах зохицуулалт болжээ.
Ийм бүтэц нэгэнт албажсан тохиолдолд төлөвлөлт рүү чиглэсэн, тасралтгүй сайжруулах бодлого, шийдвэрийн эргэх холбоо үгүй, тасарсан систем, магадгүй “захиалгат”, “улс төрийн зорилгоор”, “хэн нэгэн гомдол гаргагч-мэдээлэгч”-ийн захидлын мөрөөр эцэс төгсөлгүй хяналт, шалгалт хийх явдал ихэснэ гэж үзэж байна.
Уг хууль батлагдвал шинжээчид нь хянан шалгагчид болно, бодлогод шинжилгээ хийдэг биш албан тушаалтнуудын үйл ажиллагааг хянаж шалгадаг эрх дархтай болно. Урт хугацаандаа хуулийн төслийн үндсэн зарчимд оруулсан “үр нөлөөтэй байх; хараат бус байх” зарчмууд лоозон төдий хоосон үг болохоор төсөөлөгдөж байна.
ГУРАВ. МУ-д бүрэлдэн бий болсон хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог задран унахад хүргэнэ. Одоогийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй 820 гаруй хуульд хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлыг зохицуулсан арав гаруй хууль, журам үйлчилж байгаа[1] ба бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээг ЗГХЭГ-ын түвшинд хэрэгжүүлдэг. Тиймээс салбар хоорондын уялдааг хангах, хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын үр дүнг үнэлэх, хүрэх арга замыг тодорхойлох бүтэц тогтсон гэсэн үг юм. 2019 онд хийгдсэн “Үндэсний үнэлгээний чадавхын” тойм судалгаагаар Монгол Улсад үнэлгээний тогтолцоо бүрэлдэх шатандаа явж байна, тодорхой сайжруулалтууд хийгдэх ёстой гэсэн дүгнэлт гарсан.
Гэвч уг хуулийн хүрээнд 2023 оны 1-р сарын 1-нээс эхлэн ЗГ-ын хяналт шалгалтын агентлагийг байгуулахаар төлөвлөсөн нь энэхүү салбар дундын зарчмыг алдагдуулахаас гадна агентлагийн статусыг үл тоодог гашуун туршлага бий болохыг мартаж болохгүй. Уг хуулийн төслийн зорилгыг “хяналт-шалгалтын тогтолцоог бүрдүүлэхэд” оршино гэсэн нь өмнө бүрэлдсэн тогтолцоог үгүйсгэсэн хэрэг болж байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын хүрээнд Засгийн газар өөрийн дотоод хяналтаа сайжруулах боломж бүрэн байгаа. Нэгэнт байгаа хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах нь нэн тэргүүний асуудал болохоос биш шинээр хяналт-шалгалтыг голлосон тогтолцоо бий болгож байгаа нь оновчгүй шийдвэр юм.
Энэхүү хуулийн төслийг “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-тай зэрэгцүүлж орж ирсэн нь хоёр өөр зорилготой, хүрээтэй хуулийг нэг мэтээр ойлгогдохоор олны дунд төөрөгдөл бий болгож байна.
УРИАЛГА
Монголын үнэлгээний сүлжээнээс төрийн удирдлагын сайн жишиг, ардчилсан зарчмаас ухрахгүй байхыг сануулж дараах уриалгыг гаргаж байна:
- Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуулийн төслийг хууль санаачлагч нь татан авах;
- УИХ-ын гишүүд 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан оруулж ирсэн хуулийн төслүүдийг, тэр дундаа Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуулийн төслийг нухацтай хэлэлцэх, төсвийн тухай хуулийн төслийн хамт яаравчлан батлахгүй байх;
- Хяналт-шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ зэрэг салбарын бодлого, эрх зүйн байдлыг шинэчлэх аливаа хуулийн төсөл боловсруулах үйл явцад иргэний нийгмийн, салбарын мэргэжилтнүүдийн төлөөллийг зүй ёсоор оролцуулах, Хууль тогтоомжийн тухай хуулийн заалтуудыг мөрдөх;
- Монгол Улсад өдийг хүртэл бүрэлдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх арга замыг олон талын оролцоотой тодорхойлж хэрэгжүүлэх, хөгжлийн үнэлгээний одоо хүрсэн байгаа тогтолцоонд заналхийлэхгүй байх;
- МУЗГ, ЗГХЭГ-ын зүгээс төрийн удирдлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ олон нийтэд ил тод, хуулийн нөлөөллийн үнэлгээ, хэлэлцүүлэг, судалгаа, олон улсын жишиг, ардчилсан зарчимд суурилжболовсруулах;
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өндөр ач холбогдолтой дээрх асуудлын талаарх мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэх;
- Хөгжлийн түнш, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд сайн засаглал, төрийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд дэмжиж хамтарч ажиллах;
- Олон улсад ардчиллын ухралт эрчимжиж иргэний орон зай хумигдаж буй, цар тахлын дараах сэргэлт, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн удирдлагад тулгамдсан олон сорилттой энэ цаг үед Монгол Улс ардчилсан зарчмаас ухрах бас нэгэн хуулийн төслийг батлахгүй байхыг уриалж байна.
Уриалга гаргасан:
“Монгол үнэлгээний сүлжээ" мэргэжлийн үнэлгээний сүлжээ