/2022.11.07/: Хэдхэн хоногийн өмнө Твиттер компанийн шинэ эзэн, тэрбумтан Элон Маск жиргэж байсанчлан, тус компани хэрэглэгчдэд сарын 8 ам.долларын төлбөртэй үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй хэрэглэгчдэд баталгаажсан тэмдэг буюу цэнхэр тэмдэг авахыг санал болгож эхэлсэн байна.
Бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Элон Маск “Та өөрийн дагадаг алдартан, улстөрч, компаниудын нэгэн адил цэнхэр тэмдэгтэй болох боломжтой боллоо. Эрх мэдэл ийнхүү ард түмний гарт ирлээ” гэж бичжээ.
Ийнхүү хэрэглэгчийн баталгаажуулалтын шинэ систем санал болгохын зэрэгцээ хэрэглэгчдийн timeline дээр одоо харагддаг сурталчилгааг 2 дахин багасгана гэдгээ тус компани амалсан байна. Мөн 2 минут 20 секундээс урт бичлэг нийтлэх, жиргээнд өгсөн хариуг эрэмбэлэх, бусдын жиргээнд хариу өгөх, хайлт хийх зэрэг үйлдлийг илүү сайжруулна гэжээ.
Твиттер аппликэйшнд хийгдэж буй хамгийн сүүлчийн шинэчлэл нь Элон Маск 44 тэрбум доллараар худалдан авсан олон нийтийн сүлжээний платформоо өөрчлөхөөр хичнээн яаравчилж байгааг харуулж байна. Тэрээр албан ёсоор компанийн эзэн болмогцоо ажилчдын бараг тэн хагасыг, удирдлагын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь халсан юм. Үүний зэрэгцээ Twitter Blue нэртэй төлбөртэй үйлчилгээгээ түлхүү санал болгох замаар өдөр ирэх тусам багассаар буй зар сурталчилгааны орлогоо нөхөж, хуурамч хаягуудыг цөөлөх төлөвлөгөөтэй байгаа аж.
АНУ-ын хэрэглэгчдийн хувьд Твиттер компани баталгаажуулалтын цэнхэр тэмдгээ өнөөдрөөс эхлэн олгох болсон нь маш их анхаарал татаж байна. Учир нь АНУ-ын конгрессийн завсрын сонгууль энэ мягмар гарагт явагдах болно. Сонгуулиас өмнө компанийн чухал ач холбогдолтой албад болох контент зохицуулалт болон хуулийн бодлогын хэлтсийг тэр чигээр нь халсан нь тус компани сонгуулийн үеэр контентын зохицуулалт, хяналтаа зүй зохистой хийж чадах эсэх нь хариулт нэхсэн асуулт болж байна.
Жишээ нь, төлбөрт үйлчилгээний шинэ нөхцөлийн дагуу 8 доллар төлөх боломжтой хэн бүхэн хаягаа үнэмшилтэй мэт харагдуулж, нэр дэвшигчид, улс төрийн албан тушаалтнуудын хаягийг дуурайн жиргэх эрсдэл байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.
With Musk’s new Twitter Blue verification scheme, there appears to be a clash between money-making & validating authenticity.
— Edward Perez (@eddie1perez) November 5, 2022
And in the midst of an election, voters need to know if what they are reading is real or fake.
Rushing this out days before Election Day is a bad idea. https://t.co/W8Q8nPK182
Шинэ үйлчилгээний нөхцлийг нь шүүмжилсэн хүмүүст Маск хариу өгөхдөө Apple болон Андройд системийн төлбөр тооцооны системүүдэд хэрэглэгчдийн хувийн мэдээлэл хангалттай байгаа учир баталгаажуулалт ямар нэгэн асуудалгүй явагдана гэсэн хариу өгөөд байна.
Гэхдээ Twitter Blue үйлчилгээ нь одоогоор зөвхөн АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи улсуудад л нээлттэй байгаа бол Элон Маск өнгөрсөн бямба гарагт оруулсан жиргээндээ удахгүй энэ үйлчилгээг дэлхий даяар нээлттэй болгоно гэж амалжээ.
Эх сурвалж: bloomberg