/2022.10.11/ Хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тус авчирсан тулгуур шинжлэх ухааны шинэ бүтээл, нээлтийг үнэлж шагнах зорилготойгоор энэхүү шагналыг үүсгэсэн билээ.
Тэр ч зорилгынхоо дагуу суурь шинжлэх ухааны физик, хими, анагаахын салбараас шагналтан тодруулдаг атлаа шинжлэх ухааны хаан гэдэг математикийн салбараас шагнал гардуулдаггүй нь хачирхалтай.
Хүмүүсийн дунд тархсан хамгийн том хоёр цуурхал нь Альфред Нобелийн эхнэр нь түүнийг орхиж математикчтай суусан. Мөн Түүний хамгийн дургүй хүн нь математикч байсан тийм учраас энэ салбараас шагналтан тодруулбал дургүй хүн нь хамгийн түрүүнд тэр шагналыг хүртэнэ хэмээн үэзж энэ салбарынханд шагнал гардуулах хүсэлгүй гэсэн дэлхийн хаа сайгүй тархсан цуу яриа байдаг.
Хэдийгээр Альфред Нобелд хайртай эмэгтэй байсан ч гэсэн тэрбээр хэзээ ч гэрлэж, эхнэртэй болоогүй. Мөн хайртай эмэгтэй нь математикчид хайртай болсон түүх, түүнийг нь батлах зүйл ч байхгүй. Тиймээс энэ бүхэн зүгээр л худал цуу үг байх нь. Мөн тус шагналыг санаачилж, эд хөрөнгөө гэрээсэлж байх үед скандинавын орнуудын математикчдад зориулсан маш том шагнал байсан учир тус салбарыг шагналдаа багтаагаагүй гэдэг.
Математик гэлтгүй олон чиглэл, салбар шинжлэх ухаан Нобелийн шагналд багтдаггүй. Анх Нобель шагналын сан үүсгэх үед одоогийнх шиг салбар шинжлэх ухаанууд тэгтлээ хөгжөөгүй ерөнхий байсан. Гэвч өнөө үед физик, хими, анагаах ухааны салбараас маш том шинжлэх ухаанууд салбарлаад гарчихсан. Тэр тусмаа технологи болон инженерчлэлийн чиглэл пуужингийн хурд шиг л хурдацтай хөгжиж буй.
Гэтэл тэдгээр хүмүүсийн ажлыг Нобелийн хороо үнэлэх нь тун бага. Өнөөдрийг хүртэл 980 гаруй хүн болон байгууллага Нобелийн шагналтнаар тодроход түүний 30 хүрэхгүй нь инженер болон технологийн салбарын хүмүүс бий.
Гэвч, 1968 онд Эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг нэмснээс хойш ахиж салбар шинжлэх ухаан нэмэгдээгүй бөгөөд одоогоор нэмэх сонирхолгүй байгаа гэж Нобелийн хороо мэдэгдээд байгаа. Мэдлэгийн хүрээ улам өргөжин тэлж, салбар шинжлэх ухаанууд шинээр төрж байгаа үед Нобелийн шагнал ч гэсэн салбар хүрээгээ тэлнэ гэдэгт хүмүүс итгэж найдсаар ирсэн билээ.
Эх сурвалж: https://www.nobelprize.org/, https://qz.com/