/2022.10.10/ 2022 оны Эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг Бен С.Бернанке, Дуглас В.Даймонд, Филипп Х.Дибвиг нар Нобелийн шагнал хүртэж байна.
Тэд эдийн засагт, ялангуяа санхүүгийн хямралын үед банкуудын гүйцэтгэх үүргийн талаарх бидний ойлголтыг эрс сайжруулсан. Тэдний судалгааны гол ололтын нэг нь банк дампуурахаас зайлсхийх нь яагаад амин чухал вэ гэдгийг тодорхойлсон юм.
Орчин үеийн банкны судалгаанууд нь: Яагаад бид банктай болсон, банкуудыг хэрхэн хямралд өртдөггүй болгох, банк дампуурах нь санхүүгийн хямралыг хэрхэн даамжруулдаг талаар тодруулж өгдөг. Энэхүү судалгааны суурийг 1980-аад оны эхээр Бен Бернанке, Дуглас Даймонд, Филипп Дибвиг нар тавьжээ. Тэдний хийсэн дүн шинжилгээ нь санхүүгийн зах зээлийг зохицуулах, санхүүгийн хямралыг даван туулахад практик ач холбогдолтой байсан.
Эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналтнуудын
талаарх сонирхолтой баримт
Нобелийн бусад салбар шагналуудаас ялгаатай нь эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг сүүлд 1968 онд Шведийн төв банк “Sveriges Riksbank”-аас Альфред Нобелийн дурсгалд зориулан байгуулжээ. Ингээд 1969 оноос хойш 53 удаа шагнал гардуулснаас 25 удаа цор ганц шагналтан тодорсон, 20 удаа хоёр хүн хамтдаа шагнагдсан, 8 удаа гурван хүн хамтдаа шагнагдаж байв.
Эдгээр 89 шагналтнуудаас хамгийн өндөр настайдаа тус шагналыг 2007 онд 90 насандаа Леонид Хурвич хүртсэн. Тэрээр Механизм дизайн онолыг үндэслэгчдийн нэг байсан юм. Механизмын дизайны онол нь хувь хүний хувийн ашиг сонирхол болон бүрэн бус мэдээлэл бизнест саад болж болзошгүй үед хэрхэн оновчтой үр дүнд хүрэхийг ойлгох эдийн засгийн тогтолцоо юм.
Харин хамгийн залуу нь 2019 оны шагналт 46 настай Эстер Дуфло байв. Тэрээр Харвардын их сургуулийн профессор Майкл Кремер болон нөхөр Абхижит Банержи нарын хамтаар “Дэлхийн ядуурлыг бууруулах туршилтын арга барилын төлөөх” ажлаа үнэлүүлэн шагнал хүртсэн юм. Эстер Дуфло нь эдийн засгийн шинжлэх ухааны салбараас шагнал хүртсэн хоёрхон эмэгтэйн нэг бөгөөд нөгөөх нь 2009 оны шагналт Элинор Остром юм. Тэрээр “эдийн засгийн засаглал, ялангуяа нийтлэг байдлын талаарх дүн шинжилгээ” хийсэн ажлыг нь үнэлсэн. Эдийн засагчдын дунд удаан хугацаанд санал нэгтэй байсан зүйл нь “Байгалийн баялгыг олон хэрэглэгчид хэт их хэрэглэсээр байвал урт хугацаандаа устаж алга болно” гэсэн үзэл байсан. Харин үүнийг нь Элинор Остром хүн ам багатай, орон нутгийн хүмүүс бэлчээр, загас агнуур, ус ой мод зэрэг байгалийн хамтын нөөцийг хэрхэн зохицуулдаг талаар хээрийн судалгаа хийснээр няцааж чадсан. Байгалийн баялгийг хамтран хэрэглэгчид нь урт хугацааны явцад эдийн засаг болон экологийн тэнцвэрт байдалд тааруулан дүрэм журам тогтоодог болохыг харуулжээ.
Эстер Дуфло болон Абхижит Банержи нараас гадна гэр бүлийн гишүүдийн аль нэг нь Эдийн засгийн шинжлэх ухааны салбараас шагнал хүртсэн хоёр өөр тохиолдол байдаг бөгөөд Ян болон Николас Тинберген ах дүүс мөн эхнэр нөхөр болох Гуннар болон Алва Мирдал нар юм.
Тэдний ах Ян нь 1969 онд “Эдийн засгийн үйл явцын дүн шинжилгээ хийх динамик загвар боловсруулж, хэрэглэсний төлөө” Эдийн засгийн салбараас шагнасан бол дүү Николас нь 1973 онд “Хувь хүний болон нийгмийн зан үйлийн хэв маягийг тодруулсных нь төлөө” Физиологи болон анагаах ухааны салбараас шагнаж байв.
Харин 1974 онд нөхөр Гуннар Мирдал нь “Мөнгө ба эдийн засгийн хэлбэлзлийн онолын анхдагч бүтээлийн төлөө мөн эдийн засаг, нийгэм, институтийн үзэгдлүүдийн харилцан хамааралд гүнзгий дүн шинжилгээ” хийснийхээ төлөө Эдийн засгийн салбараас, эхнэр Алва Мирдал нь 1982 онд “Зэвсэг хураах, цөмийн болон зэвсгээс ангид бүс байгуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсных нь” төлөө Энх тайвны шагналаар шагнаж байв.
Эх сурвалж: https://www.nobelprize.org/, https://qz.com/