П.Ганчимэг: “Чи төрж чадахгүй, хүүхдээ авахуул” гэхэд нь үхсэн ч хамаагүй гэж хэлээд төрүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Ганчимэг: “Чи төрж чадахгүй, хүүхдээ авахуул” гэхэд нь үхсэн ч хамаагүй гэж хэлээд төрүүлсэн

Монгол Улсад 108 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгийн 44 хувь нь эмэгтэйчүүд юм. 2020 оны судалгаагаар нийт хүн амын 3.4 хувь хөгжлийн бэрхшээлтэй байгаа аж. Тэд эх хүн болж, үрийн зулай үнэрлэхийг ихэд хүсдэг ч хөгжлийн бэрхшээлтэй тул нэлээд саад бэрхшээл тулгардаг байна. Үүний талаар Эрдэнэт хотод амьдарч ажилладаг Хүмүүн бие даан амьдрах төвийн тэргүүн П.Ганчимэгтэй ярилцлаа.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг П.Ганчимэг гэдэг. Би Эрдэнэт хотод амьдардаг, ‘Хүмүүн бие даан амьдрах’ төвийн тэргүүнээр ажилладаг. Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг, эдийн засагч-нягтлан мэргэжилтэй. Миний хувьд хүзүү нугасны гэмтэлтэй учир тэргэнцэр дээр суугаад 20 орчим жил болж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил эрхээ эдэлж чадахгүй байгаагийн шалтгааныг та юу гэж боддог вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил эрхээ эдэлж чадахгүй байгаа шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй хүн тэр дундаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн бол энэ нийгэмд бие даан амьдрана гэдэг тун хэцүү. Миний хувьд л гэхэд бүх зүйл дээр бусдаас тусламж авдаг. Гэрээс гараад ажилдаа явахдаа ч, ажлын байран дээр очсон ч. Ер нь бүх зүйл дээр хүний тусламж авч байж нийгэмд бүрэн дүүрэн оролцох гэж хичээж байгаа. Эрүүл байх эрх, Хүртээмжтэй үйлчилгээ авах эрх гээд ер нь л хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил эрхээ эдэлж чадахгүй байгаа гэж боддог.

-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд (ээжүүдэд) хамгийн их тулгамддаг асуудал юу вэ?
-Ер нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хүн ээж болно гэдэг маш хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн үржихүйн асуудал гэдэг маш том тулгарч байгаа асуудлуудын нэг байдаг. Нөхөн үржихүйн талаар мэдээ мэдээлэл байдаггүй энэ талаар мэдээлэл авч чаддаггүй нөхөн үржихүйн асуудлаа мэддэггүй ийм асуудал зөндөө байна. Жирэмсэн болохоос эхлээд асуудлууд хөвөрнө. Жирэмсэн боллоо гэхэд эмч нар “Чи төрж чадахгүй, төрж чадахгүйгээсээ болоод хүндрэл өгнө, янз бүрийн асуудал гарвал чи хариуцах уу” гэх байдлаар бидний ээж болох эрхэд шууд халддаг. “Чи төрж чадахгүй, хүүхдээ авахуул” гэдэг ч юм уу, ийм асуудал олон тулгардаг. Надад яг энэ асуудал тулгарч байсан болохоор маш хүнд санагддаг. Дээрээс нь надад эмнэлгээс үйлчилгээ авах маш хэцүү байсан.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би хоёр хүүхэдтэй. Том хүүгээ гэмтэхээсээ өмнө төрүүлсэн, харин багыгаа 2013 онд төрүүлж байлаа. Бага хүүгээ олчихоод, жирэмсний гурван сартай байхдаа эмнэлэг дээр очиж байсан. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн жирэмсэн болчихоод эмч дээр очихоор шууд үр хөндөлт хийдэг, нэг бол гэр бүл нь тохиролцоод үр хөндөлт хийлгэдэг тохиолдол олон байдгийг сонсчихсон байсан юм. Тийм болохоор хүүхдээ томроод 3-н сар гаруйтай байхад нь эмч дээр очсон. Тэгсэн ч ялгаагүй л эмч надад “Чи төрж чадахгүй, хүүхдээ авахуул” гэж хэлэхэд нь, “Би өөрөө үхсэн ч хамаагүй хүүхдээ заавал төрүүлнэ” гэж тэр эмчид хэлж байлаа.

-Жирэмсний хяналтын шинжилгээ гэх мэт олон алхам байдаг. Тэр бүхнийг давахад хэцүү байв уу?
-Хүүхдээ тээх явцад тэр олон шинжилгээ өгөх, үзүүлэх гээд эмнэлэгийн үйлчилгээ авах гэдэг надад маш хэцүү байсан. Шат, босго эмнэлэгийн эмэгтэйчүүдийн ор гээд бүх зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд ямар ч хүртээмжгүй. Эмнэлэгт хэвтсэнийхээ дараа эмчлэгч эмчээсээ хүртэл гомдмоор муухай үгнүүд сонсдог байсан. “Хөгжлийн бэрхшээлтэй өөрийгөө яая гэж байж хүүхэдтэй болчихоод ямар ядаргаатай юм” гэдэг үгнүүдийг сонсож, гомдсондоо уйлаад л хэвтэнэ. Өөрөө хүүгээ төрүүлнэ гээд зүтгэчихсэн болохоор энэ бүхнийг даван туулаад л хүүгээ төрүүлсэн дээ. Тэгээд хоёулаа эсэн мэнд амаржиж чадсан. Одоо хүү маань 9-н настай том залуу ээждээ тус болоод гүйж байна. Даван туулахад үнэхээр хэцүү байсан ч хүүгээ харахаар тэр бүхнийг давсандаа маш их баяртай байдаг.

-Хүүхдээ төрүүлсний дараа таньд ямар асуудал их тулгардаг байсан бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн ээж болно гэдэг маш хэцүү байдаг юм байна лээ. Хүүхдээ төрүүлчихээд хүүгээ өөрөө асарч чадахгүй тул аав нь асарч байсан. Хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдэд тулгардаг асуудал болгон өөр хоорондоо ялгаатай. Би өөрөө хөдөлгөөний бэрхшээлтэй. Ээж болчихоод хүүхдээ харж чадахгүй учраас би ажил хийгээд, нөхөр маань хүүхдээ хардаг байсан. Харааны, сонсголын бэрхшээлтэй хүмүүст асуудлууд нь бэрхшээлийнхээ онцлогоос шалтгаалаад өөр байдаг.

-Та одоо юу хийдэг вэ?
-Миний хувьд ээж болчихоод дараа нь ажил хийх л хэцүү байсан. Хөгжлийн бэрхшээлтэй дээрээс нь тэргэнцэр дээр суучихсан, тэгээд ажилд оръё гэхээр ажилд авахгүй. Гаднах байдлаас маань хараад л “Энэ одоо ажил хийж чадах юм уу” гэдэг байдлаас дүгнэдэг. Ялангуяа ээжүүдэд бол ажил хийх боломж маш хомс байдаг юм билээ. Тэгээд ажил олдохгүй нэлээд хугацааг өнгөрүүлсэн. Тиймээс өөрөө “Хүмүүн бие даан амьдрах төв гэсэн” төрийн бус байгууллагыг нээгээд одоогоор 9 дэх жилдээ ажиллаж байна.

-“Хүмүүн бие даан амьдрах төвийн гол зорилго нь юу юм бэ?”
-Манай байгууллага хөгжлийн бэрхшээлийн хүнд хэлбэрээс үл хамааран бие даан амьдрах үзэл баримтлалыг төлөвшүүлэн хэрэгжүүлэх, хүртээмжтэй саадгүй орчныг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чанартай боловсрол эзэмшүүлэн чадваржуулах зорилготой төрийн бус байгууллага юм. Мөн Орхон аймгийнхаа Нийгмийн халамжийн газартай хамтарч сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ явуулдгаас гадна хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд тэдний гэрийнхэн, асран хамгаалагч нарт зориулсан зөвлөгөө өгдөг. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд байгаа эмэгтэйчүүд манайд олон ирдэг. Нөхөр нь зоддог, хөгжлийн бэрхшээлтэй гэж доромжилдог дээрээс нь араар тавих, хуурах гэх мэт асуудалтай эмэгтэйчүүд илүүтэй ханддаг нь эмзэглэмээр.

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал, гэр бүл төлөвлөлт, эмэгтэйчүүдийн ээж болох эрх гээд олон асуудал дээр анхаардаг газар гэж ер нь монголд байхгүй. Тийм болохоор энэ талын үйлчилгээг илүү их гарч ирээсэй, өрхийн эмнэлэг эрүүл мэндийн байгууллага энэ хүмүүс рүүгээ чиглэж ажиллаасай, эмэгтэйчүүд рүү чиглэсэн нөхөн үржихүйн сургалт төлөвлөгөөг бэлдэж хүргэдэг байгаасай гэж боддог.

-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан тусгай үйлчилгээний газар эмнэлэг байдаг болов уу?
-Тийм эмнэлэг гэж байдаггүй. Байгаасай ч гэж хүсдэггүй зүгээр хүн болгон ямар ч бэрхшээлтэй байсан ямар ч эмэгтэй эрүүл мэндийн үйлчилгээ авахад тэгш хүртээмжтэй, эмнэлэгийн ажилчид нь хүн ялгалгүй адил тэгш байгаасай гэж хүсдэг. Японд бол халамжийн бодлого хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүүгээ ялангуяа эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн олон зүйл хийдэг юм билээ. Монгол маань бага багаар ч болов өөрчлөгдөж нийгэм маань бүх хүндээ ээлтэй байгаасай гэж хүсэж байна.

Ярилцсан Б.Баянзаяа

Өнөөдөр 27 хэмийн дулаан, бороо орохгүй
Өнөөдөр 27 хэмийн дулаан, бороо орохгүй
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.