С.Ялалт: 1 хувийн зээлийн шимтгэлд банк, ББСБ, зээлийн аппликейшнүүд бүгд хамаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ялалт: 1 хувийн зээлийн шимтгэлд банк, ББСБ, зээлийн аппликейшнүүд бүгд хамаарна

“Шийлд хуулийн фирм”-ийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч С.Ялалттай ярилцлаа.

-Таны хувьд зээлийн 1 хувийн шимтгэлтэй холбоотой арилжааны банкны эсрэг маргаанд ялалт байгуулсан анхны тохиолдол болсон гэсэн. Үүнээс яриагаа эхэлье?
-2019 оноос эхэлсэн 1 хувийн шимтгэлтэй холбоотой маргаануудын эхнийх нь энэ оны дөрөвдүгээр сард шийдвэрлэгдлээ. Улсын дээд шүүхийн хариу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гарч, тухайн иргэн нийт 6 сая төгрөгийн шимтгэлийг буцаан авахаар болсон. Өнгөрсөн хугацаанд УДШ-ийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлж, хэрэг шийдвэрлэх явц удаашралтай байлаа. Бараг жил гаруйн хугацаанд хэрэг, маргаан хүлээж авах боломжгүй байсан. Тиймээс энэ хэрэг дээр бага зэрэг хугацаа алдсан гэж хэлж болно.

Мэдээллийн журмаар хэлэхэд, өмнө нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас банкуудын шимтгэл авч байгааг буруу гэж үзэн албан шаардлага хүргүүлж байсан юм. Гэхдээ захиргааны хэргийн шүүхээр явж байгаад арилжааны банкны талд шийдвэрлэгдсэн юм байна лээ. Тус байгууллагаас зээлийн шимтгэл авахыг зогсоох шаардлага тавьсан ч үүнийг нь банкууд хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаж, улмаар ШӨХТГ ялагдсан. Өнгөрсөн хугацаанд банкны эсрэг гарсан шийдвэр огт байгаагүй. Хамгийн анхных нь манай хуулийн фирмийн тохиолдол боллоо.

-Ямар үндэслэлээр ялалт байгуулсан юм бол?
-Хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, банкууд бодит зардал гаргаж буй эсэхээ нотолж чадахгүй байгаа нь хамгийн гол үндэслэл болсон. Банкууд хэрэглэгчдээс зээлийн хүү авахын зэрэгцээ шимтгэл авч, үүнийгээ зардал гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, зээл олгох үйл явцад гарч буй зардал. Гэхдээ үүнийг зээлдэгчээс авдаг бол арилжааны банкууд өөрсдөө ямар ч зардалгүй ажилладаг болох гээд байгаа юм. Иймэрхүү байдлаар хэтэрхий нэг талдаа давуу эрхтэй байж болохгүй.

Хоёрдугаарт, зээлийн хүү авч байгаа хэр нь нэмж үйлчилгээ эрхлэхэд гаргаж буй зардлыг зээлдэгчээр төлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Үүн дээр маш олон жишээ татаж болно. Тухайлбал, 100 сая төгрөгийн зээл авсан хүн нэг сая төгрөгийн шимтгэл төлж, 99 сая төгрөгийг бодитоор авч ашиглаж байна. Тэгсэн атлаа гэрээнийхээ дагуу 100 сая төгрөг эргүүлж төлөх үүрэгтэй болчхож байгаа юм. Ингээд зогсохгүй 100 сая төгрөгөөс хүү боддог.

Зээл авахад ихэнх материалыг зээлдэгч өөрөө бүрдүүлдэг шүү дээ. Харин банк барьцаа хөрөнгө харах шаардлагатай бол харж, маш бага хэмжээний зардал гаргадаг. Гэтэл банкнаас гарч буй зардлууд нь суутгаж буй шимтгэлтэйгээ тэнцэх ямар ч боломжгүй байдаг. Үүнээс гадна зээл олгох явцад гарч буй зардлыг хэн ч урьдчилж тооцох боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, банк ямар ч үндэслэлгүйгээр шимтгэлийг хавтгайруулж аваад байгаа юм. Тиймээс шүүх хурал эдгээр үндэслэлийг харгалзан үзэж банкуудын гэрээний заалтыг хүчингүй болгон, авсан шимтгэлийг нь зээлдэгчид буцааж өгөхөөр шийдвэрлэсэн.

-Тэгвэл одоо хүн бүр төлсөн зээлийн шимтгэлээ буцаан авах боломжтой гэсэн үг үү?
-Энэ асуудал дээр хоёр зүйлийг салгаж ойлгохгүй бол болохгүй. Учир нь 2021 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн банкуудын үйл ажиллагаатай холбоотой шинэ хууль мөрдөгдөж байгаа. Тиймээс дээрх хугацаанаас өмнө зээлийн шимтгэл төлсөн бол буцаан авах боломжтой.

-2021 оны долоодугаар сарын 1-нээс өмнө зээлийн шимтгэл төлсөн иргэд яаж буцааж авах вэ?
-Хамгийн анхны шүүхийн шийдвэр гарснаас хойш иргэдийн дунд “шимтгэлээ буцааж авах боломжтой юм байна” гэх асуудал идэвхтэй яригдаж эхлэхэд Ц.Батхүү зэрэг хуульч нар Монголбанк, ШӨХТГ-т шаардлага хүргүүлсэн юм билээ. Миний ойлгосноор тус шаардлагад шимтгэл авч буй үйлдлийг зөрчил гэж үзэн торгууль тавьж, үр дагаврыг арилга гэсэн юм шиг байна лээ. Хэрэв үүний эсрэг арилжааны банкууд шүүхэд хандахгүй, гомдол гаргахгүй бол энэ биелэгдэх ёстой. Биелэгдэхээр болчихвол дээрх хугацаанаас өмнө авсан шимтгэлээ буцааж өгнө гэсэн үг. Гэхдээ үүгээр шийдэгдчихнэ гэж бодохгүй байна. Уг нь эрх зүйн боломж нь байгаа. Гэхдээ шүүх яаж шийдэхийг мэдэхгүй.

Тиймээс иргэд үүнийг хүлээхгүйгээр сайн дураараа банкнаас нэхэмжлэх боломжтой. Яг миний кейс шиг гэсэн үг. Заавал иргэн гэхгүй хуулийн этгээд ч бас хамаарна. ААН-үүд иргэдээс илүү хэмжээгээр шимтгэл төлдөг. Ихэвчлэн төслийн зээлүүд гардаг учир зээлийн хэмжээ өндөр байдаг. Тэгэхээр их хэмжээний шимтгэл төлдөг гэсэн үг юм. Тиймээс бүгд шүүхэд хандах эрхтэй.

-Шимтгэл авч л байгаа бол ямар ч төрлийн зээлийн шимтгэлийг буцаан авах уу?
-Шимтгэл авч л байгаа бол бүгд боломжтой. Зөвхөн арилжааны банк гэхгүй, ББСБ-аас ч шимтгэлээ нэхэмжилж болно.

-Онлайнаар зээл өгдөг аппликейшнүүд үүнд хамаарах уу?
-Хамаарч болно. Үүн дээр анхаарах зүйл нь Банк бус санхүүгийн байгууллагын статустай эсэх. Хэрэв тийм статустай бол шимтгэлээ буцааж авах боломжтой.

-Хөөн хэлэлцэх хугацааны талаар хүмүүс нэлээд асууж байх шиг байна?
-Тийм ээ. “Одоо төлөгдөөд явж байгаа зээл болох уу”, “төлөгдөж дуусаад олон жил өнгөрчихсөн бол яах вэ” гэж их асууж байна. Үүнд хариулж хэлэхэд хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй. Ямар ч зээлийг нэхэмжилж болно. Одоо төлөгдөөд явж байгаа зээл ч гэсэн боломжтой. Харин 2021 оны долоодугаар сарын 1-нээс хойших хуулийн зохицуулалтаар зохицуулагдана гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Та ББСБ-уудын шимтгэлтэй холбоотойгоор ШӨХТГ-т албан захиа хүргүүлсэн байсан. Үүний хариу ирсэн үү?
-Шалгалт явуулж байгаа юм билээ. Зөвхөн арилжааны банканд шалгалт хийж байгаа нь буруу. ББСБ-ууд магадгүй арилжааны банкуудаас ч илүү шимтгэл авч хууль зөрчдөг байх талтай. Тиймээс эдгээр байгууллагууд хяналтын гадна үлдэх ёсгүй.

-Гадны оронд банкны шимтгэлтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулдаг уу? Яаж зохицуулдаг юм бол?
-Шимтгэл авах зохицуулалт байдаг. Яг одоо манайд хэрэгжиж байгаа хууль шиг үндэслэлтэйгээр шимтгэл авахаар зохицуулагдсан байдаг.

Хэрэв гарах зардлыг урьдчилан суутгаж авбал энэ нь шууд үндэслэлгүйгээр шимтгэл авсан хэрэг болно. Гэвч монголын арилжааны банкууд одоог хүртэл урьдчилж авсаар байгаа. Хууль батлагдсанаас хойш зээл авсан хүмүүс “шимтгэл суутгаж байна” гэж яриад л байгаа.

-Энэ тохиолдолд яах вэ?
-Тухайн хүмүүс маргаан үүсгэж болно. Гэхдээ энэ тохиолдолд банкуудын авсан шимтгэл бодитой байна уу, үгүй байна уу гэдгийг л авч хэлэлцэнэ.

-Цахим орчинд шимтгэлтэй холбоотой асуудал маргаан дагуулж, олон нийтийн анхааралд орсноос хойш таньтай хэр их хүн холбогдож, зөвлөгөө авч байна?
-Олон хүн холбогдож байна. Ихэнх хүнд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Яг над дээр гэвэл шимтгэлтэй холбоотой 6,7 маргаан үүссэн байгаа. Эдгээрийн нэг нь дуусах шатандаа орж байна. Есдүгээр сард Дээд шүүхээс хариу гарах байх. Харин бусад маргааны тухайд анхны шатны шүүхийн шийдвэр гараагүй байна.

Шимтгэлийн маргаан өөрөө үнийн дүн багатай учраас төвөгтэй байдаг. 100 мянган төгрөг дээр маргаан үүсгээд явахад тухайн хүнээс гарах зардал нь илүү болчих талтай. Харин 1 сая төгрөг буцааж авах хүмүүс маргаан үүсгээд явчихдаг.

Цаашид манай хуулийн фирмээс шимтгэлтэй холбоотой маргаануудыг 20, 20-иор нь багцлан нэхэмжлэл болгоод хэрэг үүсгэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Тохиолдол бүр өөр учраас багцлахад төвөгтэй байж магадгүй. Гэхдээ ирэх есдүгээр сар гаргаад энэ ажлыг эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Одоогоор судалгаануудаа хийж байна.

-Энэ төрлийн хэрэг шийдвэрлэгдэхэд хэдий хэр хугацаа зарцуулагддаг вэ?
-Хамгийн анхны хэрэг Дээд шүүхийн бүрэлдэхүүнтэй холбоотойгоор жил гаруй хугацаа алдсан. Одоо бол хамгийн их удлаа гэхэд 6 сараас 1 жилийн хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой. Иргэд өөрсдөө үйл явцад оролцоод байх шаардлагагүй. Бид нар тухайн хүмүүсийг төлөөлөөд явчихна.

-Өмгөөллийн үйлчилгээний үнэ хөлс ямар байх бол?
-Талууд үнэ хөлсөө тохиролцох ёстой. Хэрэв шимтгэлээ буцааж авах олон иргэн байвал хүн бүрт дарамт бага байхаар зохион байгуулбал зүгээр гэсэн бодолтой байгаа. Огт үнэ хөлс авахгүй байя гэхээр манайхаас бас тодорхой хэмжээний зардал гардаг учраас төвөгтэй. Тиймээс ядаж зардлаа нөхөх зорилгоор бага төлбөртэй байхаар төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

ХОМ: Ховд аймгийн шинэхэн Засаг дарга Э.Болормаа гэж хэн бэ
ХОМ: Ховд аймгийн шинэхэн Засаг дарга Э.Болормаа гэж хэн бэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.