/2022.08.23/: "Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо"-ны Удирдах зөвлөлийн төлөөлөл Д.Бямбабаатарын илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
1. Боловсрол бол үйлчилгээ. Үйлчилгээ юм бол сонголт байх ёстой. Хүнд маш олон төрлийн ур чадварыг сурах хязгааргүй хэрэгцээ байгаа. Бид энэ хэрэгцээг хангаж боловсролын үйлчилгээний олон сонголтыг бий болгож байгаа.
2. Боловсролын салбарт сургалт арга зүйн зохих стандартыг хангасан сургуулиуд, ирээдүйн нийгмийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд нийцсэн олон төрлийн онцлог сургалт явуулах зүй ёсны шаардлага байна.
3. Боловсролын салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг бий болгож салбарын хөгжлийг ахиулдаг. Боловсролын зах зээл дээр хувийн хэвшил төртэй, хувийн хэвшил өөр хоорондоо боловсролын сонголтын төлөө шудрагаар өрсөлдөнө гэдэг бол дунд ба урт хугацаандаа хөгжил дэвшлийг авч ирнэ.
4. Шинийг бүтээх хатуу ширүүн өрсөлдөөнд орж байж хувийн хэвшил ялгарч гардаг.
5. Боловсролын салбарт нэг ижил стандартын сургууль байх нь салбарын хөгжилд чөдөр тушаа болно. Харин өрсөлдөөнд ялгаран гарсан сайн сургуулиудынхаа арга туршлагыг хуваалцаж хамтдаа ахин дэвших нь чухал.
6. Одоогийн хүүхдүүдийн боловсролын эрэлт хэрэгцээ үнэхээр өөр болсон. Хүүхэд багачууд юуг, яаж сурахаа биднээр заалгахгүй хэмжээнд хүрчихээд байна.
7. Улсын сургууль бол татвар хэлбэрээр боловсролд хөрөнгө оруулдаг бол хувийн сургууль эцэг эхчүүд төлбөр төлснөөрөө өөрийн үр хүүхэд төдийгүй монголын боловсролын салбарт хөрөнгө оруулж байна гэж ойлгох нь зүйтэй.
8. Засгийн газар төлөвлөлт муутайгаас үүдсэн төрийн өмчийн сургуулийн ачааллаас хөнгөлдөг.
9. Төрийн сургуулийн ачаалал буурч, зохистой хэмжээнд хүрсэн ч хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд очихгүй, чанарт нөлөөлөхгүй. Өөр боловсролын сонголт, эрэлт хэрэгцээ хэзээ ч буурахгүй гэдгийг баталгаатай хэлье.
10. Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж байдаг. Яагаад багш хүн хувийн сургууль байгуулж, эрдэм мэдлэгээ төлбөртэй түгээж, өнгөтэй өөдтэй амьдарч болдоггүй юм бэ?
11. Дэлхийн шилдэг боловсролоос монгол хүүхэд суралцахад бэлтгэж байгаа.
12. Монгол хүүхдийн боловсролын цагаачлал, эдийн засаг дахь валютын гадагш чиглэсэн урсгалыг эх орондоо тогтоож байдаг.
Илтгэлийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарна уу.