Антарктидын цас цаашдаа НОГООН ӨНГӨТЭЙ болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Антарктидын цас цаашдаа НОГООН ӨНГӨТЭЙ болно

Гурван жилийн турш хийсэн судалгаагаар Антарктидын ногоон цас буюу замаг хуурай газрын ихэнхийг ногоон өнгөтэй болгож буйг ажигласан байна.

Тэд энэхүү замаг нь Антарктидын байгалийн экосистемийн нэг хэсэг болохыг олж тогтоосон бөгөөд цаг уурын өөрчлөлтөөс үүдэн замаг тархан ургах хувь хэмжээ өөрчлөгдөхөд хүргэж байгааг илрүүлжээ. Бид Антарктидын талаар бодоход бидний ой тойнд хамгийн түрүүнд оцон шувуунууд болон бүхэлдээ цасаар хучигдсан тал газар л санаанд буудаг.

Гэхдээ үнэндээ цас цаашид цагаанаараа байх аргагүй болсон. Учир нь замгийн тархалт дэндүү нэмэгджээ.

Эрдэмтэд Антарктидын хойгийн эрэг дагуух цасыг бүрхээд буй замгийн анхны том хэмжээний зураглалыг бүтээжээ. Дэлхийн цаг уур дулаарахын хэрээр энэхүү “ногоон цас” улам тархаж, хүрээгээ тэлэх магадлалтайг уг зураг харуулж байв. Кембрижийн Их Сургууль болон Британийн Антарктид судалгааны багийн хамтарсан судлаачдын баг хоёр зуны турш газар дээрх ажиглалт болон хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэж, цасан дээрх ногоон замгийг илрүүлэн хэмжилт хийж хэлсэн байна.

Хэдийгээр замаг тус бүр микроскопын хэмжээтэй байсан ч олноор тархсан нь сансраас харахад цасыг тод ногоон өнгөтэй болгон харагдуулж байжээ. Судалгааны материалыг Nature Communication сэтгүүлд нийтэлсэн байна. Уг судалгааг ахалсан Кембрижийн Их Сургуулийн Ургамал судлалын тэнхимийн доктор Мэтт Дэйви хэлэхдээ

“Энэхүү судалгаа нь Антарктидын хуурай газрын амьдралын талаарх бидний ойлголт болон ирэх жилүүдэд цаг уурын дулаарал үүнд хэрхэн нөлөөлж өөрчлөгдөх зэрэг асуудалд томоохон ахиц дэвшил болох юм. Цасан замаг нь Антарктидын нүүрстөрөгчийн давхар ислийг өөртөө шингээдэг гол бүрэлдэхүүн хэсэг юм”.

Ногоон замгийн тархалт нь Антарктидын эрэг, ялангуяа Антарктидын хойгийн баруун эрэг дагуух арлуудаас түгээмэл олдсон байна. Өөрөөр хэлбэл замаг дулаан бүсэд 0+ хэмээс дээш хэмд буюу өмнө зүгийн зуны улиралд илүү таатай ургадаг байна. Антарктидын хойг өнгөрсөн зууны сүүлчээр хамгийн дулаан бүсээр тэмдэглэгдэж байжээ.

Багийнхны олж мэдсэнээр ногоон цасан замаг нь далайн амьтад болон шувуудын ялгадсыг бордоо болгон ашиглах замаар хурдтай тархан ургаж байгааг судалгааны явцад олж тогтоосон байна. Учир нь замгийн тархалтын 60 гаруй хувь нь оцон шувууны нутагладаг бүсээс ердөө таван километр зайд байсныг олж илрүүлсэн аж.

Мөн эрэг дагуух далайн хав гарч ирдэг хэсэг болон бусад шувуудын үүрлэсэн байршилд замаг тархан ургасан нь тодорхой байв. Судалгааны багийнхан Европын сансар судлалын агентлагийнхантай хамтран 2017-2019 оны хооронд Sentinel 2 хиймэл дагуулаас авсан зургуудыг Антарктидын Райдэр Бэй, Адэлейд арал болон Филдийн хойг, Кинг Жоржийн арлуудад хийсэн хэмжилтүүдтэй харьцуулсан байна. Дэйви хэлэхдээ

“Бид цасны гадарга дээр тус тусдаа тархан ургаж буй 1679 орчим ногоон замаг илрүүлсэн бөгөөд энэ нь 1.9 км шоо дөрвөлжин талбайг эзэлж, жилд 479 тонн нүүрстөрөгчийг өөртөө шингээж байна” гэжээ.

Энэ нь Их Британид нэг жилийн турш дунджаар 875 мянган ширхэг бензин машинаас ялгарах хэмжээний нүүрстөрөгчтэй ижил аж. Мөн эрдэмтдийн хэлснээр Антарктидад шингээгдэж буй нүүрстөрөгчийн хэмжээ нь үүнээс хамаагүй их бөгөөд энэхүү судалгаагаар судлагдах боломжгүй улаан болон улбар шар замаг мөн нүүрстөрөгч өөртөө шингээдэг ба их хэмжээгээр тархсан байдаг байна. Энэхүү судалгаа нь хаг болон хөвдөөс гадна микроскопик замаг нь экосистэм болон нүүрстөрөгчийн эргэлтэд чухал нөлөө гүйцэтгэдэг болохыг тогтоожээ.

Судлаачид болон эрдэмтдийн санаа зовж буй зүйл нь замаг элбэгшиж тархах нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө үзүүлж байна.

Үүнийг тайлбарлавал, Антарктидын цагаан цас нь нарны илчийг ойлгодог байсан бол замаг ихсэх нь өөр дээрээ дулаан хуримтлуулж ойр хавийн цасыг хайлуулна. Ингэж цас хайлснаар замаг улам бүр тэлсээр байх бөгөөд яваандаа дундаж дулаанд өөрчлөлт үзүүлж энэ замаг хурдацтай тархах байдлыг улам бүр нэмнэ. Энэ циклийг зогсоохгүй бол нэг мэдэхэд бидний өмнөд туйл ногоон цасаар дүүрсэн байх вий.

Эх сурвалж: Nature communicartions болон Cambridge university

З.Мэндсайхан: Энэ жил улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
З.Мэндсайхан: Энэ жил улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.