/2021.08.18/ ЧД-ийн 12 дугаар хороонд байрлах Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан.1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм.
Тус газарт УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгаж байсан юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2014 оны тогтоолоор дээрх ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч огт хэрэгжээгүй өнөөг хүрсэн байна.
Тэгвэл уг оршуулгын газарт бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулахаар болжээ.
Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.
Төсөлд нийт 10 га газрыг хамрах бөгөөд үүнд, дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв зэрэг багтах юм.
Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог.
Эх сурвалж: Улаанбаатар.мн