/2021.08.17/ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд UB ENGINEERING системийг санаачлан хөгжүүлж байгаа юм.
Тус систем нэвтэрснээр иргэдийн илгээсэн санал хүсэлтийг нийслэлийн 1800 орчим төрийн болон хувийн байгууллага шууд хүлээн авч, хариуцсан холбогдох албаныхан нь цаг алдалгүй шийдвэрлэх, эргэн тайлагнах боломж үүсэх юм.
Түүнчлэн тус системээр дамжуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бусад есөн чиглэлийн 507 байгууллага, 1245 СӨХ-ны 16 мянган инженер, техникийн ажилтан, алба хаагчдыг хамруулан, нэгдсэн удирдлагаар хангах юм.
Ингэснээр хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгох давуу талтай юм.
Энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор эхний ээлжид нийслэлийн засаг захиргааны 35 байгууллагын 130 орчим инженер, техникийн алба хаагчдад системийн танилцуулга сургалт явуулж байгаа аж.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “UB ENGINEERING цогц системийн тусламжтайгаар төрийн байгууллагууд хоорондоо нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар иргэд болоод аж ахуй нэгжид аливаа хүнд суртал үүсгэхгүй, мэдээллийг хурдан шуурхай, хүртээмжтэй, ил тод солилцох боломжийг үүсгэх юм. Гол нь цахимаар асуудлаа хэлэлцдэг, ил тод шийдвэрлэдэг байх нь чухал” хэмээн онцоллоо.
UB ENGINEERING цогц системийг энэ онд нийслэлийн дотоод хэрэгцээнд туршилтын журмаар хэрэглэх аж. Харин 2022 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: Улаанбаатар.мн