
“Үндэсний эв нэгдлийг бусниулах” үйлдлийг гэмт хэрэгт тооцож ирсэн зохицуулалт Монголын эрүүгийн хуульд 1986 оноос улбаатай, харин өнөөдрийн 19.9 дүгээр зүйлийн хэлбэр нь 2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуульд орж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлжээ.
1986 онд уг хууль үндэс, угсаа, хэл, арьсны өнгөөр хязгаарлагддаг байсан бол өнөөдөр Үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодол мөн салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан ялгаварлах, хүчирхийлэх, эрх хязгаарлах, давуу байдал тогтоох үйлдлийг зохион байгуулах, зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж хүрээгээ тэлжээ. Өөрөөр хэлбэл 2015 онд шинэчлэгдсэн эрүүгийн хуулиар зүйл ангийн хүрээ өргөжсөн бөгөөд “Үзэл бодол”, “салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан”, “зохион байгуулсан” гэх хэллэгүүдийг оруулсан байдаг. Ийн уг хууль 2017 оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Ингээд өдгөөг хүртэл хэд хэдэн олонд танигдсан хүмүүс, улстөрчид, нийгэмд дуу хоолойгоо ил тод хүргэсэн хүмүүс тус зүйл ангиар хоолойгоо боомлуулжээ.
Энэ зүйл анги нь нэг талаас үндэс угсаа, шашин, хэлээр ялгаварлан гадуурхалт, дайсагнагчдыг таслан зогсоох зорилготой. Нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийг үгүйсгэсэн гэсэн үг. Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрхийг хамгаалдаг. Гэтэл уг хуульд “үзэл бодлоор дайсагнуулах” гэсэн нь ард түмний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боож, үндсэн хуулиа үгүйсгэсэн хэлбэр юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 зүйл “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг. Харин өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль хөсөр хаягдаж хэд хэдэн иргэн үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронгийн хаалга татах дээрээ тулж байгаа. Баримт хэлнэ. Уг хуулийн заалтаар 1 жилийн хорих ял уншуулсан иргэн бий. Шүүхийн цахим санд нийтлэгдсэнээр тухайн иргэнийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг хохирол, хор уршиг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг” гэж тодорхойлж байсан нь бичигдэж байж. Тэрбээр, Фэйсбүүк группт улсын хилтэй холбоотой нийтлэлдээ Ерөнхийлөгчийн нэрийг хамаатуулсан байснаараа Тагнуулын Ерөнхий газрын анхаарлыг татаж нэг жилийн хорих ялыг биеэр эдэлжээ.
Мөн 2017 оноос хойш Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлээр хэд хэдэн хэрэг бүртгэгдэж, нэр бүхий хүмүүс мөрдөн шалгагдсан. Харин олон нийтэд нээлттэй шүүхийн шийдвэрээр 19.9.1-ээр хорих ял оногдуулсан нь 2024 оны Т.Б гэх иргэн. Харин 2025 он болон 2026 онд О.Уламсайхан, Б.Баатар, С.Молор-Эрдэнэ нар уг зүйл ангиар яллагдагчаар татагдсан. Тодруулбал, С.Молор-Эрдэнэ нэвтрүүлэгт орж, өөрийн үзэл бодлоо илэрхийлснээр 30 хоног цагдан хоригдсон, “Херо” тодотголтой Б.Баатар мөн л тус зүйл ангиар шалгагдаж 30 хоног цагдан хоригдож байгаа. Ингэхээр “Үндэсний эв нэгдэл бусниулах” эрүүгийн хууль нь чанга дугарагчдийн амыг таглах эсвэл эсрэг үзэл бодолтой хэнийг ч сүрдүүлэх “зэвсэг” юм биш биз. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө энэ заалт хэрэгжиж байх цаг дор үйлчлэхгүй. Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх нь “айдас”-т автуулсаар. 19.9 дүгээр зүйл анги өөрөө үндэсний эв нэгдлийг хамгаалах ёстой мэт. Гэтэл энэ заалт нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хэний ч эрхийг хаана гэж албан байдлаар бичигдсэн.
Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлснээр 20 жил хүртэлх ял сонсож шоронгийн цаана орох юм бол хэн ч амаа таглана. Энэ нь хэд хэдэн жишээн дээр харагдаж байгаа. Ингэж нээлттэй тус заалтыг дахин дахин дуулгах нь цаанаа сүрдүүлэг мэт харагдаж буй. Үзэл бодлоо илэрхийлж, үг хэлснээрээ шоронд “жан” идэх тавилан хэвлэл мэдээлэл, инфлүүсэр, олонд танигдсан эрхмүүд, улстөрчдийг хүлээж байна. Магадгүй та ч байж болно. Тиймээс энэ хуулийн заалтыг эргэн харах ёстой. Энэ заалт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шууд огтлолцдог учраас ингэж тодорхой бус байдлаар хэрэглэвэл хүний эрхийн асуудал үүсэх эрсдэлтэй. Үндсэн хуульд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шууд хамгаалсан гэдгийг дахин сануулъя. Иймдээ ч НҮБ-ын (CERD) буюу Арьс үндсээр ялгаварлан гадуурхахыг устгах хороо “Үндэстний цөөнх өөрсдийн эрхийг шаардах, удирдагч, бодлого, үйлдлийг шүүмжлэхийг 19.9-өөр шийтгэхгүй байх” талаар Монгол Улсад тодорхой зөвлөсөн байдаг байна.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.