30 настай монгол хүн та БАЙРТАЙ ЮУ?
 

30 настай монгол хүн та БАЙРТАЙ ЮУ?

30 настай монгол хүн та байртай юу?

Монголчуудын амьдралын дөрвөн үе шат:

-Динамик

-Романтик

-Ипотек

-Аптек. Та хаана явна?

Энэхүү пост өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд багагүй маргаан өрнүүлэв. Зарим нь үүнийг уншаад инээж байхад зарим нь ипотекийн зээл авч амжилгүй аптек шатанд шилжиж буйдаа битүүхэн харамсана.

30 нас хүрлээ. Тогтмол ажилтай. Цалин сар бүр ордог. Гэхдээ өөрийн гэсэн байргүй. Түрээс төлсөөр, байрны урьдчилгаа цуглуулсаар, ипотекийн зээл хүлээсээр хэдэн жилийг өнгөрөөж байна. Тэгвэл 30 насандаа байртай болж чадаагүй нь хувь хүний санхүүгийн сахилга бат муугийнх уу, эсвэл байрны үнэ цалингаас хэт хурдан өссөнийх үү?

Энэ асуултад 2026 оны тоо баримтууд тодорхой хариулт өгч байна.

Манай улсад 60 м² байрыг ойролцоогоор 286 сая төгрөгөөр худалдан авна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 4.77 сая төгрөг болсон гэх. Харин дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа бөгөөд дундаж цалинтай ганц бие иргэн 114 сарын цалингаасаа нэг ч төгрөг зарцуулаагүй үед л дээрх байрыг авах боломжтой. Энэ нь дунджаар 10 жил орчим идэхгүй, уухгүй, өмсөхгүй, өвдөхгүй, татвар төлөхгүй амьдарна гэсэн үг.

Гэтэл бодит амьдрал тийм биш. Татвар, түрээс, хоол хүнс, унаа, хувцас, цахилгаан, холбоо, эрүүл мэнд, гэр бүл, хүүхэд гээд амьдралын зардал тоолж барамгүй их.

286 сая төгрөгийн байр авахад 30 хувийн урьдчилгаа болох 85.8 сая төгрөг шаардлагатай. Харин ипотекийн зээлийн дээд хэмжээ 150 сая төгрөг учраас үлдэх 50.2 сая төгрөгийг мөн өөрийн хөрөнгөөр гаргана. Ингэснээр нийт 136 сая төгрөгийн өөрийн хөрөнгө шаардлагатай болно. Мөн зээлдэгчийн өр, орлогын харьцааг тусад нь шалгана. Сард 500 мянган төгрөг хадгалж чадлаа гэж бодоход энэ мөнгийг цуглуулахад 22 гаруй жил шаардлагатай. Гэхдээ энэ хугацаанд байрны үнэ зогсохгүй өссөөр л...

Хамгийн эхний асуултыг дахин асууя. 30 настай монгол хүн та байртай юу? Ингээд бодохоор 30 настай хүний хувьд байртай болох нь санхүүгийн сахилга батын асуудлаас давж, эдийн засгийн бүтцийн асуудал болоод байна гэхэд хилсдэхгүй.

Төрөөс “орлогод нийцсэн орон сууц”, “түрээслээд өмчлөх” орон сууц зэрэг төслүүдийг хэрэгжүүлж буй. Гэсэн ч "гоё" нэртэй эдгээр төслүүд нь мөн л иргэдийнхээ ачааг хөнгөлөх бус “хямд”, “үнэтэй”, “хол” байршлын орон сууцаа хувийн компанитай нийлж нэгдсэн журмаар “шахах” бодлого мэт харагдана.

Тиймээс 30 насандаа байргүй байх нь бүтэлгүйтэл биш. Харин байртай болох боломж хэр хүртээлтэй байгаа нь Монголын нийгмийн бодит асуулт болоод байна.

Ж.Сондор

АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж эхэлжээ
АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж эхэлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.