Э.Анар: Монгол Улс “Apple Pay”үйлчилгээг нэвтрүүлсэн Азийн 12 дахь орон боллоо
 

Э.Анар: Монгол Улс “Apple Pay”үйлчилгээг нэвтрүүлсэн Азийн 12 дахь орон боллоо

/2025.01.06/ Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар-тай “Apple Pay” үйлчилгээний талаар ярилцлаа.
-Монгол Улсад “Apple Pay” үйлчилгээ нэвтэрлээ. Энэ үйлчилгээний талаар
товч мэдээлэл өгнө үү?
-“Apple Pay” үйлчилгээ нь 2018 онд үйлчилгээнд нэвтэрснээс хойш Африк, Ази,
Европ, Латин Америк, Ойрх Дорнод, Хойд Америкийн бүсийн 90 гаруй оронд 800 сая
гаруй хэрэглэгчтэй болж, дэлхий даяар хүрээгээ тэлсээр байгаа сүүлийн үеийн хамгийн
дэвшилтэт төлбөрийн хэрэгсэл юм. Энэ үйлчилгээ нь IOS үйлдлийн систем бүхий Apple
компаний ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хурууны хээ,
царай таних технологиор хормын дотор гүйлгээ хийхээс гадна Apple Music, Apple
News+, Apple TV+ зэрэг үйлчилгээний эрх авах, App Store-оос тоглоом, аппликэйшн
татах, ICloud-ийн багтаамжаа нэмэгдүүлэх зэрэг Apple-тай холбоотой бүх төлбөр
тооцоог хийх боломжтой.
-Монголбанк нь улсын Төв банкны хувьд ямар үүрэгтэй энэ үйл ажиллагаанд
оролцсон бэ?
-Монголбанк нь Монгол Улсын төлбөрийн системийг бүхэлд нь удирдан зохион
байгуулж, төлбөр тооцооны олон талт шийдлийг нэвтрүүлэхэд шаардлагатай
төлбөрийн системийн дэд бүтэц, техник технологийн бэлэн байдлыг хангаж, улмаар
тухайн дэд бүтцэд тулгуурлан иргэдийн төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай
гүйцэтгэхэд чиглэсэн арилжааны банкууд болон финтек байгууллагуудын хэрэгжүүлж
буй аливаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжин, хамтран ажиллаж байна.
Монголбанкнаас 2010 оноос үндэсний брэнд ₮ картыг бий болгох санаачилгыг
гаргаж, 2012 онд банкуудтай хамтран хэрэгжүүлсэн. Монголбанк болон Мастеркарт
байгууллага "M/Чип технологийн лицензийн гэрээ"-г 2019 онд байгуулснаас хойш 2
жилийн хугацаанд хамтран ажилласнаар үндэсний брэнд “₮” картыг нууцлал, аюулгүй
байдлыг өндөр түвшинд хангасан EMV чип болон NFC зайнаас унших технологид
шилжүүлсэн. Ингэснээр чиптэй “₮” картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын
мэдээллийг токенжуулах (tokenization) зэрэг олон үйлчилгээний суурь тавигдсан. Мөн,
карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх
мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж
төлбөр тооцоогоо хийх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл үе шаттай хэрэгжүүлсэн
эдгээр алхамууд нь “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэх үндсэн дэд бүтцийг бий болгож
улмаар дэлхийд тэргүүлэгч төлбөр тооцооны хэрэгсэл манай улсад нэвтрэх боломжийг
бүрдүүлсэн гэж хэлж болно.
Мастеркарт байгууллагаас гадна энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд манай финтек
байгууллагуудын төлөөлөл болох “Бонум” ХХК-ийн оролцоог дурдах нь зүйтэй. “Бонум”
ХХК нь карт гаргах, карт төлбөрт хүлээн авах лиценз авсан анхны финтек компани
бөгөөд Мастеркартын үндсэн гишүүн, сервис провайдер юм. Энэ компанийн
оролцоотойгоор “Apple Pay” үйлчилгээ Монголын зах зээлд нэвтэрсэн ба банкуудыг
холбосон дундын төлөөлөгчийн үүргийг амжилттай гүйцэтгэж байна.
-“Apple Pay” үйлчилгээ Монгол улсын төлбөр тооцооны системд нэвтэрснээр
иргэдэд яамар давуу тал үүсч байгаа вэ?

-Монгол Улс энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн Азийн 12 дахь орон боллоо. “Apple Pay”
үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд Монгол Улсын нийт 70 гаруй
мянган иргэн төлбөр тооцоондоо ашиглаж эхэлсэн байна. Манай улсын иргэдэд энэхүү
үйлчилгээний авчирч буй хамгийн гол давуу тал нь үндэсний төлбөрийн “₮” картыг
ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх боломж бүрдэж, манай улсын иргэд олон
улсын төлбөр тооцооны шинэ гарцтай болсонд оршиж байна. Цаашилбал, Монгол
Улсын үндэсний брэнд карт нь биеэ даасан дэд бүтэцтэй бөгөөд олон улсад ашиглах
боломжтой болж байгаа нь геополитикийн аливаа эрсдлийг бууруулж, үндэсний
аюулгүй байдалд давуу талыг бий болгож байгаа. Мөн түүнчлэн Монгол Улсад
ашиглагдаж байгаа 150 гаруй мянган ПОС төхөөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан
төлбөр тооцоог хялбар, түргэн шуурхай хийх боломжтой болж байна.
-Цаашид Монголбанкнаас төлбөр тооцооны системийн хөгжлийн талаар ямар
бодлого баримталж, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Үндэсний брэнд “₮” картын хэрэглээг өргөжүүлэх, хилийн чанадад бусад
төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох бодлого баримтлан ажиллаж
байна. Энэ ажлын хүрээнд Монголбанк болон Хонконг улсын EFT Solutions компани
хооронд байгуулсан Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2025 онд Хонконг
улсад “₮” картаар худалдаа, үйлчилгээний төлбөр төлөх, төлбөр тооцоо гүйцэтгэх
нөхцөл бий болж байна. “Бонум” ХХК нь Мастеркарт олон улсын байгууллагын Монгол
дахь сервис провайдер болсонтой холбоотой Мастеркарт байгууллагаас шинээр
гаргаж байгаа дижитал шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжтой болж
байна. Жишээлбэл, Mastercard Local , Pay Link , олон улсын мөнгөн гуйвуулга зэрэг
үйлчигээг нэвтрүүлэх боломж бүрдээд байна.
“Apple Pay” үйлчилгээ нэвтэрснээр ухаалаг гар утасны зах зээлийн бас нэг
томоохон оролцогч Samsung компани Samsung Pay, мөн Google компани Google Pay
зэрэг үйлчилгээг монголын зах зээлд нэвтрүүлэх сонирхолоо илэрхийлж байна. Энэ
мэт төлбөр тооцооны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхэд банк, санхүүгийн
байгууллагуудаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Монголбанкны зүгээс улам
дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байна.

Нийт нутгийн 40 хувь зудын эрсдэлтэй байна
Нийт нутгийн 40 хувь зудын эрсдэлтэй байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.