В.Путиныг Монголд айлчлах үеэр нь МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧИД БАРИВЧЛАХ уу?
 

В.Путиныг Монголд айлчлах үеэр нь МОНГОЛЫН ЭРХ БАРИГЧИД БАРИВЧЛАХ уу?

/2024.8.31/ Дэлхийн олон томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд есдүгээр сарын 3-ны өдрөөс Монгол Улсад эхлэх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар мэдээлж байна. Гэхдээ эдгээр мэдээллийн гол агуулга нь “Айлчлалынх нь үеэр В.Путиныг Монголын эрх баригчид баривчлах уу” гэжээ.

Яагаад тэд ийнхүү бичих болсон талаар эхлээд дурьдъя.

International Criminal Court (ICC) буюу Олон улсын Эрүүгийн шүүхээс 2023 оны гуравдугаар сард В.Путиныг дайны гэмт хэрэгтэн хэмээн үзэж, Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орнуудад түүнийг өөрийн газар нутагтаа баривчлах үүргийг хүлээлгэсэн юм. Дайны гэмт хэрэгтэн гэдэг нь 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины газар нутаг руу дайран орсонтой нь холбоотой бөгөөд түүнээс үүдэн Украины олон мянган хүүхэд орох оронгүй болж, эцэг эх нь амь насаа алдаж, мөн олон тооны хүүхэд үрэгдсэнийг үл тэвчиж “Бид хүүхдийг дайны золиос болохыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэнийх билээ.

Харин Монгол Улс тус Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орон. В.Путин Украинд өдүүлсэн дайнаас хойш анх удаа ICC гишүүн оронд айлчилж буй нь энэ удаа Монгол Улс болох нь.

Зургийн тайлбар: Ногоон өнгөтэй нь гишүүн орнууд

Тиймээс Украины Гадаад хэргийн яамнаас:

“Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар тус улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлахаар болоод байна. Монгол Улсын Засгийн газар нь В.Путин бол дайны гэмт хэрэгтэн гэдгийг мэдэж байгаа гэж Украин улс найдаж байна. ОХУ-ын удирдлагууд, цэргийн эрхтнүүд нь Украины олон мянган хүүхдүүдийн өмнө буруутан бөгөөд Украины ард түмнийг хоморголон устгасан, хүн амины хэрэг, хүчингийн хэрэг, дээрэм тонуул зэрэг олон гэмт хэргийн буруутнууд юм. Тиймээс Монгол Улсыг энэхүү дайны гэмт хэрэгтнийг Олон улсын Эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу баривчлан, Гаагийн шүүхэд шилжүүлэхийг уриалж байна” хэмээжээ.

Мөн Олон улсын Эрүүгийн шүүхийн төлөөлөгч Фади эл-Абдалла ВВС-д өгсөн ярилцлагадаа “Монгол Улс бусад гишүүн улсуудын адилаар гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэдгийг сануулаад “Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзвал энэ талаар зохих арга хэмжээг ассамблейгаас авах болно” гэсэн юм.

Харин ОХУ-ын тал айлчлалын үеэр В.Путиныг монголчууд баривчилна гэж огт санаа зовохгүй байгаагаа илэрхийлээд “Бүхнийг бэлтгэсэн. Бид найрамдалт хамтын ажиллагаатай” хэмээн мэдэгджээ.

Сонирхуулахад, В.Путин өнгөрөгч оны долоодугаар сард Бриксийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт болоход оролцохоор байсан ч Өмнө Африкийн Ерөнхийлөгч:

“Манай улсад В.Путин нь хөл тавих үед бид олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу түүнийг баривчлах болно” хэмээн илэрхийлсэн тул айлчлалаа цуцалж байв.

ӨМНӨД АФРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИНЫГ БАРИВЧИЛНА ХЭМЭЭН БУЦААВ.
ТЭГВЭЛ МОНГОЛЧУУД ЯАХ БОЛ?

Гуравдугаар Дулааны цахилгааны станцын төсөл:

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал болох нь албан ёсоор зарлагдсан. Дотоод болон гадаадын сэтгүүлчид сурвалжлах бүртгэлд бүртгүүлснийг харвал айлчлал болох нь тодорхой байна.

Айлчлалыг угтаж гэж хэлж болохоор нэгэн шийдвэрийг өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэж, батлав. Энэ бол Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Дулааны 3-р цахилгаан станцын (ДЦС-3) өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай хэлэлцээрийн төсөл” байв.

Энэ шийдвэрийг Төсвийн байнгын хороо “яаралтай” хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учралын даалгаснаар өчигдөр хэлэлцэн, 62,5 хувийн дэмжлэгээр баталсан нь энэ. Мэдээж яаралтай хэмээн онцолж, хэлэлцсэнээс харвал “В.Путинийг ирэхээс урьтаж” хэмээснээс өөрцгүй хэмээн дүгнэж болохоор. Үүнийг УИХ-ын гишүүн Ө.Шижир “Яаралтай горимоор гээд хуралдаан болохоос ганцхан цагийн өмнө цаас оруулж ирээд, шууд хэлэлцүүлээд байх юм” хэмээн шүүмжилсэн. Тэрбээр:

-Үүнийг гэрээ биш тулган шаардах бичиг гэж хэлж болохоор байна. Монгол Улсын худалдан авах ажиллагааны хуулийг хэрэгжүүлэхгүй (Монгол Улсын тендэрт ОХУ-ын компани оролцохоос татгалзсан), бүх бичиг баримт монгол, англи, орос хэл дээр байх ч орос хэлийг давууд тооцно, ОХУ-ын стандартыг хэрэгжүүлнэ гэж заасан байна хэмээв. Түүний хэлснийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бүрэн хүлээн зөвшөөрсөн юм.

Энэ төсөл нь 2022 оны арваннэгдүгээр сард болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ Украины газар нутаг руу дайран орсноос есөн сарын дараа болсон үйл явдал юм.

Энэхүү төслийн төсөв нь ихээхэн сонирхол татна. Төслийг ОХУ-ын тал өөрийн “Интер Рао Экспорт” компаниар ТЭЗҮ хийлгэсэн бөгөөд түүн дээр үндэслэн нийт 1,4 сая еврогоор “ДЦС-3”-ыг өргөтгөх боломжтой гэж үзээд, үүний 15 хувь буюу 199 сая еврог монголчууд гаргах, үлдсэнийг нь оросууд гаргахаар тооцоолжээ.

Харин монголчууд буюу “ДЦС-3” ТӨХК-аас судалж үзсэнээр 915 сая америк доллараар (евро биш) хийж, төслийг 1-2 жилээр богиносгох боломжтой хэмээх дүгнэлтийг гаргасан юм.

Гэвч эцэст нь Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналаар ОХУ-ын “Интер Рао Экспорт” компанийг гүйцэтгэгчээр томилох болов.

Дээрх асуудал нь яг одоо твиттер орчин дах монголчуудын хувьд хамгийн их хэлэлцэж буй сэдэв болж байна.

Эгийн голын Усан цахилгаан станцын төсөл:

Олон жил яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад орж чадахгүй байгаа эрчим хүчний гол төслийн нэг нь Эгийн голын Усан цахилгаан станц. Энэ талаарх хэлэлцүүлэг УИХ-ын чуулганд болоход “ОХУ-аас асуух ёстой юм биш үү” гэх санаа зарим гишүүнээс цухалзсан юм. Энэ төсөл урагшлахгүй байгаа гол шалтгаан нь ОХУ-аас Байгаль нуурын экологит сөрөг нөлөөлөл бий болно гэх эсэргүүцэл.

Өнгөрөгч баасан гарагт (2024.5.30) Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хоёр гол асуудлыг хэлэлцэн баталсан байна. Үүний нэг нь төсвийн тодотгол бол нөгөөх нь В.Путиныг айлчлах үеэр гарын үсэг зурах “Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулсан юм. Засгийн газрын мэдээлэлд энэ санамж бичгийг хавсаргаагүй бөгөөд “Санамж бичгийн төслийн дөрөвдэх хэсэгт “Эгийн гол УЦС” төслийг онцгой анхаарна гэж тусгажээ” гэх ганцхан өгүүлбэрийг оруулсан байна. Тэгэхээр энд хэрхэн тусгасныг мэдэх боломжгүй байна.

Монгол, Орос улсууд 2019 онд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ байгуулсан. Тус гэрээний нэгдүгээр зүйлд “олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн үүргээ ëcoop нь биелүүлэх” хэмээн заасан байдаг. Энэ бол хоёр улсын Засгийн газар хооронд үйлчилж буй 150 орчим гэрээ хэлэлцээрийн нэг нь. Дээрх гэрээнд мөн “Талууд бие биеийн эсрэг чиглэсэн цэрэг-улс төрийн аливаа эвсэлд оролцохгүй бөгөөд нөгөө Талын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын эрх ашигт харшилсан ямарваа нэгэн гэрээг гуравдагч улстай байгуулахгүй болон нөгөө Талын эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд оролцох, эсхүл ийм төрлийн үйлдлийг дэмжихээс түдгэлзэнэ” хэмээн заасан байдаг.

УИХ, Засгийн газраар “яаралтай”, “ээлжит бус”-аар хэлэлцсэн асуудлуудаас харвал В.Путиныг ирэх үед нь манай улсын эрх баригчид олон улсын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх магадлал өндөр байна. Энэ нь нэг талаас “мөнхийн хөрш”-ийн асуудалтай, нөгөө талаас өнөөх мөнхийн хөршөөсөө эрчим хүч, шатахуун зэрэг стратегийн гол бүтээгдэхүүнүүд нь шууд хамааралтай байдагтай холбоотой байж болох юм.

Өнгөрөгч оны аравдугаар сард Монгол, Франц улсын Ерөнхийлөгч нар 1,6 тэрбум еврогийн ураны төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан ч өнөөдрийг хүртэл мэдээлэл хаалттай байна. Мөн гэрээнд гарын үсэг зурсны дараа буюу өнгөрөгч оны 10, 11 дүгээр сард Монгол Улсад шатахууны хомсдол бий болж, 12 дугаар сард ОХУ руу албаныхан явж хэлэлцээр хийхэд хүрч байв.

Гэх мэтээр жилд дөрвөн улиралтай, хатуу өвлийг даван туулдаг монголчуудын хувьд шатахуун, эрчим хүч нь нэг улсаас шууд хараат байгаа нь ийнхүү олон талын эрсдэлт нөхцөлд Монгол Улсыг хүргэж байна.

Өнөөдөр ХААГДАХ замууд
Өнөөдөр ХААГДАХ замууд
 
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.