198 сая долларын санхүүжилттэй “Өнө мөнхийн Монгол” төсөл хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

198 сая долларын санхүүжилттэй “Өнө мөнхийн Монгол” төсөл хэрэгжинэ

/2024.04.23/: Өчигдөр Монгол Улсын Засгийн газар, Монголын байгалийн өв сан, The Nature Conservancy in Mongolia байгууллага хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо албан ёсоор зарлалаа.

Уг хөтөлбөр нь дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжинд орших Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалахад чиглэгдэнэ.

Одоогийн байдлаар 71 сая ам.долларыг нь олон улсын хандивлагчдаас бүрдүүлж, “Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн санд төвлөрүүлээд байна

Энэхүү санхүүжилт нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг урт хугацаанд тогтвортой менежментээр хангаж, Монголын ард түмэнд өнөө болон ирээдүйд байгалиа хамгаалах тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоход зохих дэмжлэг, боломжийг бүрдүүлэх юм.

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн дэд бүтэц болон менежментийн тогтолцооны үр нөлөөг эрс сайжруулан бэхжүүлж, уламжлалт мал аж ахуйн зохистой хэлбэр, тогтвортой аялал жуулчлалын замаар байгаль, цэнгэг усны нөөцийг хамгаалж, үнэ цэнийг нь батлан нотолж, бусад Улс оронд манлайлал үзүүлэх шинэ жишгийг тогтоох юм.

May be an image of 6 people and text

Гарын үсэг зурах ажиллагаанд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцсон ба тэрээр "Манай Улс оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ажиглагдах болсон. Монголчууд бид хатуу ширүүн өвөл, ган гачиг, шороон шуурга зэрэг байгаль цаг уурын гамшигт үзэгдлүүдтэй тогтмол нүүр тулж байна. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж температур 2.25 хэмээр нэмэгдэж, улмаар энэ жил бид ард иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлсөн, сая сая мал хорогдсон зудтай жилийг даван туулж байна. Тиймээс хөтөлбөр нь ард иргэдийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжих чиглэлээр бодит хувь нэмэр оруулна” хэмээн онцлов.

“Монголын байгалийн өв” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо: “Манай улсын байгаль хамгааллын салбар нь ямагт хөрөнгө санхүүжилтийн дутагдалтай өнөөг хүрсэн. Тиймээс “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь энэхүү санхүүгийн асуудлыг шийдвэрлэх цогц шийдэл бүхий цагаа олсон санаачилга юм” хэмээн онцлон өгүүлэв. Тэрээр “Ил тод, холимог санхүүжилтийн загварт суурилсан Монголын байгалийн өв сангаар дамжуулан “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн байгаль хамгааллын тэргүүлэх зорилтуудад бид үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх болно” гэв.

“Хомын талын тахь” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат: “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Монгол орны газар нутгийг хамгаалаад зогсохгүй ард иргэдийн тогтвортой амьжиргааг бий болгохын сацуу уламжлалт өв соёл, мэдлэгийн үнэ цэнийг эрхэмлэн ирээдүй хойч үедээ өвлүүлэхэд туслах юм” хэмээн өгүүлсэн аж. Мөн тэрээр “Монголын нүүдэлчин малчин ард түмэн “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг бөгөөд тэдний манлайлал нь өнөөгийн тусгай хамгаалалттай газруудыг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх юм” гэж онцлов.

“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь “Legacy Landscapes Fund” сан, Женнифер Спирс, Памела Таннер Болл, Жереми, Ханнелоре Грантхэм Байгаль орчны итгэмжлэл, Жоанна & Стюарт Браун, Лоринет сан, Хятадын дэлхийн байгаль хамгаалах сан, Сабра Тернбулл, Клиффорд Бернштейн, Маргарета, Каргилл Филантроп, Аркадиа, Роберт В, Вилсон Чаритабль Итгэмжлэл зэрэг хувь хүн, байгууллагуудын сайн санааны дэмжлэггүйгээр хэрэгжих боломжгүй юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Нийслэл Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
Нийслэл Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.