/2024.3.7/ Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сарын 26-ны лхагва гарагт болох гэж байна.
Энэ удаагийн сонгуулиар иргэд УИХ-ын 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх (мажоритар) аргаар, 48-ыг нь хувь тэнцүүлэх (пропорционал) аргаар сонгох юм. Өөрөөр хэлбэл, 78 суудлын төлөө 13 тойрогт нэр дэвшигчид өрсөлдөнө. Тухайн тойрогтоо хамгийн олон санал авсан хүнийг УИХ-д сонгогдсонд тооцно.
Харин 48 хүнийг сонгохын тулд сонгогч саналын хуудасны доод хэсэгт байршсан нам, эвслийн жагсаалтаас сонголтоо хийх бөгөөд, тухайн нам эвслийн авсан саналын тоонд үндэслэн хувь тооцон суудал хуваарилах зарчимтай. Энэ дагуу хуваарилагдах хүмүүс бол тухайн намын жагсаалтад нэрс нь бичигдсэн нэр дэвшигчид байх болно.
Сонгуульд тэгвэл хэн нэр дэвших боломжтой вэ? Үүнийг хуульчилсан байх бөгөөд УИХ-ын сонгуулийн тухай хуульд дараах байдлаар тусгажээ. Үүнд:
- банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;
- татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх гэсэн шалгууртай байдаг.
Мөн ял эдэлж байгаа, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглож, нэр дэвшигчээр бүртгэхгүй.
Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол мөн нэр дэвшигчээр бүртгэдэггүй.
Нэр дэвших хүн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлснийг АТГ олон нийтэд нээлттэй нийтэлдэг.