/2024.03.05/: Ондо Спэйс ХХК-ийн зохион бүтээсэн Owl-1, Owl-2 нэртэй 2 хиймэл дагуулыг АНУ-ын Калифорни муж дахь Ванденбергийн сансрын хүчний баазаас Space X компанийн сансрын хөлгөөр 2024 оны гуравдугаар сарын 5-ны өглөөний 05:04 цагт хөөрөхөд бэлэн болоод байна.
Энэ нь Монгол Улсын хамгийн анхны арилжааны хиймэл дагуул юм.
Энэ талаар Ондо ХХК-гийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул, хууль эрхзүйн асуудал хариуцсан захирал Ц.Одмаа болон Ондо Спэйс компанийн Мэдээлэл Хариуцсан Захирал Д.Эрдэнэбаатар, Ондо Спэйс компанийн Технологи хариуцсан захирал Д.Амартүвшин нар олон нийтэд мэдээлэл өглөө.
Монгол улс өмнө нь Японы Кюшүгийн их сургуультай хамтран, Мазаалай нэртэй анхны хиймэл дагуулыг бүтээж хөөргөж байсан бол уг хиймэл дагуулыг бүтээхэд оролцож байсан багийн гишүүд мөн энэ удаа Owl-1, Owl-2 хиймэл дагуул бүтээхэд оролцсон ажээ.
Эдгээр хиймэл дагуулын сансрын орчны туршилтыг Японы Кюшүгийн их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу KyuTech-ийн лабораторид хийж ийнхүү тойрог замд гарахад бэлэн болоод байгаа билээ.
Арилжааны зориулалттай хувийн хиймэл дагуулыг ийнхүү хөөргөж байгаа нь Монгол Улсын сансрын технологи, сансар судлалын салбарт гарч байгаа маш том дэвшил юм. Ондо Спэйс ХХК энэ удаад хиймэл дагуулуудаа дэлхийн нам орбитод хөөргөх бөгөөд цаашид 2025 ондоо багтаан нийт 170 ширхэг бага оврын хиймэл дагуулыг хөөргөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Цаашлаад уг технологио ашиглан дэлхийн аль ч өнцгөөс богино хэмжээний буюу текстэд суурилсан мэдээлэл дамжуулах, газрын харилцаа холбооны дэд бүтэцтэй уялдан ажиллаж уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, онцгой байдал болон батлан хамгаалах, машин хоорондын харилцаа /M2M/, юмсын интернэт /IoT/ зэрэг салбаруудад технологийн томоохон дэвшил, шинэ боломжуудыг нээх ажээ.
Тухайлбал, уул уурхайн салбарт хүнд машин механизмын хяналт удирдлага, байршил тогтоох систем, мал сүргийн байршил хяналт зэрэг шийдэо санал болгох бөгөөд эдгээрийг дагасан эдийн засгийн боломж, бизнесүүд бий болох нь цаг хугацааны асуудал ажээ. Үүнээс гадна, сансар судлалын чиглэлээр суралцдаг, судалгаа хийдэг оюутан залуус, судлаачид маань эх орондоо Монголынхоо компанийн төсөл дээр ажиллаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, туршлага солилцох шинэ боломж үүсэх юм.
Мөн тус компанитай нэгэн гэр бүлд багтдаг Андореан ХХК болон Ондо ХХК нь хөөргөх хиймэл дагуулуудтай холбогдох газрын станц болон сүлжээний холболт, IoT төхөөрөмж, бизнесийн шийдлүүдийг нийлүүлэх бөгөөд бүгдээрээ нэгэн цогц экосистем болох ажиллах алсын хараатай юм байна.
Хиймэл дагуул хөөргөх үйл явц нь дан ганц техникийн бэлэн байдлаа шалтгаалахгүй, байгаль цаг уурын хүчин зүйлд тулгуурладаг тул хөөргөх үйл явцын товлосон хугацаа нь хэлбэлзэж болзошгүй гэдгийг компанийн удирдлагууд мэдэгдсэн бөгөөд чухам энэ шалтгаанаар энэ сарын 1-нд болох байсан хөөргөх үйл явц хойшилсон гэлээ.
Цаашид тус компани бүх үйлчилгээгээ жигдрүүлж, хангалттай туршлага хуримтлуулсны дараа хиймэл дагуулд суурилсан бизнес эрхлэх, үйлчилгээ үзүүлэх сонирхолтой компаниудад консалтинг, аутсорсингийн үйлчилгээг ч үзүүлэх боломжтой болно гэж итгэж байгаагаа мэдэгдсэн юм.