АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж үзүүлнэ

/2024.03.04/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.

Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар АНУ-ын Засгийн газар 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайдад танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200,000 ам.доллар, мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаар дамжуулан 700,000 ам.долларын тусламж үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

АНУ-аас олгож буй энэхүү тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа ийнхүү уулзаж, ярилцаж байгаадаа Элчин сайд Ричард Буанган баяртай байгаагаа тэмдэглээд Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлууд эхнээсээ биелж байгааг мэдээлж, цаашид эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх асуудалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд шууд нислэгийг энэ онд багтаан эхлүүлэхэд анхаарч ажиллахаар тогтлоо.


Эх сурвалж: ЗГ

Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна
Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.