Canon компани өртөг багатай чип хэвлэгч машинаараа чип үйлдвэрлэлд “тэсрэлт” хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Canon компани өртөг багатай чип хэвлэгч машинаараа чип үйлдвэрлэлд “тэсрэлт” хийнэ

Хэвлэгч машин, камер үйлдвэрлэдгээр нь бидний сайн мэдэх Японы Canon компани хямд үнэтэй чип хэвлэгч машин зохион бүтээж, энэ жилээс эхлэн зах зээлд нийлүүлж, хагас дамжуулагч, чип үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч ASML компанитай шууд өрсөлдөөн эхлүүлэх нь.

АНУ тэргүүтэй барууны орнууд БНХАУ-д чип хагас дамжуулагчийн түүхий эд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, өндөр технологи нийлүүлэхэд хориг тавьснаар дэлхий даяар чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эрэлт эрс ихэссэн юм. Хэрэв Canon компанийн бүтээсэн энэ машин зах зээл дээр амжилттай байршиж чадвал сүүлийн 30 гаруй жилийн турш Өмнөп Солонгос, Тайвань, Хятадад тэргүүллээ алдаад байсан Японы өндөр технологийн салбарын хувьд томоохон амжилт болохоор байна.

Canon компанийн аж үйлдвэрийн группийн тэргүүн Хироаки Такеиши “Бид шинэ бүтээгдэхүүнээ зах зээлийн эрэлт өндөр байгаа цаг үе буюу энэ жилдээ багтаад, эсвэл ирэх жил эцсийн хэрэглэгчдэд санал болгоно. Манай төхөөрөмжийг худалдан авагчид бага зардлаар хамгийн сүүлийн үеийн чип үйлдвэрлэх боломжтой болно” гэжээ.

Nanoimprint lithography(NIL) нэртэй хэвлэлийн технологийг тус компани 15 жилийн турш судлан хөгжүүлсээр одооноос л зах зээлд бүтээгдэхүүн болгон нийлүүлэх хэмжээнд ирлээ гэж 2023 оны 10 сард мэдэгдэж байсан юм. Одоогоор өндөр нарийвчлалтай лазер ашиглан хавтан дээр сийлэх технологи түгээмэл ашиглагддаг бол Canon-ы NIL технологи нь урьдчилан бэлдсэн чипний дизайныг силикон хавтан дээр шууд “тамгалж” буулгадаг гэдгээрээ онцлог юм.

Энэ технологи нь салбартаа тэргүүлэгч Нидерландын ASML компанийн ашигладаг extreme ultraviolet (EUV) буюу өндөр нарийвчлалтай гэрэлд суурилсан технологийн зардлаас 10 дахин хямд зардалтай, 90 хувиар бага эрчим хүч шаарддаг давуу талтай гэж Canon компани ам бардам мэдэгдэж байгаа.

Чип, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт өрсөлддөг томоохон компаниуд болох Тайванийн TSMC, Солонгосын Samsung Electronics, АНУ-ын Intel зэрэг нь сүүлийн жилүүдэд ASML компанийг технологийн хөгжлөөр давж чадахгүй хоцроод байгаа билээ.

Гэсэн ч тэдний нийлүүлдэг чип үйлдвэрлэгч машин нэг бүрийн үнэ нь 150 сая орчим долларын үнэтэй байдаг тул чип үйлдвэрлэлийн хамгийн өндөр зардал нь ASML-н машин авахад зарцуулагддаг. Үүнээс гадна захиалга өгч үйлдвэрлүүлэхэд их хугацаа ордог зэрэг сул талуудтай учир Canon компани энэ асуудлыг шийдсэнээр зах зээлд байр сууриа бэхжүүлэх боломжтой гэсэн үг.

Харин Хироаки Такеишигийн хувьд Canon-ы энэ шинэ технологи EUV технологийн хэрэглэгчдийг булаах зорилгогүй бөгөөд nanoimprint болон EUV технологиуд зэрэгцэн оршиж, чип үйлдвэрлэлийн салбарын хөгжилд адилхан хувь нэмрээ оруулж урагшилна гэж найдаж байгаа гэжээ.

Хэдийгээр Canon компанийнхан зах зээлийн сул орон зайд орж тоглож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ч зарим шинжээчид тэднийг тийм ч их нөлөө үзүүлнэ гэдэгт итгэхгүй байна. Тухайлбал, Radio Free Mobile судалгааны компанийн үүсгэн байгуулагч Ричард Виндзор хэлэхдээ “Энэ тийм цоо шинэ технологи биш ээ. Хэрэв энэ nanoimprint технологи яриад байгаа шигээ супер байсан бол өдийд үйлдвэрлэлд нэвтрээд, түрүүчээсээ амжилт олоод эхэлчихсэн байх байсан” гэсэн байна.

Canon's nanoimprint technology seeks to disrupt semiconductor manufacturing  - ReadWrite

Canon компанид чип үйлдвэрлэхэд учирч болзошгүй хамгийн том асуудал бол нарийвчлалын хэмжээ юм. Тэд одоогоор 5 нанометрийн нарийвчлалтай чип үйлдвэрлэх боломжтой тоног төхөөрөмж санал болгож байгаа ба яваандаа энэ салбарын дээд амжилт болох 2 нм хэмжээнд хүргэх зорилготой аж. Мөн тэд аль болох алдаа мадаггүй хэвлэгдсэн чипний хавтан гаргахад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд салбарын мэргэжилтнүүд үйлдвэрлэлээс гарч буй чипний хавтангийн 90 хувь нь ямар нэг алдаа, доголдолгүй байж гэмээнэ тэд EUV технологитой өрсөлдөх хэмжээнд хүрнэ гэж үзэж байна.

Такеишш захирал үүний хариуд “Манай хэвлэгч машинууд энэ асуудлыг шийдэж чадна гэж бид үзэж байгаа. Гэхдээ одооны чип үйлдвэрлэлийн салбарын бүх л процесс EUV технологид тааруулсан дэс дараа, зохион байгуулалттай байдаг тул шинэ технологийн нэвтрүүлэхэд тодорхой асуудлууд тулгарахыг үгүйсгэхгүй” гэжээ.

Canon-ы чип хэвлэгч шинэ машинууд хэрэглэгчдийн гар дээр очихдоо туршилтын тодорхой хугацаатай ашиглагдах юм байна. Учир нь дээр өгүүлсэнчлэн, чип үйлдвэрлэлийн салбарын бусад тоног төхөөрөмжүүд нь EUV технологийн машинтай уялдан ажиллах зориулалттай байдаг тул nanoimprint машин ашиглах боломжтой гэдгийг ойлгож мэдрэх хүртэл туршилтын хугацаа гаргаж өгөх нь зөв гэж Canon үзсэн бололтой.

0АНУ-ын авсан технологийн хоригт нэгдсэн ASML-н машинууд Хятадад зарагдахаа больсон тул нэг хэсэг хүмүүс Canon-ы энэ машиныг Хятад улс ихээр худалдан авах магадлалтай гэж таамаглаж байгаа ч Япон улс мөн л АНУ-ын хоригт нэгдсэн тул Canon шинэ хэвлэгч машинаа Хятад руу экспортлох нь бараг боломжгүй зүйл байж магад. Хэдийгээр nanoimprint машинууд уг хоригт тухайлан багтаагүй байгаа ч Хятад улстай энэ төрлийн машины худалдаа хийж эрсдэлд ороход Canon бэлэн биш байна.

Эх сурвалж: ft.com

24 байгууллагын 516 албан хаагч 94 машин техниктэйгээр халтиргаа үүссэн байршлуудад ажиллажээ
24 байгууллагын 516 албан хаагч 94 машин техниктэйгээр халтиргаа үүссэн байршлуудад ажиллажээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.