/2024.01.11/: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.
Төсвийн байнгын хороо нэр дэвшигчдийн талаар нээлттэй сонсгол явуулж, тайлангаа хэлэлцсэн бөгөөд Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхийг тус тус дэмжсэн.
Иймд чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн орон тооны бус гишүүн Д.Даваасамбуу, Э.Бямбажав, Б.Баярдаваа, А.Энхжин, Л.Отгонтуяа, Д.Сувдаа, Г.Алтанзаяа нарыг чөлөөлж, шинэ гишүүдийг томиллоо.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд бие даасан хараат бус ажиллах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмжийг Улсын Их Хурал болон олон нийтэд хүргэдэг байх, нийтийн ашиг сонирхол болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй.
Эх сурвалж: УИХ