Жил бүр эмэнд тэсвэртэй бактерийн халдвараар олон сая хүн өвчилж, хэдэн зуун мянгаараа амиа алддаг ба 2019 онд л гэхэд нас барагсдын тоо 1,2 саяд хүрч байв.
Цаашид ч энэ тоо өсөх магадлал өндөр. Харин эрдэмтэд саяхан AI-н тусламжтайгаар эмэнд тэсвэртэй бактери устгадаг антибиотикийн шинэ бүлгийг олж нээсэн таатай мэдээ байна.
Лабораторийн хулгана дээр явуулсан туршилтаас үзвэл Methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA) болон ванкомицинд тэсвэртэй энтерокок зэрэг нянгийн халдварт уг шинэ антибиотик ашигласан эмчилгээ үр дүнтэй болох нь харагджээ.
АНУ-ын Массачусетс мужийн MIT болон Харвардын хамтарсан Broad Institute-ийн судлаач Феликс Вонг “Манай хиймэл оюун ухааны модель бидэнд ямар химийн нэгдлүүд ямар антибиотик үйлдэлтэйг хэлж өгөөд зогсохгүй, яагаад ийм нөлөөлөл үзүүлж байгааг химийн нэгдлийнх нь үүднээс тайлбарлаж чаддаг” гэсэн байна.
Вонг болон түүний хамтрагчид цаашид хиймэл оюун ухаанд түшиглэн, эмийн молекулуудын нөлөөлж чадах тусгайлсан нөлөөг судлаад зогсохгүй, эмийн бодисын бүхэл бүтэн ангиллын биологийн үр нөлөөг таамаглах чиглэлээр судалгаа хийх гэж байгаа ажээ.
Эхний ээлжинд тэд Staphylococcus aureus бактери, хүний элэгний гурван төрлийн эс, уушиг, булчингийн эд эсүүд дээр 39000 өөр төрлийн химийн нэгдлийн үзүүлэх нөлөөллийг судалсан байна. Энэ бүх туршилт судалгаанд ашигласан химийн нэгдэл бүрийн атомууд, тэдгээрийн холбогдсон бүтэц зэрэг өгөгдлөө ашиглан, хиймэл оюун ухааны моделио сургасан ба улмаар химийн нэгдэл бүрийн антибиотик нөлөөлөл, хүний эд эсэд үзүүлэх хоруу шинж чанарыг AI урьдчилан таамаглах нөхцлийг бүрдүүлж өгчээ.
Судалгааны багийнхны сургасан хиймэл оюуны модель нь компьютерийн симуляци ашиглан, 12 сая химийн нэгдлийг шинжилж, эм, эмчилгээний шинж чанартай 3646 химийн нэгдэл байж болохыг олж тогтоосон байна. Үүгээр ч зогсохгүй, химийн нэгдэл бүрийн химийн бүтцийг тооцоолж, хүний биед болон бактерийн эсрэг ямар үйлчлэлтэй байж болохыг нэгбүрчлэн тодорхойлсон нь гайхалтай хэрэг юм.
Өөр өөр нэгдлүүдийн химийн бүтцийг харьцуулж, судлах явцдаа судалгааны багийнхан шинэ антибиотикийн бүлэг нээн илрүүлж, MRSA болон ванкомицинд тэсвэртэй Enterococci бактерийг устгах чадвартай, хүний биед хоргүй хоёр химийн нэгдлийг тодорхойлжээ.
Ийнхүү AI-н тусламжтайгаар гарган авсан химийн нэгдлээ хулгана дээр туршиж, MRSA бактериар үүсгэгдсэн арьсны болон зөөлөн эдийн халдварыг эмчлэх замаар практик орчны туршилтаа гүйцэтгэсэн байна.
“Одоогийн байдлаар MRSA болон ванкомицинд тэсвэртэй Enterococci бактерийн эсрэг оксазолидинон болон липопептид зэрэг антибиотик л үр дүнтэй үйлчилгээтэй гэж тооцогддог ч сүүлийн үед эдгээр антибиотикт тэсвэртэй нянгууд илэрсээр байгаа. Сүүлийн 60 жилд дээрх хоёр антибиотикоос илүү үр дүнтэй цөөхөн шинэ эмийн бүлэг олж нээсэн нь манай судалгааны ажлын үр дүн байлаа” гэж Broad Institute-ийн судалгааны багийн оролцогч Жэймс Коллинз мэдэгдэв.
Тэдний баг хөгжүүлсэн AI-нхаа тусламжтайгаар цаашид цоо шинэ антибиотик болон шинэ эмийн бүлгүүдийг нээн илрүүлэх, мөн остеоартрит болон хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүний биеийн гэмтэлтэй буюу хөгширсөн эсүүдийг түүвэрлэж устгах чадалтай шинэ химийн нэгдлүүд олж нээхээр ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: newscientist.com