Х.Наранжаргал: Монгол төр ганцхан өндөрлөгтэй, тэр нь ард түмэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Наранжаргал: Монгол төр ганцхан өндөрлөгтэй, тэр нь ард түмэн

/2023.12.6/ Энэ цагийн иргэний нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэг, эгэл даруу эрхэм бол Глоб интернэшнл төвийн үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн дарга, сэтгүүлч Х.Наранжаргал гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл иргэдийн мэдэх эрхэд идэвхтэй үйлчилж олонд хэдийнэ танигдсан Глоб интернэшнл төвийн тухай гэхээс илүү түүнтэй ИНБ, иргэдэд үйлчилдэг сэтгүүлзүй ямар байх ёстой болон цаг үеийн асуудлаарх байр суурийг сонирхон ярилцлаа.

- Та мэргэжилдээ хэр дурлаж, сонгосон бэ?
- Миний аав “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч байсан болохоор манай гэрээр дандаа сэтгүүлчид цугладаг байсан. Хүүхэд наснаасаа л сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй байсан ч Монголд сэтгүүлч бэлтгэдэггүй, хүн өөрийн дуртай мэргэжлээ сонсох эрхгүй байсан үе шүү дээ. Төв хорооноос
сургуулиудад хуваарь өгдөг. Тэр жил манай сургуульд сэтгүүлчийн хуваарь ирээгүй. Хаана ордог юм билээ гээд явж байтал ангийн багш маань “Чи сургуулиа гайгүй төгссөн юм чинь энэ сургуулиудаас нэгийг нь аваад гадагшаа явж суралц, гадаад хэлний мэдлэг чинь сайжирна. Энэ бол чамд олдож байгаа том боломж шүү” гэж хэлсэн. Хамгийн гайгүй нь юм уу гэж бодоод үйлдвэрийн гоо зүй гэсэн мэргэжлийг сонгосон. Түлш эрчим хүчний яамны нэр дээр явахаар болсон. Элсэлтийн шалгалт дээр физик дээр дунд дүн авсан болохоор Эрхүү хотод бэлтгэл ангид хуваарилагдсан. Бэлтгэлд нэг жил сурчихаад, Москвагийн Уран сайхны дээд сургуульд хуваарилагдаад очтол биднээс зураг зуруулж шалгалт авахаар болсон. Би зургийн авъяасгүй. Зургаан хүүхдээс нэг л охин би жаахан оролдъё гэж дуугарсан. Бид элчиндээ хандахад, сарын дараа “Яамаа сольж болохгүй, мэргэжлээ сольж болно” гэсэн хариу ирсэн. Пунсалмаа гэж охин бид хоёрыг Уралын Политехникийн дээд сургуульд дулааны инженерийн мэргэжлээр суралцуулахаар явуулсан. Аз болоход манай сургууль телестуди, радио студи, “Зик” гэж сонинтой байсан. Нийгмийн ухааны оройн факультетад сэтгүүлчийн ангид хоёр жил оройгоор суралцахдаа сонинд нийтлэл бичдэг, нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Дулааны инженер, сэтгүүлч гэсэн хос мэргэжилтэй төгсөж ирлээ.

Гадаадад төгсөгчдийг хаана ажиллахыг нөгөө л Төв хороо мэднэ. Үзэл суртлын хэлтсийн ажилтан надаар “Намар” сэдвээр орос дээр зохион бичлэг бичүүлсэн. Дараа нь МОНЦАМЭ-гийн дарга Зантавтай очиж уулз гэсэн. Телевизэд орон тоо байхгүй, “Новости Монголии” сонинд бол орон тоо байна гэлээ. Тэгээд “Правда” сонины хэмжээнд л бичнэ ш дээ гэлээ. ЗХУ-ын бүх нэртэй зохиолчдын зиндаанд бичиж чадна гэж яаж би амалж чадахгүй зогсчихсон. Зантав дарга “Хуваарилсан газраа очиж ажилла, телевизэд орон тоо гарвал дуудах байлгүй” гэсэн. Намайг Дулааны шугам сүлжээнд хуваариллаа. Инженерүүд тухайн үед слесариар эхэлж ажилладаг байлаа. Үдээс өмнө архивт дулааны шугамтай танилцах гэж суухдаа суухдаа зургийнхаа дор нь ном тавьчихаад уншина. Үдээс хойш дулааны шугамтай танилцах ёстой. Траншейны нүх рүү орно гэсэн үг байхгүй юу. Залуу байсан болохоор траншейны нүхрүү орж байгааг хүн харчихвал намайг сургуулиасаа хөөгдчихөж гэх байх гээд гэртээ ирээд хэвтчихдэг байв аа. Нэг өдөр телевизээс Жаргал дарга “Сонирхол чинь буураагүй бол ирж уулзах уу?” гээд утасдсан. Тэгээд хүүхдийн редакцид ажилд орсон. Намайг инженер болохоор “Шинжлэх ухаан техник” нэврүүлэг бэлтгэх даалгавр давхар өгсөн. 1984 онд Соёл урлагийн редакцид шилжиж ажилласан.

-Өнөөдрийн Иргэний нийгмийн зүтгэлтэн Наранжаргал хэрхэн бий болсон бэ?
-Нийгмийн шилжилтийн үе байсан болохоор байсхийгээд л манай телевиз дээр бүтцийн өөрчлөлт хийдэг байсан. Радиогийнхон маань “Телевизийнхэн ширээгээ сольж шинэчлэл хийдэг, өрөөгөө сольж өөрчлөлт хийдэг” гэж хошигнодог байв. Би Соёл урлагийн редакцийн хариуцлагатай редактор байлаа. Дараа нь Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редактор болсон. Удалгүй уран бүтээлийн нэгдлүүд бий болж, би “Цацал” нэгдэлд Утга зохиолын нарийн бичгийн даргаар ажилласан. Тэр үед Радио телевизийн дарга нар их солигддог байсан. 45 хоноод солигдсон хүн ч бий. МРТУХ Засгийн газрын Мэдээлэл радио, телевизийн хэрэг эрхлэх газар нэртэй боллоо. Манай алдартай сэтгүүлч Х.Цэвлээ гуай удирдлагаар нь томилогдсон. Тэр үед British Сouncil буюу Их Британы зөвлөлийн шугамаар инженер Гоосайхан бид хоёр Англид суралцахаар явж, би Лондонд Белл лангуэж институтэд хэл сурч, BBC дээр 14 хоног дадлага хийсэн. Тэнд байхдаа л чөлөөт хэвлэл гэж юу байдаг, олон нийтийн өргөн нэвтрүүлгийн тухай мэдээлэлтэй болж, мэдлэгээ гүнзгийрүүлж ирсэн. Явахаасаа өмнө Азийн сан, Фридрих Эйбертийн сан гэхчилэн олон улсын байгууллагуудын зохион байгуулсан чөлөөт хэвлэл, чөлөөт сэтгүүлзүйн тухай сургалтуудад суудаг байсан л даа. 1992 онд ирэхэд намайг Программын захиргааны даргаар томилсон. Тэр үед ганц байсан телевизийн сувгаа хувьчлах тухай хүчтэй яригдаж байлаа. Анхны улс төрийн өлсгөлөнгийн нэг шаардлага нь “Засгийн газрын мэдлийн радио, телевизийг либералчлах” тухай байсан. Би олон нийтийн өргөн нэвтрүүлгийн тухай ойлголтын талаар ярьж эхэлсэн. 1926 онд радио өргөн нэвтрүүлгээр эхэлсэн BBC олон нийтийн өргөн нэвтрүүлгийн сонгодог жишээ. Японы NHK, Австралийн ABC энэ жишгээр байгуулагдсан байдаг. Би есөн хүнтэй Ажлын хэсэг байгуулж, засгийн газрын өргөн нэвтрүүлгийг олон нийтийн болгон өөрчлөх дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлт зэрэг шаардлагатай материалуудаа бүрдүүлээд П.Очирбат Ерөнхийлөгч, тухайн үеийн бүх намын удирдлагуудтай уулзсан. Ерөнхийлөгч “Та нар тэгээд дүрмээр шийдэж болно гэж бодож байгаа юм уу?” гэж асуусан. Гэнэн ч байж, “Тийм ээ” гэлээ. Үнэндээ хууль батлахгүйгээр бүтэхгүй байсныг ойлгосон. Ажил нэлээд урагштай явж байтал байдал өөрөөр эргэсэн. Хэн нэгэн намайг телевизийн дарга болохоор санаархаж байна гэж буруу ойлгуулсанаас болоод удирдлагатай үл ойлголцол үүссэн. Нөхцөл байдал хурцадсан ийм үед би ажлаа бодон өргөдлөө бичиж ажлаасаа чөлөөлөгдсөн. 1995 онд Сэтгүүлчдийн Холбооноос залгаж, Данийн хөгжлийн агентлаг ДАНИДА-гийн “Монгол дахь чөлөөт ба хараат бус хэвлэл” төслийн хүрээнд байгуулагдах Сонины хэвлэх үйлдвэрийн захирлаар ажиллах санал тавьсан. Сонин хэвлэлийн үйлдвэр, Хэвлэлийн хүрээлэн байгуулагдсан төсөл л дөө. 1999 онд төсөл дуусч, Монголын талд бүрэн хүлээлгэж өгсөн.

Би дөрвөн хүнтэй хамтран “”Глоб интернэшнл” төрийн бус байгууллага байгуулсан. Манай олон улсын IFEX, Форум Ази байгууллагын гишүүн, мөн GFMD буюу Хэвлэл мэдээллийн хөгжлийн дэлхийн формын болсон. Манайх Интернюсь олон улсын байгууллагын санаачилгаар байгуулагдсан энэ байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг юм. Манай байгууллагын уриа “Мэдлэг бол хүч.”

Манай стратегийн мессеж бол “МЭДЭЭЛЭЛТЭЙ ИРГЭД ХҮЧИРХЭГ”. Манай стратегиар хүн төвтэй хөгжил бол тогтвортой хөгжил юм. Иймд хүн нь хүчирхэг байх учиртай. Манайх стратегийн гурван хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн мэдээлэл хүлээн авдаг анхны эх сурвалж бол хэвлэл мэдээлэл учраас Хэвлэл мэдээллийн хөгжлийн хөтөлбөртэй. Хоёрт, иргэд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхээ жинхэнэ утгаар эдлэх учиртай. Иймд бид “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 2005 онд бид энэ хөтөлбөрөө “Ил тод, сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь” гэж өөрчилсөн. Учир нь төрийн ил тод байдлыг хангах чиглэлээр Засгийн газраас эерэг алхмууд хийж эхэлсэн. Гурав дахь нь “Мэдээлэл, урлагаар дамжуулан олон нийтийг чадавхжуулах хөтөлбөр” юм. Үүнээс өмнө би манай нэрт сэтгүүлч Ц.Дашдондов гуайн санаачилгаар байгуулагдсан Монголын чөлөөт, ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн Дэд Ерөнхийлөгч байлаа. МЧАСЭ 1998 онд ОУСХ-ны бүрэн эрхэт гишүүн болж, Их хурлаас нь намайг Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгосон. Би 2007 он хүртэл Азийн бүсийг төлөөлж сонгуульт ажлаа хийсэн. 2005 онд сэтгүүлчдийн хоёр байгууллага нэгдэж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл байгуулсан. МЧАСЭ-ийн бүрэн эрхт гишүүнчлэлийг шинэ байгууллагад өвлүүлэн үлдээх гол үүрэг надад оногдсон. Глоб интернэшнл дэлхий нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө, хараат бус, чөлөөт, цензургүй мэдээллээр хангаж мэдэх эрхэд үйлчлэх, иргэдийн мэдээлэлтэй байх эрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтарч үйл ажиллагааны хүрээ маш тэлсэн. Ажлынхаа шугамаар дэлхийн 70 оронд хурал чуулганд оролцсон. Ингэж л иргэний нийгмийн хүн болсон. Миний амьдралд намайг хэлтэй, хөлтэй болгосон хоёр ачтан бий гэж байнга ярьдаг. Хэлтэй болгосон ачтан Х.Цэвлээ гуай, хөлтэй болгосон ачтан Ц.Дашдондов гуай.

- Мэдлэг боловсрол, туршлага гээд аль ч талаараа УИХ гишүүний суудал танд их ойрхон харагдаж байхад яагаад улс төрд ороогүй юм бэ?
- Би улс төрд ерөөсөө орохгүй гэж анхнаасаа шийдсэн. Манай сэтгүүлчид сонгуульд нэр дэвшдэг л байсан. Нэг өдөр намайг Социал демократ намын өмнөөс нэр дэвшээч гэсэн. Би “Үгүй” гэсэн. Одоо эргээд бодоход тэр үед залуу ч байж, халуун ч байж. Яаж сэтгэлийнхээ хөдөлгөөнөөр “За тэгье” гээд
дуугарчихаагүй юм бэ гэж боддог юм. Тэгсэн бол өдийд би эд нар шиг худал яриад л сууж байна шүү дээ. Сайхан ярьдаг. Үг, үйлдэл нь аймшигтай зөрдөг. Нээлттэй нийгмийн тухай уншиж мэдсэн зүйлс болон суутнуудын үг ч нөлөөлсөн байх. 1700-аад онд Их Британы соён гэгээрүүлэгч Жон Эктон “Эрх
мэдэл самууруулдаг. Онцгой эрх мэдэл онцгой самууруулдаг” гэсэн байдаг. Цицерон “Хүний чанарыг танья гэвэл албан тушаал өгөөд үз” гэж хэлсэн. Улс төр бол “Бохир тоглоом” гэдэг үгийг жирийн иргэд зохиогоогүй. Дотор нь орж тэр бохир, завааныг нь мэдээд гарсан хүмүүсийн хэлсэн үг шүү дээ.

“Иргэний нийгэмд ажиллах нь миний улс орныхоо хөгжил, ардчиллыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулах талбар. Зүгээр нэг улс төрчдийн гол тоглогч гэсэн нэр зүүж, тодорхой үр дүнтэй үйлдэл хийж чадахгүй албан тушаалд сууж байснаас надад иргэдийг гэгээрүүлж, мэдээлэлжүүлж ажиллах нь хамаагүй илүү сонголт байсан. Үүнийг би ёс зүйн сонголт гэж боддог.”

Иргэний нийгмийн байгууллагууд нөлөөллийн ажил хийж сурах хэрэгтэй. 2001 онд манайх “Нээлттэй нийгэм форум”-ын Хэвлэл мэдээллийн бүсийн хөтөлбөрийн санхүүжилтээр 19-р зүйл байгууллагатай хамтран үзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлж буй дотоодын хууль тогтоомжид судалгаа хийсэн юм. “Төрийн байгууллагуудын ил тод байдал маш сул” гэсэн гол дүгнэлт гарсан. Тэр үед төрийн мэдээлэл иргэдэд ил тод байх, иргэд төрийн мэдээллийг олж авах эрхтэй байх ёстой гэсэн ойлголт байгаагүй. Мэдээлэл олж авах нь сэтгүүлчдийн л ажил мэт ойлголт байсан. МЧАСЭ-ийн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ОУСХ-ны хоёр төслийн удирдагчаар ажилласан. Төслийн хүрээнд 19-р зүйл байгууллагад ажиллаж байсан хуульч Хэлэн Дарбешире гэж эмэгтэй урьж авчирч, мэдээлэлтэй байх эрхийн тухай хуулиудыг улс орнууд хэрэгжүүлдэг тухай анх мэдсэн. Тэр үед “Зориг” сангийн
тэргүүн С.Оюун, түүний ах сэтгүүлч С.Баяр бид ил тод байдал, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн тухай анхлан чангаар дуугарч байсан.

Төрийн ил тод байдлыг хангахад иргэний мэдээлэлтэй байх эрхийг хуулиар баталгаажуулах хэрэгтэй байсан тул бид өргөн хүрээтэй нөлөөллийн аян эхэлсэн. 2016 онд Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай тухай хууль батлагдах хүртэл бид 7 жилийг зарцуулсан.

Мөн Олон нийтийн радио, радио телевизийн тухай хууль батлагдтал 7 жил ажилласан. Нэг таксины жолоочтой ярилцаад явж байтал “Хүний эрх гэдэг бол барууны үзэл суртал” гэсэн утгатай зүйл ярьсан л даа. Би бараг лекц унших шахлаа. Бид хүнийхээ төлөө ажиллах ёстой гэдэг итгэл үнэмшлийнхээ тухай ярьсан. Эрх, эрх чөлөөгөө эдэлж чаддаг ХҮН бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын гол цөм нь юм. Энэ бол эх оронч үзлийн цөм нь байхгүй юу. Тэгэхлээр хүний төлөө ажиллахаас эрхэм зүйл гэж байхгүй. Тэр залуу сүүлдээ “Та тийм эх оронч юм бол байгууллагынхаа нэрийг яагаад англиар өгсөн юм бэ?” гэж асуухад нь би “Шекспир гэж зохиолчийг мэдэх байлгүй. Шекспир Глоб буюу бөмбөрцөг гэж театр байгуулж байсан. Би арван жилийн сурагч байхаасаа л Шекспирийн шүтэн бишрэгч нь байгаа юм.

Тиймээс бөмбөрцөг гэдэг бэлгэдлийг бодож энэ нэрийг сонгосон” гэж хэлсэн. Ер нь манай хүний эрхийн сургалт дутуу, сул байна л даа. Бас хүүхэд залуучуудыг зарим эмээ, өвөө, эцэг эх хуучин нийгэм гоё гэсэн хуучныг санагалзах үзлээр өсгөчихсөн байдаг. Өөр нэг таксины жолооч “Хуучин нийгэмд
гудамж талбай хоггүй цэвэрхэн байсан, хятадуудыг албадан гаргаж байсан” л гэнэ. БНМАУ-ын үед ЗХУ-ын коммунист намын зөвшөөрөлгүйгээр бие даасан шийдвэр гаргадаггүй хатуу үе байсан. Орос, Хятадын хилийн маргаан гарч харилцаа нь муудсан далимаар л манайхан хятадуудыг газар нутгаасаа албадан гаргасан болохоос мундаг бие даасан шийдвэр байгаагүй тухай, түүнчлэн хүний эрх, иргэний нийгмийн тухай хэлж өгөхөд тэр залуу маш их талархсан.

Мэдээж хуучин нийгмийн бүх зүйлийг үгүйсгэхгүй. Тухайн үед намын гишүүн л биш бол өсч дэвжихэд бэрх байлаа. ЗХУ-руу аспирантурт явахад намын гишүүн байх ёстой гэсэн шалгууртай байлаа. Ардчилсан нийгмийн шилжилтийн эхэнд л хэвлэл мэдээллийн байгууллагынхныг хамгийн түрүүнд намаас чөлөөлөх
шийдвэр гарсан. Тэр үед намын батлахаа дүүрэг дээрээ буцааж өгч, намаас гарч байлаа. Нэг намаас хараат байх гэдэг бол хамгийн утгагүй зүйл. Хүн хүчирхэг байхын тулд өөрөө бие даасан байх хэрэгтэй. Тийм ч учраас би хүүхдүүдээ улс төрд орохыг дэмждэггүй. “Таны улс төр бохир” гэдэг үнэхээр
үнэн юм аа гэж байна билээ.

- “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэж хэлц бий. Иргэн хүн оготно буюу хэн ч биш гэсэн утга ардчилсан нийгэмд эсрэгээрээ юм шиг ээ?
- Төр гэдэг үгийг бид яаж ашиглах вэ гэдгээс хамаарна. Манай Үндсэн хуулиар ард түмэн бол төр шүү дээ. Бид төр дээдэлдэг нийгмээс ард түмнээ дээдэлдэг тогтолцоонд шилжсэн. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд бий. Ард түмнийг төлөөлж байгаа хүмүүсийг төрийн өндөр түшээ гэж хардаг. Уламжлагдаж ирсэн төр гэдэг үг английн public гэдэг үгтэй дүйцнэ. Бид энэ нэр томъёо, ойлголтоосоо сална гэдэг хэцүү ч төр дээдэлдэг байсан утга маань ард түмнээ дээдлэх утгаар солигдож байна шүү дээ.

Манай сэтгүүлчдийн бодож олсон болов уу гэмээр нэг утгагүй нэр томъёо “Төрийн гурван өндөрлөг” гэж ярьдаг. Төрийн гурван өндөрлөг гэж байхгүй. Төр нэг л өндөрлөгтэй. Тэр нь ард түмэн юм /инээв/.

- Мэдлэг бол хүч гэж танай байгууллагын уриа байна. Сэтгүүлч, иргэд бид жинхэнэ хүч болж чадах мэдлэгийг хаанаас олж авах вэ?
- Бид стратеги боловсруулж байх явцдаа мэдээлэл бол мэдлэгийн үндэс гэж тодорхойлсон юм. Хүн янз бүрийн мэдээлэлтэй байдаг. Мэдээлэл аман мэдээллээс эхэлдэг. Аман утга зохиол бол манай монгол соёлын маш чухал хэсэг. ОХУ-ын эрдэмтэн В.Маяский “Монголчууд ХХ дугаар зууны босгон дээр”
гэж Монголд хийсэн экспедицийнхээ тайланг ном болгож гаргасан. Тэр ном нь ЗХУ-ын үед төрийн нууцын жагсаалтад байсан. Тэрээр

“Монголчууд энэ ертөнц дээрх туйлын сониуч улс. Сонин юу байна вэ? гэж мэндчилдэг. Монгол эрчүүд жилийн дөрвөн улиралд нүүж, суух хүнд хүчир ажлаа хийчихээд бусад үед чөлөөтэй болдог. Мориндоо мордоод саахалт айлдаа очиж, “Сонин юу байна вэ? гэж мэндчилээд, айраг, шимийн архи шимэнгээ баахан сонин сонсож аваад, сониноо дараагийн айлд хүргэхээр яаравчлан мордоно” гэж бичсэн байдаг /инээв/.

Харилцаа холбоо хязгаарлагдмал, мэдээлэл хаалттай социализмын үед Улаанбаатарт болсон үйл явдлын тухай мэдээлэл хагас цагийн дараа хамгийн зах хязгаарт хүрчихсэн байдаг байсан гэдэг. Одоо бол мэдээллийн төөрөгдөлд орчихсон. Нэг шинэ юм сонсонгуутаа мориндоо мордоод баахан давхиж давхиж, нэг өдөр мориноосоо уначихна. Унасан хойноо “Юу болчихов?” гэж эргэж хардаг. Мориноосоо унахгүйн тулд бидэнд ямар саад тохиолдож болох вэ гэдгийг урьчилж хардаггүй сул тал ажиглагддаг. Мэдээлэл хуримтлагдаж, тэрнээсээ цааш ургуулж мэдлэг рүү хөтлөж “Хүч” болно.

Хүний эрхийн тухай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэр мэдээллээрээ дамжуулж мөн чанар нь юу вэ гэдгийг олж авна. Тийм мэдлэгтэй үед л хүчирхэг байна. Одоо бол өндөр түвшний авилга маш их газар авчихлаа. Сонгууль болох гэж байна. Санхүүжилт хэрэгтэй болдог. Хаанаас тэр их мөнгө орж ирж байгаа нь ил тод биш. Гаднаас асар их санхүүжилт авдаг гэх яриа бидний дунд байгаад л байдаг. Оросоос юмуу, Хятадаас юмуу, Солонгосоос юмуу, гадны яг ямар байгууллагаас хэн, хэдийг авсан мөнгө нь ил тод болох ёстой.

Ийм мэдээллийг авсанаар авлига гэдэг ийм хор уршигтай гэдгийг мэддэг болж, хяналт тавих боломжтой болж байгаа юм. Хүч нь ердөө л энэ. “Авлига бол мөн л хүний эрхийн ноцтой зөрчил. Авлига байгаа газар ядуурал, эдийн засгийн хямралаас салж чадахгүй.”

Мэдээлэлтэй байна гэдэг бүлэг эрх юм. Мэдээлэл хайх, хүлээн авах, олж авах, түгээх. Мэдээллийг хүлээж авах нь идэвхгүй эрх, мэдээллийг олж авах нь идэвхтэй эрх, мэдээллийг түгээх нь үйлдэл хийхийг шаардана. Мэдээллийг зүгээр хүлээж аваад үйлдэл болгож чадахгүй бол мэдлэг болж чадахгүй.Үндсэн хуулиар иргэд төрийн хэрэгт шууд оролцох эрхтэй. Үүний тулд нэгд, сонгох сонгогдох эрх, хоёрт, үйлдэл хийх эрх, гуравт, мэдээлэлтэй байх эрхтэй. Мэдээлэлтэй байх гэдэг бол суурь эрх юм. Мэдээлэл байхгүй бол зөв сонголт хийж чадах уу? Эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Үйлдэл хийх эрх зөвхөн энэ биш, шүүмжлэх, захидал бичих, эргэцүүллээ илэрхийлэх, гарын сүэг цуглуулах гээд олон хэлбэр бий. Мэдээлэлгүй бол хэнийг хэрхэн шүүмжлэх вэ? Санал гомдол гаргах, өргөдөл бичих ч үйлдэл ба мэдээлэлгүй бол хүссэн ч учраа олоход амаргүй. Сонгууль бол сонгогчид дөрвөн жил өөрийгөө төлөөлүүлэх хүнээ сонгож, өөрийнхөө эрх мэдлийг найрсагаар шилжүүлж буй хэрэг. Хуучин бол бэлгэдлийн шинжтэй, хүчээр сонгодог байсан шүү дээ.

Одоо чи хэнийгээ сонгохоо өөрөө мэдэх эрх мэдэл таны гарт байна. Эрх мэдлээ найрсгаар шилжүүлчихээд, хяналт тавихгүй бол тэр эрх мэдэл хүнийг самууруулчихна шүү дээ. Иргэн бүр өөрөө гүйгээд хяналт тавих боломжгүй. Тиймээс иргэний нийгэм, хараат бус хэвлэл мэдээллийнхэн иргэдийн нэрийн өмнөөс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд, эрх мэдэлд хяналт тавих эрхийг өгдөг.

Тэгэхээр нөгөө хяналт тавих, иргэдийн дуу хоолой болох ёстой хэвлэл мэдээлэл маань эрх мэдэлтэй хутгалдчих юм бол үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Ардчилсан нийгэмд төрийн байгууллага дотроо хяналттай, иргэний нийгмийн байгууллагуудын хяналттай, бүхэл бүтэн үр дүнтэй хяналт тавих механизм тогтолцоо байж гэмээнэ эрх нь зөрчигддөггүй.



Сүүлийн үед цахим дахь энгийн бичвэр ч бай сэтгүүлзүйн бүтээл эсэх нь эргэлзээтэй зүйлээр ч сэтгүүлчдийг муушаах нь тал ажиглагдах болжээ. Хараат бус сэтгүүлзүйн өмнө тулгарч буй саад бэрхшээлтэй холбоотой л доо.

Сэтгүүлчид төлбөртэй мэдээлэлтэй зууралдаад эхлэхээр “муу сайн сэтгүүлчид хэн нэгнээс мөнгө аваа байлгүй” гэсэн хардлага гаардаг. Олон нийтийн итгэл сулардаг. Энэ бол сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг бууруулах асар хортой үзэгдэл. Олон нийт хэвлэл мэдээлэлдээ итгэх итгэл суларна гэдэг нь сэтгүүлчид олон нийтийн эрх ашигт үйлчилж чадахгүй, илүүтэй улс төр, бизнесийн эрх ашигт үйлчилж байна гэсэн үг.

Media and Information Literacy буюу хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг бусад оронд дунд сургуульд заадаг болчихсон. Үүний дүнд хүмүүс сурагч байхаасаа л хэвлэл мэдээлэл гэж ийм учиртай, сэтгүүлзүй гэж үүнийг хэлдэг, сэтгүүлзүйн контентийн агуулга ингэж гардаг, эх сурвалжаа баталгаажуулаагүй тохиолдолд өөрийн цахимдаа яарч шэйрлэж түгээхгүй байх гэхчилэн мэдлэгтэй болж, аналитик, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлдэг. Одоо бараг л хүн бүр сэтгүүлч болчихсон. Хүн бүр мэдээлэл боловсруулж ажиллах боломжтой. ЮНЕСКО-гийн тодорхойлолтоор сэтгүүлзүйн үйл ажиллагаа эрхлэгчдээс гадна блоггерүүд болон нийгмийн сүлжээнд судалгаа хийж, мэдээлэл боловсруулан байнгын контент нийлүүлдэг хүмүүсийг сэтгүүлч гэж тооцдог болчихсон.

Мэдээллийн технологи хөгжих тусам иргэд үнэн худал мэдээллийг ялгаж салгах чадвар эзэмшсэн байх ёстой болж байна. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг ёс зүйгүй нэг сэтгүүлчийн үйлдлээр бүх сэтгүүлчдийг харна гэдэг бол маш өрөөсгөл байна.

-Сэтгүүлчийн хөдөлмөр, нэр хүндийг хэрхэн зохих үнэлэмжид хүргэх вэ?
- Хамгийн гол нь мэргэжлээ сонгохоос эхлэх ёстой юм билээ. Оюутан байхаас нь сэтгүүлзүй гэж юу болох, сэтгүүлч хүнд ямар эрсдэл тулгардаг, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай сайтар хэлж өгөх хэрэгтэй.

Сэтгүүлзүйн нэг багш оюутнууддаа тулгарч болох эрсдэлийн тухай их ярихаар сургуулиа хаяад гарчихдаг тухай ярьж байсан. Би бол тэр нь зөв гэж боддог. Яагаад гэвэл сэтгүүлч болохоор ажил мэргэжлийн хувьд юутай нүүр тулах вэ гэдэг эрсдэлээ мэдэхийн хэрээр эртхэн шиг өөр мэргэжил сонгосон нь дээр л дээ.

Заавал эрэн сурвалжлах сэтгүүлзүй биш ч бай, ямар ч сэтгүүлчид МЭРГЭЖЛИЙН ЭР ЗОРИГ гэж байх ёстой. Хэдийгээр тангараг өргөөгүй ч сэтгүүлч хүн олон нийтэд үнэнийг л мэдээлэх ёстой. Мэргэжлийн үүрэг нь энэ юм. Үнэмлэхүй үнэн гэж байдаггүй гэдэг. Гэхдээ үнэнд хамгийн ойр мэдээллийг, олон эх сурвалжаар баталгаажуулж мэдээллэх ёстой. Бидний үед сониноо дугаараар нь үдэж хадгалдаг, ном их уншдаг байсан. Одоо бол цахимд бүх мэдээлэл хадгалагдаж байна. Гэхдээ ямар эх сурвалж вэ гэдгийг нягтлах, судалгаа хийх хэрэгтэй.

Гадны сэтгүүлчдэд сэтгэл зүй, сэтгэц судлалын хичээл нарийн ордог. Жишээлбэл, тухайн хүн ярилцаж байхдаа худал ярьж байна уу, үгүй юу гэдгийг яаж мэдэх вэ, ярилцагчаа хэрхэн мэдрэх вэ гэхчилэн мөрдөн байцаагчийн чадваруудыг эзэмшүүлдэг. Миний “Чөлөөт илэрхийлэл, чөлөөт сэтгүүлзүй” ном е-санд бий. Түүнд мэргэжлийн хэрхэн алдаанаас зайлсхийх тухай олон улсын зөвлөмжүүд орсон байгаа. Эх сурвалжаа нууцлах нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн үүрэг бөгөөд цор ганц мэргэжлийн эрх гэж үздэг.

Нууц эх сурвалжийн мэдээлэл бүхэнд итгэж болохгүй. Давхар шалгалгүйгээр, мэдээлэл сонсонгуутаа шуугиад л нийтлээд, гэтэл нөгөө хүн нь худал ярьсан байвал өөрөө хэрэгт унана шүү дээ. Мэргэжлийнхээ мөн чанарыг маш сайн ойлгож, мэргэжлийн ур чадвартай ажиллах хэрэгтэй.

Хувийн хэвлэл мэдээлэл нь арилжааны зах зээлийн өрсөлдөөний нэг хэсэг боловч иргэдийн дуу хоолой болж, нийтлэг эрх ашигт нь үйлчилдэг утгаараа иргэний нийгэм гэж тооцогдож болно. Олон нийтийн болон хүйн хэвлэл мэдээлэл бол иргэний нийгмийн нэг хэсэг. Тэд ашгийн төлөө бус, олсон орлогоо ногдол ашиг болгон хуваарилахгүйгээр үйл ажиллагаандаа зориулдаг бол арилжааны хэвлэл мэдээлэл хувьцаа эзэмшигчиддээ хуваарилдаг. Гэвч Монголын нийгмийн өнөөгийн нөхцөлд ашигтай ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага байгаа юу эсэхийг хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл Монголын зах зээл жижиг.

Энэ жижиг зах зээл дээр олон хэвлэл мэдээлэл өрсөлдөж, ажиллана гэдэг бол том сорилт юм. Энэ сорилтын явцад яаж оршин тогтнож байна вэ гэдэг нь асуултын тэмдэг болж байна. Хэнд мөнгө байна тэр хүнээс л мөнгө авна.

Нэгдүгээрт нь, төрд мөнгө байна. Төрийн байгууллагууд, яамд зэргээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа санхүүжилт, зарим үед өгдөг байж болох сурталчилгааны төлбөр гэх мэт нь ил тод биш учраас ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн ямар байгууллагаас хичнээн төгрөг авсан нь иргэдэд нээлттэй биш байна. Нөгөө талдаа улс төрд үйлчилдэг бизнес бүлгүүд байна. Тэдгээр бүлгүүд тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө мэдээллийг түгээх сонирхолтой байдаг учраас мөн адил мөнгө төлж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын өмчлөгчид нь өөрсдөө бизнес, улс төрд ойрхон байгаа нөхцөлд цензур нь редакциар дамжин орж ирдэг. Үүнээс болж Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн цензур хүчтэй байна.

Редакцийн цензур нь сэтгүүлчдийг өөрийн цензурт хөтөлдөг. Сэтгүүлч аливаа зүйлийг илрүүлж, ил тод болгох хүсэлтэй ч өмчлөгчдийн эрх ашигтай материал нь олны хүртээл болдоггүй. Сэтгүүлч хүссэн сэдвээрээ бичсэн ч гэсэн редакци түүнийг нь гаргахгүй тохиолдлууд ч бий. Хүсээгүй сэдвээр нь бичих албадлага мөн редакцийн цензурын хэлбэр юм.

Гэтэл хуулийн хариуцлага хүлээх болохоор сэтгүүлчийн асуудал болж хувирдаг. Яагаад гэвэл хуучин Зөрчлийн хуульд гүтгэлгийн заалтаар аж ахуй нэгж байгууллага 20 сая төгрөг, сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр торгодог заалт байлаа. Энэ тохиолдолд редакци сэтгүүлчээр төлүүлэх хандлага дийлэнх байсан нь манай судалгаанаас тодорхой байгаа. Манай улсад хараат бус, цензургүй, чөлөөт, олон ургальч хэвлэл мэдээллийн байгууллага оршин тогтнож байгаа гэж хэлэхэд учир дутагдалтай. Орчин нь ч таатай бус учир ийм байдалд хүргэж байна. Дотроо олон хэлбэрийг агуулдаг эдийн засгийн цензур өндөр байна гэсэн үг.

- Үүнээс яаж зайлхийх вэ?
Чөлөөт сэтгүүл зүй бол хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаа явуулж, зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчилдэг. Өнөөдөр цэвэр олон нийтийн эрх ашигт үйлчилж чадаж байна уу гэдэг нь асуудалтай. Мэдээллүүдийг бол тодорхой хэмжээгээр шуурхай хүргэдэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурван төрлийн мэдээлэл хүрдэг. Нэг нь сэтгүүл зүйн хараат бус мэдээлэл байгаа юм. Хоёр дахь нь PR-тай холбоотой мэдээллүүд. Гурав дахь нь зар сурталчилгааны мэдээлэл. Сүүлийн хоёр нь бол цэвэр наймаа. Редакцийн орлого авчирдаг. Олсон орлогоороо хараат бус сэтгүүл зүйг дэмжих ёстой.

Гэтэл өнөөдөр PR болон сэтгүүл зүйн мэдээлэл нь холилдсон. Төлбөртэй мэдээллүүдээ төлбөртэй гэж зарладаггүй. Хамгийн гол нь PR-ын мэдээллийг сэтгүүл зүйн төрөл зүй болох ярилцлага, нийтлэл зэргээр хийдэг учир иргэд сэтгүүлчийн бүтээл гэж ойлгож, нийгэмд төөрөгдөл үүсдэг. Жишээ нь, нэг сонин дээр нэг нүүрэнд нь Оюу толгой бол буруу гэдэг талаас нь бичсэн бол дөрөв дэх нүүрэнд нь Оюу толгой бол сайн гэх зэргээр бичихэд үүнийг эрхлэгч нар тэнцвэртэй мэдээлэл түгээж байна гэж ойлгодог. Гэтэл энэхүү хоёр материал хоёулаа л төлбөртэй байдаг. Ийм учраас мэдээллүүд нь дээд болон доод гэсэн хоёр туйл дээр л суурилдаг болохоос биш дунд хэсэг буюу жинхэнэ сэтгүүл зүйн хараат бус бүтээл нь бага байна.

Уул уурхайн компани сэтгүүлчдийг урихад замын зардал, хүнс, хэрэглээгээ төлүүлсэн сэтгүүлчид тухайн компанийн талаар муу хэлнэ гэж байхгүй. Улс төрийн хувьд хараат бус байхын тулд санхүүгийн хувьд хараат бус байх ёстой. Энэ бол ОУСХ-ны тодорхойлолт юм. Хаалтын гэрээ гэж яригддаг болсон. Гэрээ нь хамтын ажиллагааны гэдэг нэрээр байдаг. Үүнд нь тухайн байгууллагын талаар сөрөг мэдээлэл явуулахгүй гэсэн заалт байдаг.

Жишээ нь, сангийн яамнаас мөнгө авсан бол тухайн байгууллагын тухай шүүмжлэлт материал нийтэлж, нэвтрүүлэхийг хориглож байгаа юм. Гэрээгээ зөрчихөд ямар хариуцлага хүлээх тухай заалт байж таарна. Тухайн компани гомдол гаргаад явахад гэрээгээ зөрчсөн тал ялагдах магадлал их. Ийм төрлийн гэрээг хийхгүй байх нь чухал.

Орчин үеийн сэтгүүл зүйн онолоор сэтгүүл зүйг гурван төрөлтэй гэж үздэг. Нэг нь болж байгаа зүйлийг тэр хэвээр нь дамжуулдаг шууд сэтгүүл зүй. Хоёр дахь нь илрүүлэх сэтгүүл зүй. Хэвлэлийн бага хурал, форум зэрэг үйл явдлаас баримт цуглуулж, түүний араас мөшгиж, дэлгэрүүлж ажиллахыг илрүүлэх
сэтгүүл зүй гэж хэлнэ. Гурав дахь нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхэд сэтгүүлчээс ур чадвар ихээр шаарддаг. Учир нь энэ нь маш гүнзгий судалгаа бөгөөд цаг хугацаа их ордог учраас зарлага ч тэр хэмжээгээр их. Мөн далд эх сурвалжуудтай ажилладаг, эрсдэл
маш өндөр, аюулгүй байдалтай холбоотой.

- Сэтгүүлчид амь нас, эд хөрөнгө, нэр хүндээрээ эрсдэлд орох талтай байдаг?
- Сэтгүүлчдийн дунд хийсэн судалгаагаар сэтгүүлчид сэтгэл зүйн дарамтад байх явдал өндөр байна. Ах дүү хамаатан садангаар нь дамжуулж дарамтлах, мөн мэдээлэл өгөхөөс татгалзах явдал ч өндөр байдаг. Төрийн байгууллагууд олон нийттэй харилцах албад өргөжиж, өөрсдөө бүтээлээ хийж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагыг түгээх хэрэгсэл гэж үзэн үүнийхээ төлөө төлбөр төлж буй.

Манай мэдээний хөтөлбөрийн дийлэнх хувь нь төрийн мэдээлэл байна. Төрийн мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж байна гэж үзэж болно. Гэтэл сэтгүүл зүйн бусад хэлбэрүүд болох дэлгэрүүлж мэдээлэх, эрэн сурвалжлах нь ховор.

“Сэтгүүлчдийг айлгадаг зүйл нь шүүмжлэлт материал нийтэлж, нэвтрүүлснийхээ төлөө цагдаад дуудагддаг нь сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаанаас харагддаг.” Байнга л ажлынхаа цагаар цагдаад дуудагдахаас сэтгүүлчид төвөгшөөж эхэлдэг. Ер нь бол улс төрч, төрийн албан тушаалтан, байгууллагууд шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг. Мөн урлаг, спортын одод, олны танил хүмүүс ч энэ бүлэгт багтдаг. Учир нь, тэдний нийгэмд нөлөөлөх нөлөөлөл их гэж үздэг.

МҮОНРТ-ийн мэдээний хөтлөгчийг рекламанд тоглохыг хуулиар хориглодог. Өдөр бүр хүмүүст харагддаг хөтлөгчдийн хэлсэн үг туйлын үнэн мэтээр хүмүүс ойлгодог. Иймээс шүүмжлэлд хүлцэнгүй хандах ёстой гэж үздэг.

Эдгээрээс гадна шүүмжлэлд өртөмтгий бүлэгт хаан, хатан хааны гэр бүл ордог. Яагаад гэвэл зарим улс орнуудад тэд томилгоонд санал хэлдэг, нөгөөтэйгүүр тэд ихээхэн хэмжээний хөрөнгө эзэмшдэг бөгөөд үүнийгээ өсгөхийн тулд ямар нэг үйлдэл хийж болзошгүй учир ирэгдийн анхааралд байж, тэднийг хянах
ёстой. Шүүмжлэлд өртөмтгий бүлэгт тохиолдлоор алдартан бологчид буюу нэг мөчид олны анхаарлыг татсан хүмүүс юм. Жишээ нь, онгоцны ослоос ганцаараа амьд үлдсэн хүн гэх мэт. Эдгээр олны анхааралд байдаг хүмүүсийг шүүжлэлд өртөмтгий бүлэг гэж үзэж, шүүмжлэлд хүлцэнгүй хандах эрх зүйн
үндсийг нь ардчилсан орнуудад тавьсан байдаг. Иймд өөрийг нь шүүмжилсэн болгонтой нь заргалдаж явах хэрэггүй гэсэн үг. Төрийн байгууллагууд ч мөн шүүмжлэлд хүлцэнгүй хандах ёстой.

- Редакциуд рекламыг доторх агуулга нь үнэн ч бай худал ч бай түгээх хандлагатай байдаг. Тэгэхээр сэтгүүлчийн өөрийн хариуцлага гэдэг зүйлтэй хамааралтай болж таарах нь?
- Зар сурталчилгаанд сэтгүүлчид уул нь ямар ч хамаагүй. Тэдний ажил биш. Маркетингийн менежер, ажилтуудын хэрэг. Редакцийн дотоод засаглалын дүрэм журмаар сэтгүүлчийг орлого олох чиглэлд оролцохыг хориглодог. Харамсалтай нь, редакциуд сэтгүүлчээ төлбөртэй мэдээлэл олох, түгээхэд
татан оролцуулж, орлогынх нь тодорхой хувийг өгдөг буруу жишиг тогтож байна. Мэргэжлийн ёс зүйн стандартуудыг зөрчсөн үйлдлүүдээс редакцууд салах ёстой. Үүний тулд өөрийн зохицуулалтыг хүчирхэг болгох нь чухал. Өөрийн зохицуулалт нь гурван түвшинд байдаг. Нэгдүгээрт нь, редакцийн
дотоод дүрэм журмууд. Редакци нийтлэл материалынхаа удирдамж, ёс зүйн кодийг батлана. Мөн төлбөртэй материалын журмыг ч баталдаг. Редакцид байх ёстой өөрийн зохицуулалт нь байхгүй байна. Санал гомдол хүлээн авах, гомдол барагдуулах нэгж ч байх ёстой. Мөн сэтгүүлчдийнхээ нийгмийн хэвлэл мэдээлэлтэй харилцах журам байх ёстой. Ардчилал төлөвшсөн улс орнуудад редакцид ажилладаг сэтгүүлч онлайн орчинд өөрийн хувийн хаягаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэхийг нь хориглосон байдаг. Учир нь, хүмүүс сэтгүүлчийн постыг редакцийн бодлоготой хамаатуулж ойлгодог. Өөрийн зохицуулалтын хоёр дахь түвшинд, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд дотроо асуудлаа ярилцах Ёс зүйн хороотой байдаг. Ийм соёл төлөвшсөн улс орнуудад хувь сэтгүүлчтэй холбоотой гомдлыг шүүхэд хандахаас илүү сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагад нь хандан гаргадаг. Ёс зүйн хороо нь асуудлыг хэлэлцэж зөв бурууг нь шүүн тунгаах ёстой. Гурав дахь түвшин нь Хэвлэл мэдээллийн зөвлөл юм.

Хэвлэл мэдээллийн зөвлөл бол редакцитай холбоотой гомдлыг хүлээж авдаг. Редакци нь тайлбараа хийж, буруу байвал уучлалт гуйх буруугаа хүлээдэг. Энэ нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах хамгийн үр дүнтэй механизм юм.

- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Номоо бэлэглэсэнд баярлалаа.
Гэрэл зургийг: Г.Халиунаа
Сэтгүүлч: М.Хонгорзул, Х.Лхагвасүрэн (Бодлогод залуусын хяналт ТББ-аас
Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Иргэний орон зайг хамгаалахад залуу
сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн төгсөгчид)

ВИДЕО: Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төв Бээжин хотод байгуулагджээ
ВИДЕО: Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төв Бээжин хотод байгуулагджээ
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.