SpaceTalk: Хамтран амьдрагчдыг гэр бүлтэй адилтган тооцох эсэхийг шүүх шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SpaceTalk: Хамтран амьдрагчдыг гэр бүлтэй адилтган тооцох эсэхийг шүүх шийднэ

Хууль зүй Дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой SpaceTalk#6 Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа.

Ярилцлагыг доорх линкээр орж, твиттер орчинд сонсох боломжтой.

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдөр авч хэлэлцэх хугацаа мөн үү?
-Өнөөдөр хэрэгжиж байгаа хууль бол 1999 оны хууль бөгөөд нийт 8 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон ч дандаа бусад хууль тогтоомжид орсон өөрчлөлтийг тусгасан байдаг. Гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах асуудал дээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр нэлээд анхаарсан. Иргэдээс бидэнд гэр бүл салсан тохиолдолд хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн асуудал, хүүхдийн тэтгэлгийн асуудлаар саналууд ирж байсан.

-Хуулийн төсөл дээр “Гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх” гэж заасан байсан. Олон улсын жишигт нийцсэн гэр бүлийн харилцаа гэж юуг хэлдэг вэ?
-Гэр бүлийн хуулийн төсөл нь өргөн хүрээтэй, олон асуудлыг тусгасан байдаг. Эд хөрөнгийн ашиг сонирхол, гэр бүлийн гишүүд харилцан тэжээн тэтгэх зэрэг асуудлууд байгаа. 1999 оны хуульд олон улсын эрхзүйтэй холбоотой асуудлууд тусгагдаагүй байсан. Гадны иргэдтэй гэр бүл болох, гадаад улсад монголын иргэд гэр бүл болон хамтран амьдарч байна. Тиймээс 9-р бүлгийг нэмсэн нь олон улсын харилцаа, зөрчилтэй холбоотой.

-Гэр бүл салалт, хүүхдийн тэтгэмжтэй холбоотой тоо баримтуудыг дурьдаач?
-Манай улсын нийгмийн хүн амын бүтцээс шалтгаалж гэрлэлт жилд 6,6 хувиар нэмэгдэж байна. Жилд 6,6 хувиар нэмэгдэж байна. Цуцлах шүүхийн маргаан сүүлийн 10 жилд 10 хувиар нэмэгдсэн байна. Шүүхийн шийдвэрийн статистикаас харахад 2022 онд 53678 иргэний хэрэг шийдвэрлэгдсэнээс Гэр бүлийн тухай хуулиар 4732 хэрэг шийдвэрлэсэн байна. Иргэний хэргийн 10 орчим хувийг гэр бүлийн маргаан. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргаан энэ тоонд багагүй хувь эзэлдэг. Өнөөдрийн хуулиар гэр бүл цуцлах нэхэмжлэл гаргалаа гэхэд шүүх өөрийн санаачлагаар хүүхдийн эрх ашгийг хамгаалах шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэрлэгчид нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан эсэхээс үл хамаараад хүүхдийн тэтгэлэг, хүүхэдтэй уулзах нөхцөл зэрэг асуудлуудыг шүүх шийддэг болгохоор тусгасан. Ингэснээр гэр бүлийн маргааныг хүүхдийн эрх ашгийг шийднэ гэж бодож байна. Жил бүр хүүхдийн тэтгэлэг тогтоох 14 мянган хүсэлт гардгаас, 50-60 орчим хувь нь л биелдэг. Иргэдээс гаргадаг санал нь хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ хангалтгүй байна гэдэг.

-Гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулах саналыг хаанаас гаргав?
-Иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нийт маргааны 10 орчим хувийг гэр бүлийн хуультай холбоотой маргаан эзэлж байна. Цаашдаа хүүхдийн эрхийн асуудал зэрэг дээр дагнасан шүүх байх нь зүйтэй гэж үзсэн. ХЗДХЯ дээр нийслэлд Гэр бүл, хүүхдийн асуудлаар дагнасан шүүх байгуулах хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Засгийн газар, ХЗДХЯ-наас санаачилж, боловсруулагдаж байна.

-Хуулийн төсөлд “Улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд гэр бүл гэж тооцно” гэх агуулгыг тусгасан байсан. Энэ тохиолдолд хамтран амьдрагчдыг гэр бүлд тооцохгүй юм байна, тийм үү?
-Гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарч байгаа иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр амьдарч байгаа хосуудын дундын эд хөрөнгө, хүүхэдтэй болж байгаа хосуудын хувьд хамтын амьдралаас гарах үр дагаврыг зохицуулахаар хуулийн төсөлд суулгаж өгсөн. Тодорхой хуульд заасан шаардлагуудыг хангах юм бол шүүхээс гэрлэлттэй адилтган үзээд эд хөрөнгө, хүүхдүүдтэй холбоотой маргааныг зохицуулахаар тусгасан. Тухайлбал, 21 дүгээр зүйл дээр хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болсон гэж үзвэл дараах нөхцлийг харгалзан хамтын амьдралыг гэрлэлттэй адилтган тооцож болно гэсэн. Нэгдүгээрт, багадаа 5 жил хамтран амьдарсан эсэх, хамтдаа үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа эсэх, нэг оршин суух хаягтай эсэх, хүүхэдтэй болсон эсэх зэрэг асуудлыг тусгасан. Хамтын амьдрал дуусгавар болоход хамтран амьдрагчдын хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлтэй адилхан эрх эдэлнэ гэж заасан. Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн гол зорилго нь аль болохоор гэрлэлтээ бүртгүүлж хамтын амьдрал зохиоход залуусаа дэмжинэ.

-Тэгэхээр хамтран амьдрагчдыг гэр бүл гэж тооцохгүй юм байна тийм үү?
-Тооцохгүй. Гэрлэлттэй адилтгах харилцаа эсэхийг шүүх тогтооно.

-Олон эмэгтэйчүүдээс нэг, нэг хүүхэдтэй болчихсон залуус байдаг. Үүнээс үүдэлтэйгээр ганц бие ээжүүд маш их байсан. Энэ асуудлыг хуулийн төсөлд тусгасан уу?
-Гэр бүлийн хуулийн зохицуулж байгаа харилцаа нь хувийн эрхзүйн суурь харилцаа юм. Тиймээс хуулийн хамрах хүрээ нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, эд хөрөнгийн асуудал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхэдтэй холбоотой гэх зэрэг харилцааг зохицуулдаг. Анх энэ хуулийн төсөл ХНХЯ дээр байхдаа тунхаглалын шинж чанартай, хууль зүйн хувьд биелэх эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна гэж ХЗДХЯ руу шилжүүлсэн. Гэрлэлт гэдэг талуудын чөлөөт байдал дээр үндэслэнэ. Талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр гэр бүл болох эсэхээ шийддэг. Манай ҮНдсэн хуульд заасан суурь зарчим бол гэрлэлт бол эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэсэн байдаг. Таны ярьж байгаа асуудал нь энэ хуулиар зохицуулна гэхээс илүү бусад нийгмийн асуудалтай холбоотой байх.

-ДНХ шинжилгээ авч болно гэж хуулинд заасан байна. Хэрэв энэ нь сайн дураар хийгдэх юм бол заавал хуулинд тусгахын учир нь юу вэ?
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад яагаад ДНХ шинжилгээ өгөх заалтыг тусгах шаардлага үүссэн бэ гэхээр УИХ-аас 2022 онд тогтоол гарч, Засгийн газарт чиглэл өгсөн. Шүүх шинжилгээний газарт эцэг, эхийг тогтоох шинжилгээг авч байгаа. Гэхдээ гэрлэхийг хүссэн хоёр хүн төрөл садангийн мөн эсэхээ шинжлүүлэх хууль эрхзүйн орчин бүрдээгүй байгаа. Гэхдээ цаашдаа хүн амын өсөлтийг дэмжихтэй холбогдуулаад, цаашдаа хэрэгцээ шаардлага байна гэж ДНХ шинжилгээ өгөх боломжийг тусгасан. Заавал өгнө гэсэн үг огт биш. Шинжилгээг авдаг болоход бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй. Мэдээллийн сан бүрдүүлж, иргэдийн дунд цус ойртолтын асуудал хэр байгааг судлах хэрэгтэй. Иргэд хүсвэл хийлгэж болно гэдэг ч энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх лабораторийн болон холбогдох бусад бэлэн байдал байхгүй. Тиймээс цаашдаа монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ нь хэрэгтэй юм байна гэж үзсэн.

-Яваандаа “Заавал өгнө” болчих юм биш биз дээ?
-Тэгэхгүй. Үндсэн хуульд гэрлэлтийг тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гээд заачихсан. Тиймээс заавал хийнэ гэж заах нь нэгдүгээрт, хувийн эрхзүйн харилцааны асуудлыг зохицуулах боломжгүй, хоёрдугаарт, тэгэх шаардлага ч байхгүй.

-Монголын нийт хүн амын 6,1 хувьд цус ойртсон байх магадлалтай гэж судалгаанд дурьдсан байсан. Гэхдээ та ДНХ авах бэлтгэл ажлаа хангаж байна гэсэн. Хүмүүс бол өгөхгүй гэхээсээ илүүтэй аюулгүй байдалд анхаарч байх шиг?
-Мэдээж бид мэдээллийн аюулгүй байдлыг хамгаална, энэ бол чухал асуудал. Үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулагдаж байна. Гадны улсуудад ДНХ шинжилгээ авдаг жишгүүд байдаг, манай иргэд ч гадагшаа явахдаа энэ төрлийн шинжилгээг өгдөг. Тэгэхээр бид энэ төрлийн үйлчилгээг хийх бэлтгэл ажлыг л хангасан гэж үзэж болно.

-Гэрлэлтийн гэрээний зохицуулалт нь юу вэ?
-Иргэний хуульд энэ төрлийн заалт байдаг. Цаашдаа гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гэрлэлтийн гэрээг энэ хуулийн төсөлд тусгасан. Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хэрхэн хуваах вэ, хэрхэн ашиг хүртэх вэ, гэрлэгчид гэр бүлийн хэрэгцээний зардлыг хэрхэн хуваарилах вэ гээд зөвхөн эд хөрөнгийн асуудлыг хэрхэн зохицуулахыг тусгасан. Гэр бүлийн гишүүдийн эрх, эрх чөлөө, эрхзүйн чадамжийг бууруулсан, эцэг эх байхыг хассан хязгаарласан зохицуулалтыг тусгаж болохгүй гэх зэрэг хориглосон заалтуудыг мөн оруулсан. Гэрлэлтийн гэрээ бол үр дагавар ихтэй гэдгийг иргэд бас ойлгох хэрэгтэй.

-Хүүхдийн асуудлыг хэрхэн тусгасан бэ?
-Гэр бүл цуцалж байгаа шүүхийн маргаанд эрх нь хамгийн ихээр зөрчигдөж болзошгүй гэр бүлийн гишүүн бол хүүхэд юм. Нэн түрүүнд гэр бүл цуцлах үед хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг аль болох хүртээмжтэй байхад анхаарч тэтгэлэг төлөгчийн орлого, эд хөрөнгөөс хамаарч тусгай аргачлалын дагуу тогтоохоор заасан. Өнөөдрийн хуулинд хүүхдийн амьдарч байгаа бүсээс хамаарч цалингийн доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөөр тогтоосон. Гэхдээ энэ нь амьдралд хэрэгжихэд төвөгтэй байна. Мөн хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн хүүхэдтэйгээ уулзах боломжийг хангаж өгөхөөр тусгасан. Гэр бүл салсан ч хүүхэд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх, мөн тэтгэмж өгөх хариуцлагаас зайлсхийх боломжгүй байхаар тусгасан. Өөр нэг асуудал бол хүүхдийн хуваарьт хөрөнгө. Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн асуудлыг зохицуулахын тулд Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Хүүхдийн хуваарьт хөрөнгийг эцэг, эх нь ашиг сонирхолд нь зохицуулж захиран зарцуулна гэж заасан. Хүүхэд насанд хүрснээс хойш 10 жилийн дотор хуваарьт хөрөнгийг нэхэмжилж болно гэж оруулсан. Тодорхой шалтгааны улмаас эцэг, эх байх эрхийг 6 сар хүртэл хугацаагаар хасаж болно гэж мөн тусгасан. Гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах юм.

-Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуулийн 9-д харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоногэдгийг ХҮЧИНГҮЙД тооцно гэж оруулжээ. Шалтгаан нь юу юм бол?
-Хэрвээ гадаадад гэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуульд харшлахгүй бол Монгол Улсад хүлээн зөвшөөрнө гээд заачихсан. Гэрлэхэд харшлах шалтгаан гэж байгаа. Тухайлбал, 18 хүрээгүй бол, өмнөх гэрлэлт нь хүчинтэй байгаа, төрөл садангийн холбоотой бол, бие биенээ асран хамгаалагч-харилцан дэмжигч бол гэрлэхэд харшлах шалтгаан гэж үздэг. Манай улсын хууль тогтоомжийн хүрээнд хориглох заалт байгаа бол гадаад улсад хүчинтэй бүртгүүлсэн, хамт амьдарч байсан иргэдийн гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ аль улсын хуулийг баримтлах вэ, хэрхэн шийдэх вэ гэдгийг 9 дүгээр зүйлээр шийднэ.

Орос улс “олон улсын ЛГБТ хөдөлгөөн“-ийг хориглоно
Орос улс “олон улсын ЛГБТ хөдөлгөөн“-ийг хориглоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.