SpaceTalk#7 Л.Галбаатар: Өөрийгөө хамгаалах гэсэн иргэн вирусийн программ худалдан авсан ч хэрэгтэн болж магадгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SpaceTalk#7 Л.Галбаатар: Өөрийгөө хамгаалах гэсэн иргэн вирусийн программ худалдан авсан ч хэрэгтэн болж магадгүй

\2023.11.18\ SpaceTalk#7 энэ удаад хуульч Л.Галбаатартай ярилцлаа. Ярилцлагыг твиттерийн хэсгээс сонсох боломжтой.

-Хувь хүнийг тагнах, чагнах тохиолдол ер нь хэр их гардаг вэ?
Улсын Ерөнхий Прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд өгсөн албан бичигт албан ёсны тоонуудыг хавсаргасан байсан. 2020-2023 онуудад мөрдөн гүйцэтгэх ажил явуулах эрхтэй этгээд буюу тагнуулын байгууллагын албан хаагчид хууль зөрчиж гүйцэтгэх ажил явуулсан гэх 16 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөн гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээдүүд тагнаж чагнасан 12 хэрэг шалгасан. Дунджаар нэг жилд 3-4 ийм хэрэг гардаг гэсэн үг.

-Гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй субьектийг хэлж өгөөч? Энэ талын мэдээлэл иргэдэд илүү хэрэгтэй байх.
-
Монгол Улсад гүйцэтгэх ажлын тухай 1997 онд батлагдсан хуулинд гүйцэтгэх ажил явуулах эрхтэй байгууллагуудын жагсаалтыг гаргаж өгсөн. Үүнд:

  • Тагнуулын байгууллага,
  • Цагдаагийн байгууллага
  • Шүүхийн шийдвэр биелүүлэх газар
  • Авилгатай тэмцэх газар
  • Цэргийн тагнуулын байгууллага

-Хувь хүний нууцын асуудлыг энэ явцад хэрхэн хамгаалахаар заасан байдаг вэ? Иргэн өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
-
Хуулиар гүйцэтгэх ажил явуулах байгууллагын жагсаалтыг баталсан боловч энэ байгууллагууд өөрсдөө хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Дур зоргоороо биш тодорхой дүрэм журам хяналттай явдаг. Зөвхөн сүүлийн гурван жилд гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсан 16 хэрэг бүртгэгдсэн байгаа нь үүний цаана ийм хэмжээний асуудал байгааг харуулж байна.

Иргэн өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлага байгаа. Халдашгүй чөлөөтэй байх хувийн орон зайгаа хамгаалахын тулд төрийн байгууллагыг хүлээхгүйгээр өөрийгөө хамгаалах эрх бас бий.

Тагнаж байгаа эсэхийг мэдэхийн тулд энгийн нүдээр эсвэл камер, сонсох төхөөрөмжөөр илрүүлэх боломжгүй. Тусгай зориулалтын тоног төхөөрөмж, программ хангамж шаарддаг. Энэ бүхнийг иргэн худалдаж аваад ашиглая гэхээр 2020 оноос эхлээд энэ үйл ажиллагаа нь гэмт хэрэгт тооцогдох болсон. Эрүүгийн хуулийн 21.13-р зүйлийн 2-дах хэсэгт зааснаар гэмт хэрэгтэн болох үр дагавартай.

-Цэц дээр яг энэ заалт дээр маргаан үүсгэсэн гэж ойлгосон. Үндсэн хууль энэ асуудлаар ямар дүгнэлт гаргав?
-
Үндсэн хуулийн цэц эхлээд хүлээж аваагүй. Үндсэн хуулийн маргаан биш гэж үзсэн. Маргаан үүсгэх эсэхийг ҮХЦ-ийн нэг гишүүн шийддэг. Тиймээс дахин гомдол гаргаж хэлэлцэхээр болсон. 2023 оны 5 сард ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6.3 "Гүйцэтгэх ажлын тусгай тоног төхөөрөмж гэдэгт мэдээ өгөгдөл баримтыг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, илрүүлэхэд зориулагдсан техник тоног төхөөрөмж түүний бүрдэл хэсэг программ хангамжийг хэлнэ" гэж заасан. Энэ заалтын илрүүлэхэд гэдэг үг нь иргэний өөрийн халдашгүй байдлыг хамгаалах эрхийг зөрчсөн гэж үзэн 5-р сарын 17-оос эхлээд түдгэлзүүлсэн.

Харин УИХ энэ асуудлыг хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй. Энэ явцад Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдлын байнгын хороо хаалттай хэлэлцсэн. Өчигдөр энэ асуудлыг ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хаалттай хэлэлцлээ. Учир нь УИХ болон ТЕГ-аас цэцэд ирүүлсэн тайлбар дээрээ “Маш нууц” гэсэн тэмдэг дарсан байсан тул төрийн нууцын асуудал яригдана гэж үзсэн.

Харамсалтай нь шийдвэр эсрэгээрээ ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны 2023 оны 3-р дүгнэлтийг хүчингүй болгож, "Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна" гэдэг агуулгаар шийдвэр гаргалаа. Үр дагавар нь Эрүүгийн тухай хуульд заасан "Гүйцэтгэх ажлын тусгай техникийг олж авсан, ашигласан, борлуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэдэг заалт хүчин төгөлдөр хэвээр үйлчлэх боллоо. Иргэд гэмт хэрэгтэн болох эрсдэл хэвээрээ үлдсэн гэж ойлгож болно. Цэц иргэдийн талд биш Улсын Их хурлын талд шийдвэр гаргасан.

-Хувь хүнд ямар эрсдэл учирч болох вэ?
-
Тагнаж чагнах үйл ажиллагаа гэхээр хүмүүс нөлөө бүхий бизнесмэн, олны танил хүмүүст хамаатай, бидэнд хамаагүй гэж боддог. Гэтэл БНСУ-д эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд толиных нь ард камер байрлуулсан хэрэг гарч байсан. Ингээд бодвол энэ асуудал хүн бүхэнд хамаатай. Хууль бусаар, нууцаар тагнах чагнах бичлэг хийх эрсдлээс хүн хамгаалахын тулд техник хэрэгсэл тусгай программ хангамж ашиглахаас өөр аргагүй. Гэтэл үүнийхээ төлөө гэмт хэрэгтэн болохоор хуулийн заалттай байгаа нь том эрсдэл. Албаныхан энэ дээр "Үнэхээр сэжиглэж эргэлзэж байгаа бол Тагнуулын байгууллагад дуудлага өгөх боломжтой" гэх өнгөц тайлбар өгөөд байгаа юм.

-Тагнах чагнах төхөөрөмж гэдэгт юу багтаж байна вэ?
-Юуг
багтаахыг Тагнуулын байгууллага өөрөө тогтооно. Тэд юу гэж тодорхойлсноос шалтгаалж гэмт хэрэгтэн болно, эсвэл болохгүй. Ийм том үр дагавартай.

-Тагнуулын байгууллагад дуудлага өгөхөөр болохгүй нь юу байгаа вэ?
-
Хууль бусаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг жишээнүүд шүүхээр шийдэгдээд байна. Тэгэхээр тэдэнд итгэх эсэх асуудал эргэлзээтэй. Нөгөө талаас иргэдийн хардлага болгонд ирж шалгаад байх нөөц төрийн байгууллагад байгаа юу? Ирж шалгаж байгаа нэрээр ахиад нэмэлт суулгачихыг үгүйсгэхгүй.

-Сэтгүүлчдийн дуу хураагуурыг жишээ нь тагнаж чагнасан хэрэглэгдэхүүн гэж үзэж болно гэсэн үг үү? Гар утсанд ч гэсэн дуу хоолой бичих хэсэг байдаг.
-
Иргэн өөрөө бусдыг тагнаж чагнах хуулиар хориотой. Зөвшөөрөлгүй нууцаар бичлэг хийх, дуу хураах хууль бус үйлдэл. Гол нь иргэн үүнийг өөрөө илрүүлэх гэдэг дээр асуудал байна.

-Гэмт хэрэгтэн болгож байгаа зүйл заалт нь ямархуу хариуцлага хүлээлгэхээр байгаа вэ?
-
2,7 сая төгрөгөөс 14 сая төгрөгөөр торгоно. Эсвэл зургаан сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлнэ. Өөрийгөө хамгаалсны төлөө ийм эрсдэл үүрэх нь. Илрүүлэх зориулалттай тоног төхөөрөмж олж авсан нэг хэрэг цэцийн хуралдаантай холбоотой түдгэлзсэн байсан. Цэц шийдвэр гаргасан учраас энэ хэрэг шүүхээр шийдэгдэж ял авах магадлалтай байгаа.

-Иргэдэд энэ эрхийг өгвөл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учирна, гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй болно гэдэг тайлбарыг албаныхан хэлсэн байна?
-
Япон, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс иргэддээ илрүүлэх төхөөрөмж ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Тэглээ гээд асуудал гарсан зүйлгүй. Энэ бол хүлээж авамгүй үндэслэл.

-Цэцэд өгсөн гомдол дээр вирусын программ хүртэл энд багтана гэж бичсэн байсан. Энэ талаар ?
-
Вирусын программыг багтаах эсэхийг Тагнуулын байгууллага өөрөө тодорхойлно. Тэгэхээр орж ч магад орохгүй ч байж магад. Ийм тодорхойгүй яаж ч тайлбарлаж болох зүйлийг оруулсан нь өөрөө Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна гээд байгаа юм. Хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах ёстой. Гэтэл хуулиар биш Засгийн газрын нэг агентлаг, байгууллагын нэг албан тушаалтны шийдвэрээр хүний эрхэд халдах эсэхийг тодорхойлно гэдэг бол Үндсэн хуульд нийцэхгүй.

-Хүний эрхийг зөрчихөөс гадна нөгөө талаас /эрх бүхий байгууллагууд/ Тагнуулын байгууллагын нөлөөг томруулж байгаа гэж ойлгож болох уу?
-
Нэг тохиолдол байна. МҮОНРТВ-ийн сэтгүүлчид ТЕГ -т гомдол гаргасан. Уран бүтээлчдийг тагнаж чагнаад байна гэж. ТЕГ-аас тайлбар өгөхдөө камерийн үзүүлэлтүүдийг нь бичээд "Энэ бол гүйцэтгэх ажлын тоног төхөөрөмжид хамаарахгүй" гэсэн хариу өгсөн байдаг. Яагаад хамаарахгүй вэ гэдгийг нь тайлбарлаагүй. Иргэд өөрсдөө яагаад хамааруулахгүй гэдгийг нь хайж олоод мэдчих дүрэм журам байхгүй. Тухайн тохиолдол бүрт субьектив байдлаар тодорхойлоод байгаа нь үр дагавартай. Ялангуяа Засгийн газрыг шүүмжилж байгаа иргэний нийгмийн идэвхтэн хүний эрх хамгаалагчдыг нууцаар мөрдөх мөшгих тагнадаг чагнадаг асуудлууд нийтлэг байдаг. Гүйцэтгэх ажлын хяналт хангалтгүй учраас иргэн өөрийгөө хамгаалах шаардлагатай. Үндэсний аюулгүй байдал, хүний эрх хоёрын тэнцвэрийг хангах ёстой. Гэтэл ҮХЦ-ээс "Гүйцэтгэх ажил нэгдүгээрт чухал" гэж хандсан нь олон улсын гэрээ, үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Отор нүүдэл, мах бэлтгэлийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгалаа
Отор нүүдэл, мах бэлтгэлийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгалаа
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.