Шамбалын орноор зорчсон тэмдэглэл: Үргэлжлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шамбалын орноор зорчсон тэмдэглэл: Үргэлжлэл

Bhutan: A Himalayan Mystery - “What You Might Not Know about Bhutan” -  Workforce BluePrint

Шамбалын орноор зорчсон тэмдэглэлийн үргэлжлэлийг хүргэж байна.

Та өмнөх тэмдэглэлийг ЭНД дарж уншина уу.

БУТАН ЗОН

Бутанчуул өндөр уулын хүмүүс болохоор хөл үнэхээр сайтай. Хайвагнасан майжигнасан хөгшчүүл ёстой алга. Дотроо бас царайны хэлбэр хэдэн янз байна. Сайн ажиглавал царайны хувьд 4-5 нийтлэг төрхтэй, ерөнхийдөө төвөд зүгийнхэн. Манай Баянхонгор Говь-Алтайнхан бол тэр чигээрээ байна лээ. Хойд зүг рүүгээ том биетэй, баруун урд тал руугаа ухаа ягаан шар, баруун тал нь энэтхэг царайтай болчих юм. Зүүн зүгийнхэн жижиг хамартай, лао-камбож төрх гарч ирнэ.

Манай төв халхын, цайвар царайтай хүүхнүүд хөөрхөн хүүхэнд тооцогдоно. Манайхан бол шууд ОД. Ямар сайндаа л хатан хаан Жавзанпагматай адилхан бүсгүйчүүд миний эргэн тойронд лавтай гурвын зэрэг байна шүү. Биднээс ялгаатай нь шанааны яс бага, дүгэриг царайтай, хамар сайтай.

Өмнө бичсэнчлэн төвөд хэлний зонха аялгаар ярьдаг, төвөд үсэгтэй. Гэхдээ аль аймаг буюу зонхагаас хамаараад аялгатай юм билээ. Манай тур компанийн захирал National Geographic оператор Кинлэй маань хөдөөнөөс ирж хотод ажиллаж байгаа торго сүлжигч эмэгтэйтэй ойлголцохгүй байхад туслах хөтөч Цэнгэл төвөггүй ярьж байсан нь нэг нутгийнхан болж таарсан.

Цааш нь судлахаар хөдөөний гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хөөрхий эмэгтэйчүүд очих газаргүй байдаг тул хот руу зүтгэж, дотуур байранд амьдран иймэрхүү ажил хийх нь элбэг гэж байна лээ. Бүр эмэгтэйчүүдийг дэмжих аялал жуулчлал гэдэг бүтээгдэхүүнтэй, хөтөч нь эмэгтэй, тур компанийн захирал нь эмэгтэй, тэгээд ирж байгаа жуулчид нь эмэгтэй. Групп Герман жуулчидтай таарсан нь тийм аялал хийж яваа хүмүүс болж таарсан шүү. Хөтөч Цэнгэлийн ээж лав эмэгтэйчүүдийг дэмжих тийм ТББ-д ажилладаг гэж байсан.

Бутан хүүхнүүд хүчтэй, хошин шогийн мэдрэмж сайтай. Манай найзын эхнэр биднийг очих үеэр Непал руу эргэл мөргөл хийх гээд явсан бөгөөд нөхрийг чинь зарчих уу гэсэн “ок, ашгаа 70/30% хуваана шүү” гэж авсан. Ер нь яг танилцаад нөхөрлөвөл нээлттэй, ааш араншин нь даруу төлөв, амьдралдаа талархалтай, жаргалтай хүмүүс юм. Овор багатай, жингийн илүүдэл бага, хөл гар чанга.

БУТАН ГЭХ НЭР