Японы засгийн газраас технологийн секторт ажиллах хүчин дутагдалтай байгаа асуудлыг засахын тулд дунд насны ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдээ технологийн мэргэжил эзэмшүүлэн дадлагажуулах хөтөлбөр ирэх жилээс туршиж эхлэх гэж байна.
Тус улсын хөдөлмөрийн яам программ хангамжийн хичээл сургалтад сууж байсан ч, одоогоор мэдээллийн технологийн бус салбарт ажилладаг 40-50 орчим насны иргэдээ энэ хөтөлбөрт хамруулах ажээ. Хөтөлбөрт хамрагдсан дадлагажигчид технологийн компаниудад 6 сарын хугацаатайгаар томилогдох бөгөөд энэ хугацаандаа сургагч багш нарын удирдлага доор уртасгасан хугацааны сургалт авах юм.
Хөдөлмөрийн яамны уг хөтөлбөрт одоогоор мэдээллийн технологийн салбарын 60 гаруй компани хамрагдах төлөвтэй байгаа ба хөтөлбөр эхний ээлжинд туршилт байдлаар хэрэгжих юм. Дадлагажигч иргэдэд мэдээж хэрэг зохих хөдөлмөрийн хөлсийг нь олгох аж.
Япон улсад 2030 он гэхэд мэдээллийн технологийн салбарт 800000 мэргэжилтний дутагдал үүснэ гэж тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам таамаглаж байна. Тиймээс энэ сул орон зайг нөхөхийн тулд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ахимаг насны ажилтнуудаар дутуу орон тоог нөхөх зорилготой гэнэ. Японд нас тогтсон иргэд ажлаа сольж, шинэ салбарт хүчин зүтгэх боломж туйлын хомс байдаг бол дээрх хөтөлбөрийн ачаар тэд өсөн дэвжих боломжтой шинэ секторт шилжин ажиллаж болно гэсэн үг.
Хөтөлбөрийн туршилт шат болох эхний хоёр жилийн хугацаанд 35 буюу түүнээс дээш насны 2400 гаруй хүн дадлагын ажилд шилжиж ажиллана. Хэрэв энэ туршилт үр дүнтэй болбол хөдөлмөрийн яам уг хөтөлбөрийг бүрэн хэмжээнд, улс даяар хэрэгжүүлж эхлэх юм.
Японы ерөнхий сайд Фумио Кишида ч дижитал эдийн засгийн сектор нь тус улсын эдийн засгийн тэргүүлэх салбар байх ёстой гэж мэдэгдсэн ба энэ салбарын боловсон хүчний хөгжилд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа гэж байсан билээ. Тийм ч учраас Японы хөдөлмөрийн яам ажилчдыг дахин сургах, технологийн мэргэжил эзэмшүүлэхтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдэд зориулж, 2024 оны улсын төсөвт 200 тэрбум иен суулгаж өгөх хүсэлт тавиад байна.
Японы хөдөлмөрийн зах зээлд олон жил ноёлж ирсэн “насаараа нэг компанид ажиллах” үзэгдэл сүүлийн үед багасч, ажилласан жилээрээ дэвших явдал багасч байгаа нь тодорхойгүй байдал үүсгэж байгаа тул хижээл, ахимаг насны ажилтнууд ч ажил мэргэжлээ солих талаар сүүлийн үед их бодох болсон гэнэ.
Засгийн газраас хийсэн судалгаагаар, шинээр ажил хайж байгаа, ажлаа солих бодолтой байгаа 45-64 насны ажилчдын тоо энэ жил 3,46 сая хүрсэн нь 4 жилийн өмнөхөөс даруй 27 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ажил мэргэжлээ солих талаар хамгийн их сонирхож байгаа насны бүлэг нь энэ насныхан гэж судалгаанд дурдагджээ.
Үүний зэрэгцээ хувийн хэвшлийн компаниуд ч ажилтнууддаа дижитал технологийн ноу-хау, танилцуулах сургалт орж эхэлсэн мэдээтэй байна. Тухайлбал, All Nippon Airways компани энэ оны 5-р сараас эхлэн, 50-58 насны ажилтнууддаа дахин мэргэшүүлэх хөтөлбөр явуулж, дижитал технологийн ур чадварууд болон мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтыг эхлүүлсэн бол Sapporo Holdings компани бүх ажилтнууддаа дижитал технологийн ур чадвар эзэмшүүлэх зорилт тавьж, группийн хэмжээнд 6000 ажилтандаа зориулж, технологийн сургалт явуулсан байна.
Hitachi групп нь нас тогтсон ажилтнуудаа дахин мэргэшүүлэх энэхүү санаачилгын анхдагч гэж тооцогддог бөгөөд тус группийн хүний нөөцийн албаны дарга Хиденобу Накахатагийн үзэж байгаагаар энэ хөтөлбөр амжилттай хэрэгжихэд дан ганц сайн сургалт байгаад зогсохгүй, ажилтнуудын сэтгэлгээг цогцоор нь өөрчилж бэлдэх нь ач холбогдолтой гэжээ.
Эх сурвалж: asia.nikkei