-www.mpress.mn сайт БНСУ-д ажиллаж байна-
/2023.9.11/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байна.
Айлчлалын үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзлаа.
Юн Жэ Уг:
-2011 онд манай хоёр улсын парламент Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй үргэлжилж байгаад баяртай байна. Улсын Их Хурлын даргын энэхүү айлчлал нь манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байна гэлээ.
Г.Занданшатар:
-Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын төлөөллийг хангах зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй, сонгодог парламентын мэтгэлцээний зарчимд шилжүүлэх чиглэлээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн сайн туршлагыг бид судлаж байна. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг шинэчлэхээр ажиллаж байна.