/2023.09.11/: Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 23 минутад Ховд аймгийн Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна.
Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлэгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ.
Урьдчилсан байдлаар жолооч “С” нь замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota” маркийн “Prius” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, шатсан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,
- Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,
- Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,
- Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх,
- Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой,
- Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.