Хотын дарга Багануур дүүргийн төрийн алба хаагчидтай уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга Багануур дүүргийн төрийн алба хаагчидтай уулзлаа

/2023.09.05/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, ажлаа авснаасаа хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.

Тус уулзалтад дүүргийн харьяа хэлтэс, алба болон сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон 160 ажилтан, албан хаагч оролцсон юм. Улаанбаатар хотын төвөөс 130 км алслагдсан Багануур дүүрэг нь 29,341 хүн амтай бөгөөд 71.3 хувийг нь 35 хүртэлх залуучууд бүрдүүлдэг.

Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцэж, хотын түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үлдээх түүхэн шийдвэр гаргасан юм.

Түүнчлэн нийслэл анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болсон бөгөөд энэ нь ажил хэрэг болж, нийслэл бонд гаргах зөвшөөрлөө аваад байна.

Тэрчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв буюу “Think tank”-ыг анх удаа байгуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж буйг Хотын дарга онцлов.

Тус төвөөс Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 86 үзүүлэлтээр тодорхойлсон бөгөөд өдгөө 0.464 буй. Үүнийг 2025 онд 0.570, 2030 онд 0.630, 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байна.

Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд сургуулиуд болон лицей сургуулиудыг нүүлгэх шаардлага бий.

Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шархад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэх юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж, цогц байдлаар нь баталж чадвал эдийн засаг хийгээд засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдэнэ. Хотыг хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо чухал учраас өнөөдөр та бүхэнд нийслэлийн удирдлагуудын баримталж буй бодлого, түүний хүрээнд хийсэн ажлуудыг танилцуулж байна. Энэ бүгдийг судалгаа, шинжилгээнд суурилан боловсруулж, шийдвэр гаргаж байгаа” хэмээсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

Буулгахаар болсон Шунхлай ШТС-ын шатахууныг соруулж байна
Буулгахаар болсон Шунхлай ШТС-ын шатахууныг соруулж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.