/2023.09.01/: Эх хэлний өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үнэгүй үзээрэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 01-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон зарласан. Эх хэлний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан Үнэт ховор номын музейгээ олон нийтэд үнэгүй үзүүлнэ.
Үнэт ховор номын музейд ЮНЕСКО болон Монгол Улсын Хосгүй үнэт өвд бүртгэлтэй монголчуудын бичиг номын гайхамшигт дурсгалууд, монголчуудын ном бүтээх олон янз уламжлалыг харуулсан сонин содон ном, эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арвин өв, бичгийн хэрэгсэл, эд өлгийн ховор нандин зүйлс хадгалагдаж байна.
Эрхэм уншигч олныг Үнэт ховор номын музейгээр үнэгүй үйлчлүүлэхийг урьж байна.