Гэгээн Ширээт Улс: Энэ оны байдлаар 1000 орчим хүн амтай
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэгээн Ширээт Улс: Энэ оны байдлаар 1000 орчим хүн амтай

Гэрэл зургийг: Aliona & Pasha

/2023.8.31/ Пап Францисын Гэгээн Ширээт Улсын талаарх танилцуулгыг хүргэж байна.

Тус улс нь Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хот дотор 0,44 км2 нутаг дэвсгэртэй хот улс бөгөөд Монте-Ватикано дэнж дээр байрладаг.

Энэ оны байдлаар 1000 орчим хүн амтай. Хүн амын дийлэнх нь Итали, Швейцар гаралтай хүмүүс. Албан ёсны хэл нь итали, латин.

Европын Холбоотой байгуулсан хоёр талын хэлэлцээрийн хүрээнд еврог албан ёсны мөнгөн тэмдэгтээр ашигладаг.

Италийн Ерөнхий сайд Бенито Муссолони, Папын Төрийн нарийн бичгийн дарга (Ерөнхий сайд), кардинал Пиетро Гаспарри нар 1929 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Латераны гэрээ”-нд гарын үсэг зурснаар Италийн нутаг дэвсгэрт тусгаар тогтносон, бүрэн эрхт Гэгээн Ширээт Улсыг байгуулж, Ватикан хотыг хүлээн зөвшөөрсөн.

Латераны гэрээ нь католик сүмийн Италийн Хаант Улсын засаг, захиргаан дахь нөлөөллийг үгүй хийх, өөрөөр хэлбэл төр, шашин хоёрыг салгах үндсэн зорилготой. Жишээлбэл, Италийн хаан угсаа залгамжлан хаан ширээндээ суухад Папаас зөвшөөрөл авдаг, шашнаар дамжуулан Италийн төрийн хэрэгт шууд оролцоотой байсан.

Олон улсын түүхч, судлаачид Латераны гэрээ нь Италийн Ерөнхий сайд Бенито Муссолонигийн улс төрийн замналын хамгийн том дипломат ялалт төдийгүй Итали Улсыг үндэстэн улс (nation-state), Гэгээн Ширээт Улсыг шашин төвтэй тусгаар улс болон төлөвшихөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Дэлхийн бусад улс төдийгүй манай улсад Гэгээн Ширээт Улсын нэршилтэй холбоотой ташаа ойлголт хэвшсэн байдаг. Тухайлбал, олон нийтийн дунд Ватикан Улс гэсэн ойлголт тогтсон байдаг нь тус улсын онцлог болох хот-улс гэсэн ойлголттой холбоотой.

Ватикан гэсэн нэршил нь Гэгээн Ширээт Улс байрлаж буй газар буюу хотын нэр юм. Харин улсын албан ёсны нэр нь Гэгээн Ширээт Улс (Holy See) бөгөөд хоёр талын болон олон улсын байгууллагатай харилцах захидал, бусад улстай дипломат харилцаа тогтоосон баримт бичиг, НҮБ-ээс тус улсад байнгын ажиглагчийн статус олгосон тогтоол зэрэгт Holy See нэрээр бичигддэг.

Түүнчлэн Ромын Пап гэсэн хэллэгийг цаашид зөвхөн Пап гэдгээр хэвших нь чухал. Учир нь католик шашны хамгийн дээд хэргэм болох кардинал цол хүртэж буй номлогчдод бэлгэдэл болгож Ром хотын нутаг дэвсгэрт байгаа жижиг сүмийг хариуцуулдаг. Харин католик шашны тэргүүн буюу Папаар сонгогдсон хүнд Ромын хамба гэсэн хэргэм дагалддаг. Иймд католик шашны тэргүүн “Пап” нь албан ёсны хэргэм, “Ромын хамба” нь бэлгэдлийн хэргэм тул албан ёсны хэргэм бүхий нэршлээр явдаг.

Засаг, захиргааны зохион байгуулалт

Гэгээн Ширээт Улсын бүх хэргийг Роман Куриа буюу төр, шашныг тухайн асуудал хариуцсан засаг, захиргаагаар дамжуулан залгуулдаг. Роман Куриа нь дараах бүтэцтэй. Үүнд:

  1. Төрийн хэрэг эрхлэх газар (Secretariat of the State)

Төрийн хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд улс төр, дипломат харилцаатай холбогдох бүхий л асуудлыг хариуцдаг. Төрийн хэрэг эрхлэх газрын тэргүүн нь Төрийн нарийн бичгийн дарга байна (Ерөнхий сайд).

Төрийн хэрэг эрхлэх газар 3 хэсгээс бүрддэг.

а. Ерөнхий асуудал хариуцсан хэсэг
Асуудал хариуцсан бусад байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, Гэгээн Ширээт Улсын дотоод хэргийг нэгтгэн хариуцах, Папын тамгыг түших, тус улсад суух гадаад улсын Элчин сайд нарын асуудлыг хариуцдаг. Уг хэсгийг Ерөнхий асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын орлогч тэргүүлдэг.

б. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хэсэг (Гадаад харилцааны яам)
Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хэсэг нь гадаад улстай дипломат, шашны бус харилцааг хөгжүүлэх, хоёр талын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын байгууллагуудад Гэгээн Ширээт Улсын төлөөллийг хангах, тус улсын Элчин сайдын яам (Apostolic Nunciature)-дын хариуцах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Уг хэсгийг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга тэргүүлдэг.

в. Дипломат ажилтнуудын асуудал хариуцсан хэсэг
Уг хэсгийг Пап Францис 2017 онд байгуулах шийдвэр гаргасан бөгөөд гадаад улс дахь Гэгээн Ширээт Улсын дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын сургалтын үйл ажиллагаа болон сонгон шалгаруулалтыг тус улсын боловсон хүчний сургалт хариуцсан академитай хамтран зохион байгуулах асуудал хариуцдаг. Уг хэсгийг Нарийн бичгийн дарга тэргүүлдэг.

  1. Дикастериудын газар (Шашны хэрэг эрхлэх газар)

Дикастериудын буюу шашны хэрэг эрхлэх газар нь католик шашинтай холбоотой бүх асуудлыг нэгтгэн зохицуулах үүрэг бүхий нэгж юм. Дотоод зохион байгуулалтын хувьд Есүс Христын мэдээг түгээн дэлгэрүүлэх, итгэл үнэмшлийн номлол, буяны үйл ажиллагаа, сахил хүртээх журам, христийн шашны нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцаа холбоо, хүний хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг хариуцсан дикастериудаас бүрдэнэ. Дикастерийг Prefect буюу шашны асуудал хариуцсан нэгжийн дарга тэргүүлдэг.

  1. Шүүх

Гэгээн Ширээт Улсын шүүх эрх мэдлийн тэргүүн нь Пап юм. Тэрээр шүүх эрх мэдлээ итгэл үнэмшлийн эсрэг үйлдэл гаргасан нүглийг өршөөх шатны шүүх (Penitentiario Apostolico), давж заалдах шатны шүүх (Rota Romana), дээд шүүх (Signatura Apostolica)-аар дамжуулан хэрэгжүүлдэг.

  1. Эдийн засгийн зөвлөл

Гэгээн Ширээт Улсын эдийн засаг, сангийн бодлогыг тодорхойлох үүрэгтэй бөгөөд кардинал болон хамба цолтой 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Эдийн засгийн зөвлөлөөс гаргасан бодлогыг Эдийн засгийн асуудал эрхлэх газар хэрэгжүүлдэг буюу Гэгээн Ширээт Улсын эдийн засаг, санхүүгийн өдөр тутмын асуудлыг хариуцдаг. Тэргүүн нь Эдийн засгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга.

  1. Зөвлөл болон комиссууд

Папын түүхийн шинжлэх ухааны зөвлөл, хуульчдын комисс, Папын Швейцар харуул, сахилгын хороо, эдийн засгийн аюулгүй байдлын комисс тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг.

Бусад

Гэгээн Ширээт Улсын төсөв 2022 оны байдлаар 887 сая ам.доллар орчим бөгөөд арилжааны бус өвөрмөц эдийн засаг, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн орлого, католик шашинтнуудын хандив өргөл, шашны ном, бичиг баримт хэвлэх, музейн орлого, дурсгалын зоос, медалийн орлогоос санхүүждэг.

Гэгээн Ширээт Улс дэлхийн 183 улс болон Европын Холбоотой дипломат харилцаатай. Олон улсын 34 байгууллагад бүрэн эрхт гишүүн болон байнгын ажиглагчийн статустай.

Тухайлбал, НҮБ, FAO, ILO, UNEP, UNDP, UNESCO, WHO, WMO WTO зэрэг байгууллагад байнгын ажиглагчийн статустай. Харин CTBTO, IAEA, IOM, ITU, OPCW, OSCE, UNCTAD, UPU, WIPO зэрэг байгууллагын бүрэн эрхт гишүүн.

Пап XIV Бенедикт 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Папын сэнтийгээс эрүүл мэндийн шалтгаанаар татгалзсантай холбогдуулан 2013 оны гуравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд болсон 115 хамба оролцсон сонгуулиар одоогийн Францис 2013 оны гуравдугаар сарын 13-нд Папаар сонгогдсон.

Гэгээн ширээт Улс нь шашны болон дипломат ёслолын нарийн дэг баримталдаг.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТУХАЙ ТОВЧ

Нутаг дэвсгэр

0.44 км²

Хүн ам

1000 орчим иргэнтэй (2023 оны байдлаар)

Шашин

католик

Нийслэл

Ватикан

Засаг захиргааны нэгж

Байхгүй

Үндэсний баяр

3 дугаар сарын 13 (Папын сонгогдсон өдөр нь үндэсний баяр).

Эдийн засгийн үзүүлэлтүүд

ДНБ

Эдийн засгийн өсөлт

Шашны үйл ажиллагаа явуулдаг тул эдийн засгийн өсөлтийн талаар мэдээлэл байхгүй

Худалдаа

Шуудангийн марк, мөнгөн зоос, музей ажилуулах, үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, хэвлэл мэдээлэл (Radio Vaticana, Osservatore Romano)

Гадаадын хөрөнгө оруулалт

Дэлхийн бүх ромын католик шашинтнуудын хураамж

Байгалийн баялаг

Байхгүй

Аж үйлдвэрийн гол салбарууд

Шуудангийн марк, мөнгөн зоос

Улс төрийн тогтолцоо

Засаглалын хэлбэр

Хэмжээлшгүй эрхт хаант засаг (absolute monarchy)

Төрийн тэргүүн

Пап Францис (2013 оны 3 дугаар сарын 13-нд сонгогдсон)

“Ерөнхий сайд”

Төрийн нарийн бичгийн дарга Кардинал Пиетро Паролин (2013 оны 10 дугаар сарын 15-нд томилогдсон)

“Гадаад хэргийн сайд”

Тэргүүн хамба Пол Ричард Галлагер (2014 оны 11 дүгээр сарын 8-нд томилогдсон)

Хууль тогтоох засаглал

Ватикан хот улсын Папын зөвлөл. Хууль, тогтоолын төслийг Төрийн нарийн бичгийн даргын газраар дамжуулан Папд танилцуулж, батална.

ТҮҮХ: Монгол Улс Гэгээн Ширээт улстай ямар харилцаатай вэ?
ТҮҮХ: Монгол Улс Гэгээн Ширээт улстай ямар харилцаатай вэ?
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.