/2023.06.19/: Хэрэв эвслийн гишүүд Киевт цэргийн зэвсэг нийлүүлсээр байвал НАТО Украины дайнд улам татагдан орох “ноцтой аюул” байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхаарууллаа.
Путин баасан гарагт Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр “НАТО Украины дайнд татагдан орсоор байна. Тэдний Украинд цэргийн хүнд зэвсэг нийлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд одоо Украинд тийрэлтэт онгоц өгөхөөр хайж байна" гэжээ.
Энэ тайлбар нь НАТО-гийн эвслийн зарим гишүүн орнууд Украинд нийлүүлэхээр төлөвлөж буй F-16 сөнөөгч онгоцыг иш татсан бололтой.
НАТО буюу Хойд Атлантын цэргийн эвслийн байгууллага нь Дэлхийн 2-р дайны дараа барууны орнуудыг Зөвлөлт Холбоот Улсаас хамгаалах зорилгоор байгуулагдсан бөгөөд тус холбоонд аль нэг гишүүн рүү довтлох нь бүгдэд халдсанд тооцогдох харилцан хамгаалалтын заалт байдаг. Украин НАТО-гийн гишүүн биш ч НАТО-гийн зарим гишүүн Киевийг танк, хуягт машин болон бусад зэвсгээр хангаж байгаа нь Оросоос хариу арга хэмжээ авах аюулд хүргэж байна.
Украин руу илгээсэн барууны техникүүдийн тоонд Германы Leopard 2 танк, Британийн Челленджер 2 танк, Америкийн Брэдли, Страйкер машинууд багтаж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын сүүлээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэхдээ, НАТО-гийн холбоотнууд болон түншүүд тус улсад 1500 гаруй автомашин, 230 танк нийлүүлсэн гэв.
Путин чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын олон тооны цөмийн зэвсэг нь бидний аюулгүй байдлыг “баталгаажуулдаг” гээд, Орост НАТО-гийн орнуудаас ч илүү энэ төрлийн зэвсэг байгаа гэдгийг сануулав.
Зэвсгийн хяналтын нийгэмлэгийн мэдээлснээр Орос улс 2021 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 6250 орчим цөмийн цэнэгт хошуутай. АНУ 5500 гаруй цөмийн цэнэгт хошуутай бол НАТО-гийн гишүүн бусад хоёр улс болох Их Британи, Францад тус бүр 220, 290 орчим цөмийн цэнэгт хошуу байгаа аж.
"Цөмийн зэвсгийг өргөн утгаараа манай аюулгүй байдал, Оросын төр оршин тогтнохын тулд бий болгосон. Гэхдээ үүнийг ашиглах шаардлага байхгүй. Мөн бид НАТО-гийн орнуудаас ч илүү ийм зэвсэгтэй. Тэд үүнийг мэдэж байгаа бөгөөд бууруулах хэлэлцээр рүү явагдсаар байна" гэж Путин хэллээ.
Энэ нь ОХУ АНУ-тай байгуулсан цөмийн зэвсгийг хорогдуулах New START гэрээг хэлж байна.
Энэхүү гэрээнд АНУ болон ОХУ-ын аль алинд нь байж болох тив хоорондын тусгалын цөмийн зэвсгийн тоог хязгаарласан байдаг бөгөөд хамгийн сүүлд 2021 оны эхээр таван жилээр сунгасан юм.
Цөмийн зэвсгийг хянах гол гэрээний дагуу АНУ, Орос хоёр бие биенийхээ зэвсгийн газруудад шалгалт хийх эрхтэй байдаг.
Эх сурвалж: CNN