/2023.06.16/: Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын УИХ-ын чуулганаар хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр,
Эрх барьж байгаа нам сонгууль болгоны өмнө өөрийн намдаа ашигтай гэж үзээд л тэр хувилбараар Сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн практик өнгөрсөн 8 сонгуулиар давтагдсан.
Сүүлдээ 6 сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн жишиг тогтоосон боловч 12 сард нь ахиад л нэг өөрчлөлтүүд хийж бужигнуулдаг. Ингээд 8 удаагийн сонгууль наймуулаа өөр өөр тогтолцоогоор, өөр өөр журмаар явж ирж. Сонгогчдын боловсролыг төлөвшүүлэхэд ч, улс төрийн намуудын төлөвшлийг хангахад ч тогтворгүй байдлыг бий болгож, гацааж саармагжуулж ирсэн ийм түүх байдаг. Энэ асуудлыг нэг мөр цэгцэлж байна гэж бид ойлгож байгаа.
Монгол Улсыг байнга хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, байнгын хагаралдуулсан байдалд байлгахыг хүсэж байгаа олон эрх ашгууд байна. Үүнд авталгүй нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө улс төрийн намууд нэгдмэл санал зорилготойгоор баталсан.
Энэ дотроо ч гэсэн энэ сонгуулийн тогтолцоо бол та тарж бутаргадаг биш эвлэлдэж нийлүүлдэг улс орныхоо том эрх ашгийн төлөө нэгддэг боломжийг олгодог холимог тогтолцоог сонгож өнөөдөр Сонгуулийн хуульдаа суулгаж баталгаажуулж байна. Ийм учраас үймүүлэх зорилго, дүйвүүлэх хүсэлд нь авталгүй улс орныхоо том эрх ашгийн төлөө гадаад дотоод бодлого дээрээ бид нэгдмэл байх шаардлагатай. Бид өнөөдөр өөрсөд дээрээ ирэх шүүмжлэл өрөөлөөс ирэх дайралтад тулгаж болохгүй.
Ард түмний төлөөлөгчид бол мянга мянган иргэдийн төлөөлөл учраас тэдний дуу хоолой болж заавал үзэл бодлоо илэрхийлж ард иргэдийнхээ төлөө дуугарч тэмцэж явах ёстой. Энэ ч утгаараа энэ сонгуулийн хуульд том өөрчлөлтийг орууллаа. Одоо энэ сонгуулийн хуулиа тогтвортой мөрдөх ёстой. Үүнийг өнөөдөр зориуд цохон тэмдэглэж байна. 2 намын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэсэн ийм хувилбар дээр олон намуудын үзэл бодлыг тусгаж баталлаа.
Цаашид эрх баригч нам бүр өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал үүгээр дуусгавар болж байна аа. Энэ сонгуулийн хууль бол цаашдаа 30 жил тогтвортой мөрдөгдөх ёстой гэдгийг эцэст нь онцлон нь тэмдэглэж хэлж байна. Ингээд энэ хуулийг батлахад үзэл бодол, санал бодлоо нэгтгэж, консенсуст хүрч нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажилласан бүх гишүүд ажлын хэсэгт талархал илэрхийлье.