Насжилт хэтэрсэн, агаарт их бохирдуулагч бодис ялгаруулдаг тээврийн хэрэгслийг яах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насжилт хэтэрсэн, агаарт их бохирдуулагч бодис ялгаруулдаг тээврийн хэрэгслийг яах вэ?

Монгол орны талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн 10 гаруй хувийг тээврийн хэрэгслээс ялгарах утаа эзэлдэг. Тээврийн хэрэгслээс голчлон азотын давхар исэл, нүүрсхүчлийн дан исэл, тоосонцор гэх мэт бохирдуулагчид ялгарч, агаарт тархдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд мэдрэл, зүрх судас, амьсгалын зам, нөхөн үржихүйн болон / эсвэл дархлааны тогтолцооны гэмтлийг учруулах сөрөг нөлөөтэй.

Тэгвэл Улаанбаатар хотын захиргаа болон шийдвэр гаргагч нар бодлогын түвшинд үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

Тээврийн хэрэгслээс агаарт ялгарах бохирдуулагч бодисыг бууруулахын тулд нийтийн тээврийн хэрэгслүүдийг жилд 2 удаа техникийн үзлэг, оношлогоонд оруулдаг. Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэл хотод утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй автобус, ачааны авто машиныг хөдөлгөөнд оролцохыг хориглосон.

2022 оны 11 дүгээр сард замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарч буй хаягдал утаа нь стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт шалгалтыг сар гаруйн хугацаанд хийжээ. Ингэхэд 431 тээврийн хэрэгслийн яндангаас гарах утааны хорт бодис, тортогжилтын хэмжээ хэтэрсэн байсныг илрүүлсэн байна.

Гэвч үр дүнд нь ердөө торгох зэргээр асуудлыг шийджээ. Дүрэм журмаараа бол эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглох ёстой байв.

Үүнээс гадна жилээс жилд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, тэр дундаа импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн 70-87 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. 2021 оны байдлаар гэхэд 620 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байна.

Дэлхий даяар хаашаа чиглэж байна вэ?

2032 он гэхэд дэлхий даяар нийт автобусны 50 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болох бол суудлын автомашины хувьд энэ босгыг давахад дахиад арван жил шаардлагатайг “BloombergNEF” тооцоолжээ.

Нийтийн тээврийн автобус нь өндөр хурдтай давхих шаардлагагүй, тогтсон хуваарь цагаар зорчдог, мөн автобус бааздаа цэнэглэлтийн асуудлыг нэгдсэн байдлаар шийдэх боломжтой тул энэ төрлийн тээврийн “цахилгаанжуулалт” харьцангуй хялбар явагдаж байгаа аж.

Харин Монголд

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарын мэдээлснээр энэ онд 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан автобус байх аж.

Бид эх дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхах ёсгүй гэж үү?


Нийтлэл бичсэн: А.Ариундэлгэр,

Олон улсын зочдод МАН-аас квотын хувь бууруулж “бэлэг барив“
Олон улсын зочдод МАН-аас квотын хувь бууруулж “бэлэг барив“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.