/2023.06.12/ Яагаад зуны өдрүүдэд хөдөө амьсгалахад арай дээр, харин хотод бүгчим халуун болдог вэ?
Хариулт нь их энгийн. Хотын ихэнх газар цементээр хучигдсан, бас шилэн фасад бүхий барилгууд олонтойгоос болдог байна. Эдгээр дээр олон тооны автомашины хөдөлгүүр ч бас орно.
Өнөөдөр хүн төрөлхтний 70 гаруй хувь нь бетонон хийц бүхий барилгаар дүүрсэн хотуудад амьдарч байна. Харин бетон нь дээр өгүүлсэнчлэн, халууныг өдөөгч нэгэн хүчин зүйл юм. АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн мэдээлснээр тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах дулаан, хатуу хучилттай замуудтай нийлээд температурыг 5 хэм хүртэл нэмэгдүүлэх боломжтой ажээ.
Манай сайт дэлхийн дулаарлын улмаас зун улам халуун, харин өвөл илүү хүйтэн болно гэх мэдээллийг хүргэсэн. Тэгвэл шилэн фасад бүхий барилга нь дэлхий дулаарч байгаа үед хамгийн тохиромжгүй барилгад тооцогдох болжээ.
Учир нь, "шилэн барилгууд" зуны улиралд өдөртөө яг л саун шиг халааж, харин шөнөдөө хамгийн хурдан дулаанаа алддаг. Энгийн хананаас шилэн хана нь дулаан алдалтын хувьд 10 дахин их байдаг ажээ. Ингээд өдөртөө агаар сэрүүцүүлэгч ажиллуулснаар эдийн засгийн хувьд ч хамгийн тохиромжгүй шийдэл болох юм.
Энэ мэт мэдээллээс харвал 500 мянга орчим автомашинтай, ногоон байгууламж байхгүйтэй адил, хаа сайгүй ямар ч төлөвлөлт тооцоогүйгээр баригдсан шилэн фасад бүхий барилгуудтай тул Улаанбаатар хот халуун өдрүүдэд жинхэнэ "Халуун цөл" болох нь дамжиггүй.