/2023.06.05/ Өнөө цагийн хүмүүсийн дунд мэтгэлцээн дагуулсан сэдвүүдийн нэг бол дэлхийн дулаарал билээ. Статистикаас харахад жил бүрийн дундаж температур нэмэгдэж байхад үүнийг цаг уурын өөрчлөлтөд гарах ёстой жам ёсны үзэгдэл гэж үзэх нь бий.
Тэр тусмаа дэлхийн дулаарал явагдаж байгаа энэ үед тэсгим хүйтэн өвлүүд ар араасаа цуварна. Бүр цас орж байгаагүй газруудад хүртэл цас хаялах үзэгдэл ажиглах болов. Энгийндээ бол дэлхий дулаарч байхад өвөл ч гэсэн дагаад дулаарах ёстой атал яагаад улам бүр хүйтрээд байдаг билээ гэсэн асуулт бодогдох нь дамжиггүй.
Дэлхийн дулаарал гэж худал зүйл биш үү!
Сонирхолтой нь, дэлхий дулаан болох тусам өвөл дагаад хүйтрэх боломжтойг судалсан судалгаа тооцоонууд маш ихээр байдаг аж. Тэр тусмаа дэлхийн дулаарал гэдэг сэдэв газар авахаас өмнө эрдэмтэн судлаачид ийм үзэгдэл явагдах боломжтойг тооцоолсон эрдэм шинжилгээ судалгааны ажлууд хүртэл байдаг байна. Тэгвэл үүний цаадах учир шалтгаан юунд байна гэдгийг харцгаая.
Туйлын эргүүлэг буюу Polar Vortex гэж юу вэ?
Энэ бол өмнөд болон хойд туйлуудад байрлах газраас 50 км орчмын өндөрт буюу стратосферийн бүсэд байрладаг, нам даралтын маш хурдтай хүчтэй салхи юм.
Эргүүлэг гэж нэрлэсний учир нь энэ салхи нь туйлын бүс орчимд нар буруу тойрог хэлбэрээр эргэлдэж байдагт оршино.
Тэгэхээр туйлын эргүүлгүүд нь шууд бусаар цаг уурт нөлөөлж чаддаг байх нь. Мэдээж, ихэнх үед туйлын эргүүлгүүд нь туйлын бүс орчимдоо байрлаж, туйлын хүйтэн уур амьсгалыг тарахаас сэргийлдэг ч зарим тохиолдолд эргүүлгийн маань хамрах хүрээ тэлэх тохиолдол байдаг.
Тэлэх гэхээсээ илүүтэйгээр бөөрөнхий хэлбэрээ алдаж тал тал тийш татагдаж сунгагдаж байгаа юм шиг дэлбээлэх үзэгдэл ажиглагдана. Уг нь энэ эргүүлэг хүчтэй байвал туйлын хүйтэн агаарыг дотроо шорон шиг хадгалж чадах ч хүч нь сулрах үед ийнхүү тэлж сунгагдаж, хүйтэн уур амьсгал тардаг байна.
Тэгвэл туйлын эргүүлэгний хүчийг юу сулруулдаг юм бол? Та гарчгаа уншаад аль хэдийн таамагласан байх.
Дэлхийн дулаарал туйлын эргүүлэгт хэрхэн нөлөөлдөг вэ?
Бид бүгд экваторын бүсийн халуун агаар хоёр туйлын хүйтэн агаартай хэсэг рүү зорчдог гэдгийг мэднэ. Тэгвэл энэ халуун агаар нь туйлын эргүүлэгт нөлөөлдөг бөгөөд тэнцвэрийг нь алдагдуулдаг. Жоохон ч атугай тэнцвэр нь алдагдахад стратосферийн бүсэд 60-80 градус цельсийн зөрүү үүсгэдэг байна.
Тэнцвэр нь алдагдаж, хүч нь суларсан туйлын эргүүлэг нь хүйтэн агаар амьсгалыг тогтоож дийлэхээ больж дэлхийгээр тархах нөхцөл үүсдэг.
Товчхондоо бол халуун уур амьсгал туйлын хүйтэн агаарт тархах нөхцөл бий олгож, ингэснээр туйлууд илүү дулаарч бүр илүү халуун дулаан уур амьсгал үүсгэх боломжийг бий болгодог.
Өөрөөр хэлбэл, дэлхий дулаарах тусам хүйтэн өвлүүд ирж, эргээд бүр илүү халуун зуныг авчрах юм.
З.БАТСҮРЭН