Мөн ч их хуцсан даа... гэдэг шиг л юм болж байна даа. Гээд яая гэх вэ, дуугүй суугаад бүтэж үхсэнээс дуугарч байгаад үхсэн нь дээр биз.
УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу өнөөдрөөс УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, өнгөрөгч долоо хоногт Байнгын хороо, нэгдсэн чуулганаар эхний хэлэлцүүлгийг нь хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон сонгуулийн тогтолцооны асуудлыг сонгогчдодоо танилцуулахаар болов. Учир нь энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь цаг хугацааны хувьд ихээхэн шахагдаж байгаа. Ирэх намар сонгууль болж магадгүй гэдэг хүлээлт эхний шалтгаан. Хоёр дахь нь, угаасаа хуульд оруулж буй өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцоог хөндсөн ганцхан заалт байгаа. Дээр нь хуулийн төслийг оруулж ирэхийн өмнө эрх баригч намаас улс төрийн бусад намуудтай зөвшилцөхөөр багагүй хугацаа зарчуулсан, олонхи нь гараа өргөчихөөд байгаа учраас цаг хугацаа уяад байх шалтгаан ч үгүй болсон.
Тоо биш ээ, тогтолцоо
Гэвч өнгөрөгч долоо хоногт байнгын хороо, чуулган дээр явсан хэлэлцүүлгүүдийг хараад байхад хууль тогтоогч нар маань ихэнхдээ гишүүний тоон дээр (152 гэдэг тоо их үү, бага уу) маргаад, гол зарчмаа ардаа хаяад байгаа нь анзаарагдав. Гишүүдийн тоог 152 болгохоор оруулж ирсэн эрх баригч нам, түүний гишүүдийн хувьд хүртэл 152 гэдэг тоо маргаантай байна. Маргаж байгаа гишүүд нь ихэвчлэн “152 гишүүнтэй болчихоор хулгай хийхээ больчих юм уу? Илүү олон хулгайчтай болчих юм биш үү?” гэдэг асуудлыг босгож байна. Иргэдийн зүгээс тавьж байгаа асуултыг л эргүүлээд намынхаа дарга нарт тавьж байна л даа. Энэ нь ажлын хэсгийнхэн, хууль санаачлагч нь анхнаасаа асуудлаа танилцуулахдаа толгойноос нь биш, бөгснөөс нь эхэлж ярьсантай холбоотой байх.
Хоёрдугаарт, энэ далимыг ашиглаад иргэдэд таалагдах ганц нэг ч үг ч болтугай хэлээд авъя гэсэн хувийн тооцоо ч зарим нэгд нь байх шиг. Түүнээс биш сонгууль болох гэж байхад намын бодлого, шийдвэрийг давж дуугарах гишүүн МАН дотор угаасаа байхгүй. Тэгээд ч шийдвэр гардгаараа гарах учраас нийтээрээ толгой дохиод суух нь намын имижэд муу гэдэг утгаар худлаа ч гэсэн шүүмжлэл хэлээд, хальт мөлт “ардчилал” үнэртүүлээд өнгөрөх нь дээр гэдэг утгаар, “бодлогоор” эсэргүүцэж байгаа нөхөд ч бий байх.
Уг нь бол гишүүдийн тоог нэмэгдүүлье гэдэг нь “нэг хулгайчийг хоёр болгоё” гэдэг зарчим биш юм л даа. Парламент өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, хууль тогтоох үйл ажиллагаа нь үр дүнтэй сайн явж байна уу, үгүй юу л гэдэгтэй холбоотой юм. Хангалтгүй байна аа гэж үзвэл түүнд нь ямар шалтгаан байна вэ? гэдэг асуудал.
Хуулийн төслийн ажлын хэсгийн нэг гишүүн (математикч гэсэн байх) гишүүдийн асуултад хариулахдаа “Ардчилал сайн хөгжсөн гэж үнэлэгддэг Скандинавын орнуудад парламентын гишүүдийн хамгийн зохистой тоо 162 байна. "Ажиллагаатай ардчилалтай" буюу ардчилал хөгжиж байгаа орнуудын парламентын гишүүдийн дундаж тоо 134 байна. Манайх бол “алдаатай ардчилалтай” гэдэг категорид нь багтаж байгаа” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл парламентын гишүүдийн тоо цөөрөх тусам ардчиллын чанар муудаж байна аа л гэсэн үг. Яагаад?
Яагаад гэвэл, нэгдүгээрт парламент буюу хууль тогтоох байгууллага үйл ажиллагаагаа явуулахад нь хангалттай хүний нөөц байхгүй байна аа гэсэн үг. Түүнээс биш тэдний хэд нь "хулгайч" байх вэ гэдэг яриа биш.
Жишээ нь, хууль тогтоох үйл ажиллагааны үндсэн нэгж болсон УИХ-ын байнгын хороодын тоог аваад үзвэл манайх 11 байнгын хороотой. Өмнө нь УИХ долоон байнгын хороотой байсныг МАН-ын үед дөрвөн байнгын хороо нэмж байгуулсан. Боловсрол, шинжлэх ухааны, Инновацийн, Үйлдвэржилтийн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог шинээр нэмэгдүүлсэн. Одоо байгаа 76 гишүүнд хуваагаад үзвэл нэг Байнгын хороонд долоо хүрэхгүй гишүүн оногдож байна. Хуульд зааснаар нэг Байнгын хороо 20-иос доошгүй гишүүнтэй байх ёстой учраас нэг гишүүн гурван байнгын хороонд зэрэг орж ажилладаг. Үүнээс болоод хууль тогтоох үйл ажиллагаа мэргэжлийн буюу мэргэшсэн бус, гишүүд нь шийдвэр гаргаж байгаа асуудлууд дээрээ төвлөрч ажилладаггүй, тийм боломж ч байхгүй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярьж байна лээ. БНСУ-ын парламент 20 байнгын хороотой, байнгын хороо нь 20 гишүүнтэй, нэг гишүүн нэг л байнгын хороонд орж ажилладаг учраас илүү мэргэшсэн парламенттай байна гэж. Тооны хувьд жаахан дэгсдүүлсэн боловч зарчмын хувьд бол зөв. (БНСУ-ын парламент буюу Үндэсний ассамблей 299 гишүүнтэй, 16 байнгын хороотой гэж википедиад бичсэн байна)
Яагаад парламентыг “мэргэшүүлэх” тухай яриад байна вэ гэхээр парламент сонгуулиар гарч ирдэг ард түмний төлөөлөл. Тэнд хэн байх, байхгүйг хуулиар шийддэггүй, ард түмний сонголтоор бий болдог зүйл. Манай парламентад малчин ч байлаа, бөх ч байлаа, яруу найрагч ч байлаа. Бүр ямар ч "АЖ"-г дагуулахгүй жүжигчид, хуурамч эх орончид, популистууд байлаа. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод ял шийтгэлээ аваад явсан нөхөд ч байлаа. Тийм болохоор ард түмэнд таалагдаад, сонгогдоод гараад ирсэн нөхдийг “мэргэшүүлж” ажиллах нь парламентын өөрийнх нь чадавхи буюу бүтэц, зохион байгуулалтын асуудал юм. Тиймээс манай парламент хэтэрхий “давжаа” байна гэж яриад байгаа юм. Одоо байгаа 76 гишүүн нь тухайн байнгын хороонд харьяалагдаж байгаа асуудал, салбар тус бүрээр мэргэшиж ажиллах, бодлого гаргах, хууль тогтоох түвшинд ажиллах чадамжгүй, тийм боломжгүй байна аа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн хувьд боломжгүй зүйл.
Энэ талаас нь харвал бүхэлдээ ”тооны” биш, “тогтолцооны” асуудал юм. Парламент хэдэн хүнтэй, ямар хэмжээний бүтэц, бүрэлдэхүүнтэй байж үүргээ гүйцэтгэж, үйл ажиллагаагаа хэвийн чадамжтай явуулах вэ гэдэг асуудал.
Хоёрдугаарт, нөгөө “хулгайчийг дааблдах” тухай асуудал. Уг нь бол гишүүдийн тоог 2-3 дахин тоог нэмэгдүүлсэнээр шийдвэр гаргалтад оролцож байгаа хүний тоо нэмэгдэнэ. Хувь хүний хүчин зүйл буюу саналын жил буурна. Нөгөө “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгт дөхөж очиж байгаа юм. Энэ бол тухайн улсын хүн амын тооноос хамаардаг зүйл биш. Хүн амын тооноос үл хамаараад “Хууль тогтоох засаглал буюу парламент нь төдий хэмжээний гишүүнтэй байж үйл ажиллагаа явуулах чадамжтай юм байна аа” гээд дэлхий нийтээр тогтчихсон зүйл. Энэ талаас нь харвал маргаад байх зүйл гарахгүй.
Жишээлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 21 гишүүнтэй, 16 яамтай. 21 сайдын 15 нь УИХ-ын гишүүн. УИХ-ын таван гишүүний нэг нь давхар дээлтэй. Нэг сайд таван үлдсэн дөрвөн гишүүнтэйгээ “ажиллахад” Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын шийдвэр болгож чадаж байна. Тэгэхээр нөгөө Засгийн газар нь УИХ дээрээ гарч суучихаад, УИХ нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс шиг ажиллаад эхэлж байна. Хэрвээ парламент 200 гишүүнтэй байсан бол Засгийн газрын 20 гишүүн парламентынхаа дээр гарч сууж чадах уу? Үүнтэй л ижил юм.
Ийм учраас шийдвэр гаргалтанд нөөлөөлж байгаа нэг хүний дарах саналын жинг бууруулья гээд байгаа чинь. Түүнээс биш 76 хулгайчийг дааблдаад гаргаад ирье гэдэгтээ биш. Хүсвэл 200-300 болгосон ч яадаг юм. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг давж болдоггүй хана хэрмийг нь нураагаад, бүгдийг нь нүцгэлээд жирийн иргэний хэмжээнд аваад ирсэн ч л болно шүү дээ. Хууль тогтоодог гэдгээсээ өөр ямар ч илүү эрх мэдэлгүй, хангамж, хамгаалалтгүй л болгочихъё.
Тоо гэдэг чинь...
Тоо гэхээр манайхан эргээд нөгөө тогтолцоогоо яриад эхэлдэг. Уг нь бол сонгуулийн холимог тогтолцоо гэдэг чинь өөрөө "тоо" юм шүү дээ. Хэдийг нь намын жагсаалтаар, хэдийг нь мажоритари тойргоос сонгох вэ л гэдэг тоо.
Засгийн газрын оруулж ирсэн төслөөр бол 152 гишүүний 76-г нь намын жагсаалтаар, 76-г нь мажоритари тойргуудаас сонгоё гэж байна. Үүн дээрээ гол “алаан” явж байна. Нам болгон дотроо нэг нэг юм “тоочиглочихсон” байгаа. Хэдэн тойрогт нэр дэвшүүлэх вэ, хэдийг нь жагсаалтад оруулах вэ гээд. Тэрийгээ хүн амын тоондоо хувааж яриад байна. Нэг болохоор сонгогчийн тоо яриад, нэг болохоор хүн амын тоо яриад. (Угтаа бол нэг л юм л даа. Тойргийн сонгогчийн тоо хүн амынхаа тооноос хамаарч гарна)
Мажоритари тогтолцоо бол сонгогчийн саналыг хамгийн их гээгдүүлдэг тогтолцоо юмаа гэдэг дээр аль ч нам нь маргахгүй байна. 2020 оны сонгуулиар нийт сонгогчийн 42 хувийн саналыг авсан МАН парламентын суудлын 82 хувийг авсан нь шударга юм уу? гэж АН нь ч ярьж байна, МАН нь ч ярьж байна. Тэгээд пропорционалийн элементийг оруулж ирье, сонгуулиа холимог системээр явуулья гэж байна. Тэр нь ч зөв.
Гэхдээ нэг нэр дэвшигчид оногдож байгаа сонгогчийн тоо нэмэгдсэн учраас гишүүдийн тоог нэмэгдүүлье гэж яриад байгаа нь бүр анхнаасаа худал хуурмаг зүйл болж байна. 27 мянган сонгогчийг (45 мянган хүн) нэг гишүүн төлөөлж байна, энэ нь сонгогчийн төлөөллийг хангаж чадахгүй байна, 1992 оны Үндсэн хуулийг батлахад үүнээс хоёр дахин бага байсан гэнэ ээ... Хаана тийм байгаа юм бэ? Нийт сонгочдынхоо тоонд хуваавал тийм л байх. Гэхдээ энэ чинь хөдөө, хотдоо шал өөр байгаа. Хоёр сая сонгогчийн /2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 2,1 сая байсан/ тал нь нийслэлд байгаа. Гэтэл нийслэлээс сонгогдсон гишүүд нь хорь, үлдсэн 56 нь орон нутгаас сонгогдсон. Сонгогчийн тоонд нь хуваагаад үзвэл Улаанбаатарт 50 мянган сонгогчийг нэг гишүүн төлөөлж байна. Орон нутагт тэр нь 17.000 байна. Сонгинохайрхан дүүрэг гэхэд гурван тойрогтой. Сүүлд нөхөн сонгууль явуулсан 28-р тойрог гэхэд дангаараа 111 мянган сонгогчтой. Хэрэв хүн амын тоо, сонгогчийн төлөөлөл ярих гэж байгаа бол үүнийгээ л ойртуулах тухай ярих ёстой шүү дээ. Тэгэхээр гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд гаргаж байгаа баримт, дэвшүүлж байгаа зарчим нь эхнээсээ буруу, худлаа байна аа гэсэн үг.
Хэрвээ үүнийг залруулья гэвэл гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэйгээ хамт тойргуудаа томсгох, мандатын тоог нь хүн амд нь тэнцүүлж хуваарилах хэрэгтэй. Хөдөөгийн тойргуудыг хамгийн багадаа нэг аймаг, болж өгвөл 100 мянган хүнтэй байгуулж мандатын тоог нь бууруулах ёстой. Хотын тойргуудын мандатын тоог нэмэгдүүлэх ёстой. Ингэж байж жинхэнээсээ хүн ам, сонгогчийн төлөөлөл, төлөөллийн тэгш эрх болно. Энэ чинь харин зарчим юм шүү.
Тэгэхгүйгээр одоо байгаа тойргуудаа тэр чигээр нь үлдээчихээд “сонгогчийн төлөөллийг сайжруулчихлаа” гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Сонгуулийн тухай хуулиараа хийчихнэ ээ гээд арагш нь хаяж бүр ч болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэйгөө зэрэгцүүлж ярих ёстой. Хууль нь тусдаа боловч зарчим нь нэг байх ёстой. Түүнээс биш гишүүдийн тоо 150 байна уу, 200 байна уу, тэндээсээс 50 хувийг нь мажоритариар сонгоно уу, 60 хувийг нь сонгоно уу, ёстой наядугаар асуудал.
Нийтлэлч Ц.Булганзаяа