С.Шаравдорж: СНЭ-ийн удахгүй болох Их хурал ХҮЧИНГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Шаравдорж: СНЭ-ийн удахгүй болох Их хурал ХҮЧИНГҮЙ

/2022.06.28/: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн /СНЭ/ Их хурал долоодугаар сарын 6-ны өдөр болно. Энэ хуралдаан удирдлагын багийг сонгох, дүрэмдээ өөрчлөлт оруулах хоёр үүрэгтэй. Удирдлагын баг гэдэгт Ерөнхийлөгч, мэргэжлийн 6 дэд төвийн дарга буюу Дэд ерөнхийлөгч нар, Бага хурлын 54 гишүүн гээд нийт 61 хүний нэрс тодорхой болно гэсэн үг.

Энэхүү эрх мэдэл бүхий Их хурлын товыг саяхан болсон Бага хурлаар гаргасан. Гэтэл энэ бүх үйл ажиллагаа хууль бус болж болзошгүй болоод байгаа юм.

Учир нь өнөөдрийг хүртэл шүүхийн маргаантай байсан СНЭ-ийн зарим үйл ажиллагаатай холбоотойгоор шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ бүх зүйлийг тодруулахаар бид СНЭ-ийн Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Боргилмаа, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж нарыг урьлаа.

Гэвч СНЭ-ийн Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Боргилмаа "ИРЭХ БОЛОМЖГҮЙ" гэдгээ илэрхийлсэн. Тиймээс бидний урилгыг хүлээн авсан Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдоржийн ярилцлагыг хүргэж байна.

-Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярихгүй юу?
-2018 онд хуралдсан XVII их хурал эхнээсээ дүрмээ зөрчсөн, хууль бус хурал байсан тул шүүхэд гомдол гаргасан. Шүүхэд хандаад гурван жил гаруй үйл ажиллагаа үргэлжилж, шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хуралдсан салбар хуралдаан болох Орон нутгийн салбар хуралдааныг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан. Энэ нь Орон нутгийн сэтгүүлчдийн төлөөллийг удирдах зөвлөл болон бага хуралд сонгодог Бага хурлын сонгуулийг хүчингүй болгосон гэсэн үг.

Тэгэхээр өнөөдөр СНЭ-ийн Удирдах зөвлөл болон Бага хуралд орон нутгийн төлөөлөл байхгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс СНЭ-ийн удирдлага зайлсхийж, асуудал төвөгтэй болж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.

-Шүүхийн шийдвэр нь яг юу юм бэ?
-Орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн төвийн их хурлыг дахин хуралдуулах, эсвэл өмнөх 9 хүний эрх
дахин сэргэдэг. Дахин хуралдуулахыг шүүх шийдээгүй, тиймээс өмнөх гишүүдийн эрхийг сэргээх шийдвэр гаргасан гэсэн үг.

-СНЭ-ийн Удирдах зөвлөлөөс хурлын шийдвэр гаргаж “Бид шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй” гэж хариу өгчээ. Үүнийг хэрхэн хүлээн авсан бол?
-Монгол Улсын нутаг дэвсгэрт шүүхийн шийдвэр гүйцэлдэх ёстой. Хэн ч шүүхийн шийдвэрийг тайлбарлах, үл биелүүлэх эрхгүй. Гэтэл СНЭ-ийн удирдлагад байгаа хүмүүс шүүхийн шийдвэрийг “Буруу шийдвэр байна, хэрэгжүүлэх боломжгүй” гэж тогтоол гаргаж үүндээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүгээр зогсоосугай” гэж бичиж. Энэ бол шүүх эрх мэдлийн практикт байгаагүй албан бичиг байна гэж үзсэн. Ингээд ШШГЕГ-аас СНЭ-д Зөрчлийн хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн.

-Яагаад СНЭ үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, Бага, Их хурлууд нь хүчингүйд тооцогдож болох ийм нөхцөл байдалд хүрчихэв ээ?
-Ийм байдалд хүрсэн нь үнэхээр харамсалтай.

Энэ бол 2018 оны Их хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан хуучин болон шинэ удирдлагуудын хоорондын ханцуйн доторх наймаа, хуйвалдаанаас эхлэлтэй. Энэ байдлыг би ярилгүйгээр гурван жил дуугүй байлаа. Одоо сэтгүүлчдэдээ ярьж, ойлгуулах цаг болсон гэж бодож байна.

2018 он гэдэг бол СНЭ-ийн тухайн үеийн Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан үе. Бүрэн эрхийн хугацаа нь 2019 онд дуусах байсан. Гэтэл тухайн үеийн удирдлага Галаарид “Би ажлаа өгье, Их хурлаа хуралдуулъя” гэдэг хүсэлтийг Удирдах зөвлөлийн хурлаар тавьсан. Тэр хурал дээр "дөрвөн жилийн хугацаа дуусаагүй байна. Ээлжит бус Их хурал хуралдах шаардлагатай болно. Гэтэл Их хуралд дүрмээрээ ийм эрх байхгүй. Тиймээс Бага хурлыг хуралдуулаад, олонхоороо шийдвэл хийе" гэсэн. Мэдээж Бага хурал хугацаанаасаа өмнө эрхээсээ татгалзахгүй тул Бага хурал болоогүй.

-Тухайн үед та Удирдах зөвлөлд байсан?
-Байсан. "Ээлжит бус хурал болвол их зардал гарна, та тэрийг даах уу" гэж хүртэл асууж байлаа. Гэтэл энэ бол дараагийн хүнтэй хуйвалдаж, хурдхан ажлаа өгөх гэж яарсан зүйл байж.

СНЭ-ийн удирдлагыг авахаар хичээж, яарсан дараагийн ерөнхийлөгч болох гэсэн тэр хүний зорилго өөр байсныг сэтгүүлчид мэдэж л байгаа шүү дээ. УИХ-д нэр дэвших нэг гишгүүр болгохын тулд л СНЭ-ийн удирдлагыг авахаар хичээж, яарсан юм байна.

-Хэрэв 2019 онд буюу албан хугацаагаараа явсан бол болохгүй байж?
-2020 оны сонгууль хаяанд дөхчих учир боломжгүй. Тэр үед 2018 оны Их хурал дээр зарим нь мэдсэн учир хагас нь хурлыг хаяж гарсан. Шинээр удирдлагаар сонгогдох санаатай хүмүүс “СНЭ-ийн ерөнхийлөгч нь нам бус байна” гэдэг заалтыг дүрмээс аваад хаячихсан тийм төсөл хүртэл оруулж байсан. Нэгэнт ийм дүрмийн бус зүйл болсон учир ийм зүйлийг дуугүй харж болохгүй юм байна гэж бодож шүүхэд хандсан.

-Таны авчирсан баримтууд дунд “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул цаашид СНЭ-ийн УЗ-ийн хурал болон бусад шийдвэрүүд хүчин төгөлдөр бус” гэдэг шүүхийн шийдвэр байна. Тэгэхээр удахгүй болох Их хурал, сая болж өнгөрсөн Бага хурал цөм хүчин төгөлдөр бус юм уу?
-Тийм л нөхцөл байдалд хүрчихээд байна.

-Цаашдаа яах вэ, ямар гарц байна?
-Уг нь орон нутгийн мэргэжлийн салбар төвийг хуралдуулаад, өмнөх гишүүдийнх нь эрхийг сэргээчихэд л болчих юм. Би бол цаашдаа ч явна. Сая болсон Бага хурал, Удирдах зөвлөлийн хуралд орон нутгийн төлөөллөөс нэг ч хүн байгаагүй. Дүрэмдээ байгаа шүү дээ, орон нутгийн мэргэжлийн төв байна гээд. Тэгэхээр дүрмээ зөрччихөж байгаа биз? Дүрмээ зөрчихөөр барахгүй монголын сэтгүүлчдийг төвийн, хөдөөгийн гэж хоёр хуваачихаж байгаа юм. Тэгэхээр одоо болох Их хурал албан ёсны байх боломжгүй. Яагаад гэвэл би Удирдах зөвлөлийн тавдугаар сарын 22-ны хурлын шийдвэр болон, зургаадугаар сарын 6-нд болсон Бага хурлын шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гээд шүүхэд хандчихсан. Шүүхэд иргэний хэрэг үүсчихсэн явж байгаа. Харин СНЭ-ийн удирдлага очиж шүүхийн шийдвэрийг авахгүй байгаа учир цагдаагаас эрэн хайх ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилийн турш СНЭ-ийн удирдлага, үүрэг гүйцэтгэгч Боргилмаа шүүхэд дуудаад нэг ч удаа очоогүй, гурван удаа албадан тогтоолоор аваачсан. Одоо ч гэсэн зугатаад л яваад байгаа. Сэтгүүлчдийн байгууллагыг ийм болгох ямар шаардлага байна? Нэгийг бодогдуулж байгаа юм.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Дашрамд сонирхуулахад, СНЭ-ийн ерөнхийлөгчөөр аль нэг нам улстөрийн харъяалалгүй, нам улстөрийн ажил хашдаггүй хүн байх ёстой. Мөн ажил олгогч эзэн, сэтгүүлчдийг удирдлан ажилладаг хүн байж болдоггүй. Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмээр аливаа улсын СНЭ-ийн ерөнхийлөгч нь сэтгүүлч хүн байх ёстой гэдэг үндсэн дүрэм зарчимтай.

Шаардлага хангаагүй вандан кран хүчтэй салхинд унажээ
Шаардлага хангаагүй вандан кран хүчтэй салхинд унажээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.