Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын буцаан олголт энэ сард орж ирэх ёстой. Энэ ажил юу болж байна вэ. Сайн дураар даатгуулагч бүх хүн энэ буцаан олголтод хамрагдах уу?
-“Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай” хуулийг УИХ-аас баталсан. Энэ нь нэг сая төгрөг болон түүнээс доош цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн 2022 оны 5-12 сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох зорилготой. Эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн дарамт үүсч байгаа одоогийн нөхцөл байдалд бага орлоготой иргэдээ хамгаалах бодлогын арга хэмжээ юм. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа дараа сарын 5-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг. Энэхүү ажил олгогчоос ирүүлсэн тайланд үндэслэн иргэдэд олгох нийгмийн даатгалын буцаан олголтыг дараа сарын 25-ны дотор олгохоор журамлаж байна. Өөрөөр хэлбэл тавдугаар сард төлсөн шимтгэлийн буцаан олголтыг зургаадугаар сарын 25-ны дотор олгоно. Нэг сая төгрөг түүнээс доош цалингаас тооцон шимтгэл төлсөн албан журмын болон сайн дурын даатгуулагчид тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг буцаан олгох юм. Харин нэг сая төгрөгөөс дээш цалин хөлстэй иргэнд шимтгэл буцаан олгохгүй.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг иргэдэд буцаан олгох дансны мэдээллийг яаж зохицуулах гэж байна вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгож, бага орлоготой иргэдээ дэмжих зорилго бүхий энэ хуулийг УИХ баталсан. Одоо үүнийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас батална. Журам батлагдсаны дараа буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд хэрхэн шилжүүлэх тухай мэдээлэл тодорхой болно.
-Нийгмийн даатгалын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, “Хуримтлалын нэгдсэн сан” байгуулах асуудал их яригддаг. Нийгмийн даатгалын шинэчлэлийг үүнтэй холбовол та юу хэлэх вэ?
-Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэхийн тулд багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн онд хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлсэн. Шинэ оны хоёрдугаар сард тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлснээр зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Тиймээс бид багц хуулийн төслөө Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлэх гэж байна. Нийгмийн даатгалын тогтолцоог үе шаттай шинэчлэхээр зорьж байгаа. Хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд аажим шилжих, тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бүрдүүлэх, сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр ашигтай удирдах зэрэг чухал ач холбогдол бүхий зохицуулалтууд шинэ хуулийн төсөлд орсон. Энэ шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг хуримтлуулах, удирдах, улмаар орон сууц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд зарцуулах ирээдүйн боломж даатгуулагчдад нээгдэх юм.
-Хүүхдийн мөнгийг авахдаа сар бүр хүсэлтээ өгөх болсон талаар асуудал үүсээд намжсан. Хүүхдийн мөнгийг банкинд хадгалах эсэх асуудал хэвээрээ юу?
-"Ковид-19" цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс иргэдээ хамгаалж, дэмжихийн тулд 2020 оны тавдугаар сард хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өмнө нь хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг. Одоо бол Засгийн газраас “Хуримтлалтай Монгол хүүхэд” гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Энэ бодлого ямар учиртай вэ гэвэл, товчхондоо, хүүхдэд 50 мянган төгрөг олгоно. Бас Ирээдүйн өв сангаар баталгаажсан данстай болгон дансанд нь сар бүр 50 мянган төгрөгийн хуримтлал үүсгэж өгнө. Тухайн хүүхдэд олгож байгаа 50 мянган төгрөгийг бэлнээр нь авч болно. Хүүхдийн мөнгөө банкинд хадгалдаг бол тэр дансандаа шилжүүлж болно. Мөн тусгай санд үүссэн хуримтлалдаа үлдээж болно. Өөрөөр хэлбэл, хүүхдэд өгч байгаа 50 мянган төгрөгийг хадгалж, зарцуулах нь тухайн гэр бүлийн сонголт юм. Харин таны хүүхдийг тусгай санд хуримтлалтай болгож ирээдүйг нь дэмжих үүргийг төр хүлээе гэж байгаа юм. Энэ бодлого ирэх долоодугаар сараас хэрэгжих байсан ч эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хойшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно.
-Хүүхдийн мөнгийг хүүхдийн живх, нэмэлт сүү, өлгий, тоглоом, Д витамин гэх зэрэгт хүүхдэд өөрт нь, хүүхэд байх үед нь зарцуулах ёстой. Гэтэл эсрэгээрээ хүүхдэд биш, насанд хүрсэн хойно зарцуулахаар хадгалах нь хүүхдийн мөнгө гэх утгаа алдах юм. Хүүхдийн мөнгийг угаах гэж байна гэж үзэх байр суурьтай хүмүүс ч байх нь бий. Хүүхдээс өөрөөс нь “нуугаад” байгаа энэ асуудал үнэхээр зөв бодлого мөн үү?
-Өмнө хэлсэнчлэн хүүхдийн мөнгө хоёр жилийн өмнө 20 мянган төгрөг байсан. Одоо харин 50 мянган төгрөг болгох гэж байна гэдэг өнцгөөс харах учиртай. Тухайн үед 20 мянган төгрөг дээр нэмж өгсөн 80 мянган төгрөг бол хөл хорио тогтоож, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зогссон Ковидын үед айл өрхүүдээ дэмжих бодлогын арга хэмжээ байсан. “Хуримтлалтай Монгол хүүхэд” бодлого бол хүүхдээс мөнгийг нь нуух гэсэн хэрэг огт биш. Хүүхдийн 50 мянган төгрөгөө авах болон зарцуулах эрх, сонголт нь нээлттэй байх юм. Харин хүүхдэд нэрийн данс үүсгэн тусгай дансанд хуримтлалтай болгоно гэдэг бол тусдаа асуудал. Хүүхэд багачуудынхаа ирээдүйд анхаарч, хөрөнгө оруулж буй төрийн бодлого гэж ойлгож болно.
-Хүүхдийн мөнгө цаашдаа нэмэгдэх үү?
-Энэ асуудлыг шууд хэлэх боломжгүй. Товчхондоо, улс орны эдийн засгийн хөгжил, нөхцөл байдлаас хүн амд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа шалтгаална. Тодорхой хэлж чадах зүйл гэвэл, “Хуримтлалтай Монгол хүүхэд” бодлого хэрэгжинэ. Ирээдүйд чиглэсэн зөв зүйтэй шийдэл гэж Засгийн газар үзэж байгаа. Энэ бодлого үр дүнтэй хэрэгжих ёстой.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 550 мянган төгрөг болгохоор шинэчлэн тогтоолоо. Үе шаттай нэмээд байгаа энэ доод хэмжээ бүрээр иргэд яг таг цалин мөнгө авч чадаж байгаа болов уу?
-Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон.
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг байхаар нэмэгдүүлсэн. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.
Ажилтныг хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллуулж байгаа ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс багагүй үндсэн цалинг олгох үүрэгтэй гэж Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасан. Хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагууд эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавьж ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.