2021 оны Улсын тэргүүний сум болох Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурьтай ярилцлаа.
-Алтанбулаг сум 2021 оны Улсын тэргүүний сумаар шалгарсан. Улсын тэргүүний сум болоход ямар шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой вэ?
-Ойролцоогоор 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан байж улсын тэргүүний сумын болзол хангадаг. Үүнд, эдийн засаг, дэд бүтэц, инженер, шугам шийдлийн хангамж, хүн амын амьжиргааны түвшин, үйлдвэрлэгчид гээд маш олон үзүүлэлтүүд багтдаг.
Төв аймаг нийт 27 сумтай. Алтанбулаг сум 2017 оноос хойш ажлынхаа амжилт, үзүүлэлтээр аймагтаа тогтмол тэргүүлсээр ирсэн. 2019 онд Төвийн бүсийн шилдэг сум болж, улмаар 2021 оны ажлын амжилтаар Монгол Улсын тэргүүний сумаар шалгарлаа. Энэ бол малчид, иргэд, үйлдвэрлэгч, төрийн албан хаагчдын маань хамтын хүч, хөдөлмөрийн үр шим юм. Төв аймгийн маань 100 жилийн ой 2024 онд тохионо. 100 жилийн ойн босгон дээр улсын тэргүүний сум гэдэг цолыг хүртсэндээ орон нутгийн удирдлагын хувьд баяртай байна.
-Танайх бүх шалгуур үзүүлэлтийг хангасан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Төвийн бүсэд үндсэндээ хөгжлөөрөө тэргүүлдэг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв гээд 7 аймгийн 100 орчим сум байдаг. 3 жил тутамд улсын тэргүүний сум шалгаруулах журамтай байдаг.
-Алтанбулаг сум ямар онцлогтой вэ?
-Алтанбулаг бум 1936 онд Бор-Өндөр уулын энгэрт Бор-Өндөр сум нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Харин 1959 онд одоо байгаа газар нутагтаа шилжин ирж Алтанбулаг сум нэртэй болсон түүхтэй. Нийт 3,373 хүн амтай бөгөөд 1,021 өрхтэй. Үүний 771 нь малчин айл өрх байна. Үндсэндээ нийт айл өрхийн 88 хувь нь мал аж ахуй эрхэлдэг. Ерөнхийдөө мал аж ахуйн үндсэн үйлдвэрлэл эрхэлдэг сум гэж ойлгож болно.
Манай сум 2021 оны жилийн эцсийн тооллогоор 310 мянга гаруй тоо толгой мал тоолуулсан.
-Иргэдийнхээ орлогыг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
-Манай сумын нутаг дэвсгэрт Хустайн байгалийн цогцолборт газар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус газар нь Төв аймгийн Аргалант, Баянхангай, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамардаг. Гэхдээ нийт нутаг дэвсгэрийн 60 хувь нь Алтанбулаг суманд харьяалагддаг. Анх 1992 онд Хустайн байгалийн цогцолборт газарт тахь нутагшуулж, одоо тоо толгой нь жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад манай суманд аялал жуулчлал хөгжих давуу талууд бий болж байна. Тухайлбал, ойр орчимд нутагладаг айл өрхүүд жуулчдыг хүлээн авч, нутаг орноо танилцуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг.
Мөн улсын тэргүүний малчдын бүлэг жил бүр "Хонины эвент" болон "Талын түмэн адуу эвент"-ийг зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагаанд орон орны жуулчид ирж сумын ЖДҮ эрхлэгчдийн орлогыг дэмждэгээрээ онцлог. Мөн үүгээр дамжуулан Монгол орныг сурталчлах ач холбогдолтой сайхан арга хэмжээ болдог.
-Цаашид танай орон нутагт хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал?
-Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Алтанбулаг сум ногоон байгууламжаа нэмэгдүүлэх үүднээс 2030 он хүртэл 1 сая 1200 мод тарьж, ургуулах зорилт тавин аймагтайгаа гэрээ байгуулаад хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд, сумандаа ногоон төгөл цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг хашаажуулж мод тарихаар зорьж байгаа.
Мөн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үүднээс улсын төсөв болон АХБ-ны хөрөнгө оруулалтаар инженерийн шугам шийдлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Одоо зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх компанийг шалгаруулах ажлуудаа хийж байна.
Сумын төвийн айл өрхүүд маань Туул голынхоо хоёр талаар нутагладаг. Гэхдээ гүүр байхгүй учраас голынхоо хойгуур нутагладаг иргэд төрийн үйлчилгээ авахад нэлээд хүндрэлтэй байдаг. Энэ асуудал маш олон жил яригдаж, өнгөрсөн онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төмөр битон гүүр барихаар болсон.
-Халамжаас хөдөлмөрт шилжихэд хэр хүндрэлтэй байсан бэ?
-Манайх Төв аймгийн хамгийн анхны халамжаас хөдөлмөрт шилжсэн сум болсон. Энэ бол бидний хийсэн гол ажлуудын нэг юм.
Мэдээж зарим нэг хүндрэлүүдтэй тулгарсан. Нэг айл сард 300 орчим мянган төгрөгийн хүнсний эрхийн бичиг авдаг байлаа шүү дээ. Энэ шилжилтийг хийхэд тухайн үед "за нөгөө хэд маань яадаг бол" гэсэн бодол надад төрж байсан юм. Эхэндээ "нүүрсгүй болчихлоо" гээд өрөөний хаалга татаж орж ирдэг л байсан. Энэ бүрт нь дэмжлэг, тусламж үзүүлж, хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангаж өгөхийг хичээсэн. Ингээд дэмжээд ирэхээр иргэд маань урамшаад сүүлдээ өрөөний хаалга татахаа больчихсон.
-Эрүүл мэндийн салбарт ямар шинэчлэлтүүд хийгдэж байгаа вэ?
-Энэ жил эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Үүний хүрээнд эрүүл мэндийн төвийн барилгыг аймаг, сумын хөрөнгө оруулалтаар өргөтгөх гээд тендер зарлагдчихсан байна. Өргөтгөлийн ажил дуусвал хуучин эмнэлгээ амбулатори болгож, шинэ барьсан өргөтгөлөө ... болгохоор төлөвлөж байгаа.
-Боловсролын салбарт цаашид ямар хөрөнгө оруулалтууд хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-2021 он Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил байлаа. Энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/, ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-д боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, цахим хичээлийг үр дүнд хүргэх тал дээр нэлээд сайн анхаарч ажилласан.
Ойрын хугацаанд сургуулийн өргөтгөлийн ажил эхлэх гэж байна. Одоо зураг төслийн ажлуудаа хийж байна. Зураг төслийн ажил дуусчихвал дараа дараагийн хөрөнгө оруулалтын ажлууд эхэлнэ. Миний хувьд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө боловсролын салбарыг нөхцөл бололцоогоор хангаж, сурагчдыг ая тухтай орчинд суралцуулах хүрээнд нэлээд зорилт дэвшүүлсэн байсан. Үүнийхээ дагуу жил бүр хөгжлийн төлөвлөгөөндөө тусгаад, хэрэгжилтийг нь хангаж байна. Өнөөдрийн байдлаар сумын ЕБС-д нийт 452 хүүхэд суралцаж байна.
Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын хувьд 2021 онд 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг ашиглалтад оруулсан. Ингэснээр хамран сургалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүллээ. Нөгөө талаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийнхээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
-Тэгэхээр танай сумын хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэлээд дээгүүр гэж ойлгож болох уу?
-Яг үнэн. Өнгөрсөн жил Алтанбулаг суманд 31 шинэ ажлын байр, 350 түр ажлын байр бий болгосон. Түр ажлын байр гэдэгт туслах малчин, ямаа самнах, хонь хяргах зэрэг орно.
-Танай суманд гэмт хэргийн гаралт хэр байдаг вэ?
-Улаанбаатар хоттой ойрхон учир гэмт хэрэг нэлээд гарна. Гэхдээ жилээс жилд буурч буй үзүүлэлттэй байдаг. Орон нутгийн удирдлагын хувьд гэмт хэргийг бууруулах тал дээр малчдын бүлэг, цагдаа, хэсгийн төлөөлөгчидтэй нягт хамтран ажилладаг. Ер нь гэмт хэргийг таслан зогсоох хамгийн гол үзүүлэлт бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж боддог.
-Улсын тэргүүний сумыг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнадаг. Орон нутгийн удирдлагын хувьд шагналын мөнгөө юунд зарцуулна гэж харж байгаа вэ?
-Монгол Улсын засгийн газрын тогтоол уржигдар /2022.05.11/ гарлаа. Шагналын мөнгө 100 сая төгрөг байдаг гэж сүүлд сонссон.
Ер нь Монгол Улсын хэмжээнд хогны асуудал их хэцүү байгаа. Тиймээс сумандаа хог боловсруулах үйлдвэртэй болчихвол зүгээр юм гэж бодож байгаа. Хоёрдогч түүхий эд болох лааз, ундааны сав, гялгар уутны хог хаягдал маш их байна. Үүнийг дахин боловсруулж хашааны шон, турбаны төмрийн оронд хэрэглэх бүтээгдэхүүн хийж болно гэж харж байгаа. Хэрэв ийм үйлдвэртэй болчихвол ажлын байр бий болохоос гадна нутаг орон маань цэвэр, цэмцгэр байж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна. Гэхдээ одоогоор шагналаа гардаж аваагүй байна. Авбал яг журмынх нь дагуу зарцуулна. /инээв/
-Ярилцсанд баярлалаа.
Алтанбулаг сумын фото сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү.