“Хөөрхөн зүрх” ТББ-ын Кэйс менежер Ц.Баасаннямбуутай ярилцлаа.
-"Хөөрхөн зүрх" ТББ-ын үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулахгүй юу?
-Манай байгууллагын албан ёсны нэр "Хөөрхөн зүрхнүүдийн аян" төрийн бус байгууллага. Харин олон нийт "Хөөрхөн зүрх" ТББ гэдгээр нь илүү сайн мэддэг. 2012 онд албан ёсоор байгуулагдаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Төрийн бус байгууллагын маань гол зорилго нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, бууруулах, урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа, мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, даван туулагчдад үйлчилгээ үзүүлэх юм.
Анх байгуулагдахдаа урьдчилан сэргийлэх, нөлөөлөл, чадавх бэхжүүлэх, нийгэм, сэтгэлзүйн үйлчилгээ гэсэн үндсэн 4 чиглэлийг барьж ажиллаж байсан. Одоо ч энэ чиглэлийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танай байгууллага энэ сарыг "Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар" болгож зарласан байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Манайхаас жил бүрийн тавдугаар сарыг "Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар" болгож зарлаад 6 жил болж байна. 2016 оноос хойш олон нийтэд цахим байдлаар урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээн дэлгэрүүлж байна. Энэ үйл ажиллагааг олон улсад “May campaign” гэж нэрлэдэг.
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл бол хүн бүрийн анхаарах ёстой асуудал. Хэн ч, хэзээ ч хүчирхийлэлд өртөж болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангаж үйлдэгдэхгүй байх нөхцөлийг нь бүрдүүлэх чухал. Үр дүн нь шууд мэдрэгдэхгүй байж болох ч энэ үйл ажиллагааг тууштай, тогтмол хийж чадвал хэдэн жилийн дараа бэлгийн хүчирхийллийн тоо өнөөдөртэй харьцуулахад буурсан байх болно.
-Энэ хөтөлбөрийн хүрээнд одоогоор хэчнээн хүнд хүрч ажилласан байна вэ?
-Одоогийн байдлаар “Амлая” нэрийн дор олон нийтэд цахимаар мэдээлэл өгч байна. Манайх үйл ажиллагаагаа танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулдаг. Тиймээс нийт хэдэн хүнд хүрсэн гэдгийг нарийн хэлж мэдэхгүй байна.
-Сүүлийн жилүүдэд танайд хандаж буй хүүхдийн тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна уу, эсвэл эсрэгээрээ байна уу?
-Жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэхдээ хүчирхийлэл үйлдэгдэх нь нэмэгдсэн гэж шууд хэлэх боломжгүй. Учир нь илрүүлэлт сайн байгаатай холбоотой байх магадлалтай. Сүүлийн үед хүүхэд өөрөө цахим орчноос хүчирхийллийн талаарх мэдлэг мэдээлэлтэй болоод мэргэжлийн байгууллагуудад ханддаг болсон.
Харин цар тахлын үед ураг төрлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдол нэлээд гарсан. Манайхаас үйлчилгээ авч буй хүүхдүүдийн бараг 80 хувь нь ойр дотнын хүмүүстээ хүчирхийлүүлсэн байсан. Гэтэл ковид-19 халдвараас өмнө энэ тоо 50 хувьтай л байсан байх.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа төрлийн хүчирхийллийг цензургүй мэдээлэх тохиолдол түгээмэл болж байна. Таны зүгээс энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд "тэдэн настай хүүхэд, ийм хүчирхийлэлд өртчихлөө" гэхээс илүү урьдчилан сэргийлэх байдлаар мэдээлбэл илүү үр дүнтэй. Нэгэнт хүчирхийлэл үйлдэгдсэний дараа олон нийтэд зарлаад юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Магадгүй хохирогч хүүхэд олон нийтийн сүлжээнээс өөрийнхөө талаар олж уншаад эргээд илүү сөрөг үр дагаварт хүрэх аюултай.
Хэвлэл мэдээлэл бол бүх хүнд зэрэг хүрэх боломжтой хүчтэй салбар. Тиймээс хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх нь зөв гэж боддог.
-Танай байгууллагын хувьд цаашид ямар зорилт тавьж ажиллаж байна вэ?
-Нэг ч гэсэн хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхгүй байхад бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах нь манай байгууллагын гол зорилго юм.