Манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яриад олон он жил дамнасан. Зөвхөн 2011 оноос хойш гэхэд л газрын тос боловсруулах үйлдвэр барих таван удаагийн шийдвэр гарч байжээ.
Харин 2017 онд тухайн үеийн Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийг монголд байгуулахаар шийдвэрлэсэн нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд манай улсад айлчлах үедээ Монгол Улсын хөгжилд зориулан нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгох болсонтой холбоотой.
Уг нь бол тус зээлийг газрын тосны үйлдвэр барихад ч анхнаасаа зориулаагүй юм билээ. Харин эрх баригчид хоёр жилийн хугацаанд бодож боловсруулсны эцэст гаргасан шийдвэр нь энэ байв.
Ингээд тооцоо судалгаа гарган нарийвчилсан ТЭЗҮ хийтэл уг үйлдвэрийг нэг тэрбум долларт багтаан барихгүй нь тодорхой болжээ. Иймд нэмэлтээр 236 сая доллар зээлэх хүсэлтийг 2019 онд гаргаснаар Энэтхэг улс ч ёсоор болгосон байна. Ийнхүү Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих болсон юм.
Бүтээн байгуулалтын их ажил 2018 онд Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойшоо 18 км газарт орших Алтанширээ суманд барилгын ажлынхаа дэд бүтцийн суурийг тавьжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн.
Хүмүүс асуудаг, газрын тос олборлох газрынхаа дэргэд үйлдвэрээ яагаад барихгүй байгаа юм бэ гэж. Үүнийг хэрэглээ болон дэд бүтцээ даган барьж байгаа гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Гарсан эцсийн бүтээгдэхүүнээ хэрэглэгч рүү зөөхөд км-ийн хувьд ойроос зөөх нь нэгж бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх ач холбогдолтой гэдэг.
Мөн газрын тос үйлдвэрлэхэд усны хэрэглээ их шаардах тул үйлдвэр барьж байгаа газар дахь усны нөөцийг ашиглаж байна. Гэхдээ бусад боловсруулах үйлдвэртэй харьцуулбал усыг маш бага хэрэглэдгээрээ давуу талтай. БОНХЯ-ны Усны нөөцийн зөвлөлийн 2014 оны аравдугаар сарын 1-ний тогтоолоор Бор Хөөвөрийн гүнийн усны ордоос аж үйлдвэрийн зориулалтаар ашиглаж болохыг зөвшөөрсөн аж. Сайншандын аж үйлдвэрийн паркийг барих тухай анх ярьж байх үед эндхийн усны нөөцийг нь тогтоож байжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршил
Үйлдвэрийн талбайн хувьд нэг болон 1.5 км буюу 105 га газрыг хамарна. Үүнээс гадна түүхий тос дамжуулах хоолойг хамтад нь байгуулахаар төлөвлөсөн. Түүхий тосыг хол замд тээвэрлэх хамгийн оновчтой, үр ашигтай хэрэгсэл бол дамжуулах хоолой гэж үзсэн бөгөөд хоолойг 1.5 - 2 метрийн гүнд суурилуулаад эхэлсэн.
Урдуур нь ачих буулгах байгууламж бүхий төмөр зам, нэг нь л гэхэд бөхийн өргөөнөөс том хэмжээтэй 41 ширхэг агуулах сав бүхий байгууламж байх юм. Энэ мэтчилэн нийт 12 ширхэг техник технологийн байгууламж бүхий үйлдвэрийг барина гэж албаны эх сурвалж ярилаа. Одоогоор байгууламж болгон дээр тендер зарладаг нүсэр ажил үргэлжилж, эхнээс нь шийдээд явж байгаа аж. Хүчин чадлын хувьд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 1.33 сая тонн орчим эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр, засварын цех, лаборатори, агуулах, ажилтнуудын орон сууц гэх зэрэг цогцолбор байгуулж байгаа.
Үйлдвэрийн ерөнхий төлөвлөлт
Бүтээгдэхүүний 70-80 хувь нь дизелийн түлш байх аж. Манай улс угаасаа дизелийн түлшний хэрэглээ өндөртэй. Учир нь дизелиэр явдаг хүнд даацын машинуудыг тус газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад хэрэглэхээс гадна уул уурхай, барилга байгуулалт болон газар тариалан эрхлэхэд ихээр ашигладаг.
Манай орон бензиний хувьд маш бага хэрэглээтэй. Авто бензиний хувьд зөвхөн АИ95-ийг үйлдвэрлэх юм байна. Гэхдээ үнэтэй бензин гарах нь гэж ойлгож болохгүй. Дотоодын түүхий эдээрээ өөрсдөө боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас импортын бүтээгдэхүүнээс хямд тусах нь ойлгомжтой. Яагаад АИ92 үйлдвэрлэхгүй юм бэ гэж хүмүүс асуудаг. Октаан буюу А80, АИ92, АИ95 гэх мэтээр тоо нь дээшлэх тусам бензиний чанар сайжирдаг. Иймд анхнаасаа чанартай бензин үйлдвэрлэхэд анхаарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, евро-5 стандартын бензин үйлдвэрлэх бөгөөд одоогоор манайхан евро-2 болон 3 стандартын бензинийг ихэвчлэн хэрэглэж байгаа аж.
Түүнчлэн зуухны түлшний үйлдвэрлэл буюу нүүрс хэрэглэдэггүйгээрээ онцлог, давуу талтай монголдоо шинэ гэж хэлж болох бүтээгдэхүүнийг дурдах нь зүйтэй. Энэ нь аливаа дулааны цахилгаан станцын тэжээл болдог. Үйлдвэрээ цахилгаан болон дулаанаар хангах 35 мегаваттын хүчин чадал бүхий ДЦС-ыг барьж ажилуулахад үүнийг ашиглана.
Мөн шингэрүүлсэн шатдаг хий буюу газ, онгоцны түлшийг ч үйлдвэрлэх юм.
“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас төслийн талаар тодруулахад, “ТЭЗҮ-ийн дагуу бид Тосон-Уул болон Тамсаг-21 талбайгаас тос олборлож боловсруулна. Технологийн хувьд хамгийн сүүлийн үеийн Гидрокрекинг технологийг сонгосон. Дэлхий дээр 750 гаруй газрын тос боловсруулах үйлдвэр байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь гидорокрекинг технологи руу шилжиж байгаа. Түүхий тосны шинж чанар хүхэр хэр их хэмжээгээр агуулагдаж байгаагаас шалтгаалдаг. Хүхэр их байх тусам боловсруулалтын явц хэцүү, байгаль орчинд хортой байдаг. Манайх газрын тосны шинж чанараа тогтоох зорилгоор олон улсын алдартай газрын тоснуудтай харьцуулж үзсэн. Америкийн газрын тосны институтиэс гаргасан үзүүлэлтээр манай тос хамгийн бага хүхэртэй гэж гарсан.” гэлээ.
Ямартай ч Монголчууд өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бензин, дизелиэ хэрэглэх нь тодорхой боллоо. Гэхдээ ковидийн нөхцөл байдлын улмаас бүтээн байгуулалтын явц бүтэн нэг жил хойшилсны улмаас үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа мөн хойшилжээ. Ямартаа ч үйлдвэрийг 2025 онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөөд байна.