ХЭЦҮҮДЭЖ БУЙ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ МИНЬ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭЦҮҮДЭЖ БУЙ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ МИНЬ

/2022.5.4/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлж байна. ЮНЕСКО, Уругвай Улсын Засгийн газартай хамтран, тавдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Дэлхийн чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, идэвхтнүүд, интернэт компаниудын бодлого боловсруулагчид, менежерүүд, хиймэл оюун ухаан судлаачид, хуулийн мэргэжилтнүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс нэгтгэж асуудлаа хэлэлцэж байна.

Нобелийн энх тайвны шагналыг өнгөрсөн онд хоёр сэтгүүлч хүртсэн ч “Сэтгүүл зүйн практикт тулгарч буй сорилтууд улам бүр нэмэгдсээр байгаа энэ цаг мөчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний нийгэмлэг, хөдөлгөөнийхөн эргэн нэгдэх цаг болжээ” хэмээн ЮНЕСКО-гийн үзэл баримтлалд дурджээ.

Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүй нь хэсэг бүлгийн асуудал бус бөгөөд зөвхөн хуулийн хүрээнд шийдээд орхих асуудал биш болжээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүйн адил асуудлаа бодитой тодорхойлж, шийдвэрлэх арга замаа олоход олон талын хамтын оролцоо чухал юм.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ УРАГШЛАВ УУ, УХРАВ УУ?

Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөний индексээ өчигдөр дэлхий нийтэд танилцууллаа. Энэ жилийн тухайд Монгол Улс нь 22 байр ухарч, 180 орноос 90 дугаарт байрт жагсав. Манай улс 2013 оноос хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлаа үнэлүүлж эхэлсэн. Тухайлбал,

  • 2013 онд 98-д,
  • 2014 онд 88-д,
  • 2015 онд 54-д,
  • 2016 онд 60-д,
  • 2017 онд 69-д,
  • 2018 онд 71-д,
  • 2019 онд 70-д,
  • 2020 онд 73-д,
  • 2021 онд 68-д
  • 2022 онд 90-д

Дүгнэвэл, сүүлийн 10 жилийн хугацаанд түүхэн доод үзүүлэлтдээ хүрэв. Өөрөөр хэлбэл, дайн самуун, зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа улстай адил ухралтыг үзүүлж байна. Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “хангалттай сайн” гэдэг ангилалд багтахын тулд бидэнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг өргөн хүрээнд бодитой хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна.

УХРАЛТАД ХҮРГЭСЭН УРШИГ

Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, аюулгүй байдал гэсэн таван гол үзүүлэлтээр эрх чөлөөнд үнэлгээ өгчээ. Үүний дотроос улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин ээдрээ төвөгтэй нэн хүнд байдалд байна.

Хэвлэлийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар 2020 оны байдлаар Монгол Улсад нийт 502 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн дийлэнх олонхи нь улс төр, бизнесийн бүлэглэлийн мэдэлд буюу эзэмшил, өмчлөлд нь байна.

Товчхондоо 3 сая гаруй хүн амтай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнох ямар ч боломжгүй. Цаад эзэд нь улс төр дэх тоглогчид байгаа цагт “халаас”-ны сэтгүүл зүйтэй хараат бус, бие даасан, олон ургалч байх тухайд бүр ч ярилтгүй нь мэдээж.

Ийн тул улс төр, эдийн засгийн нөхцөл байдал “элэгдэж буй эрх чөлөөг минь” мөддөө урагш ахиулахгүйгээр торлон авчээ.

ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧНЫ ХУВЬД БИДЭНД ЮУ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА ВЭ?

Хэвлэлийн эрх чөлөөг Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомждоо баталгаажуулсан хэдий ч хамгаалах тогтолцоо нь алга. Хамгаалъя гэхээсээ урьтаж хаах, хязгаарлахыг л урьтал болгосоор ирлээ. 30 жил бойжуулсан ардчиллын “хүүхэд” болох хэвлэлийн эрх чөлөөг эхний 10 жилдээ тэтгэсэн ч сүүлийн 20 жилд нь эцэг эхгүй хүүхэд мэт үзэж хөсөр таягдан хаяв. Үүнтэй холбоотойгоор гартаа галт бамбар барьсан галзуу сармагчин адил юу ч хамаагүй түймэрдэхэд бэлэн зарим “хөлсний сэтгүүл зүй” хөгжлийн ид үедээ ирэв.

Глоб Интернэшнл төвийн хийсэн судалгаагаар 1999-2021 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараахтай холбоотой шүүхээс шийдвэрлэгдсэн нийт 1146 иргэний болон эрүүгийн хэргийн 42% сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдож байна.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантайхолбоотойгоор 2021 онд иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэгдсэн 54 хэрэг байна. Шүүхээс шийдвэрлэгдсэн хэрэгт нэхэмжлэл гаргагчдын 30% нь төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байгаа юм. Нэхэмжлэгч талаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад гаргаж буй эдийн бус гэм хорыг арилгах хохиролд ойролцоогоор 13,650,000 төгрөг нэхэмжилжээ.

Харин худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотойгоор 2021 онд шийдвэрлэгдсэн 15 хэргийн хоёр нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдол байна. Үүний нэгд нь УИХ-ын гишүүнээс гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсэж, улмаар сэтгүүлчийг нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн бол, үлдсэн нэгд нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.Дээрх тоон мэдээллээс дүгнэвэл, хууль эрх зүйн орчин хэвлэл мэдээллийн салбарт хамгаас илүү халтай болжээ.

Төр, засгийн зүгээс хязгаарлах гэсэн санаархлын тэргүүн эгнээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаасболовсруулсан эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нэрлэгдэнэ. Доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуульд дахин нэмж оруулахаар зүтгэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд нэмэх 13.15 дугаар зүйлд “1.Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан. Энэ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас дуудах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах, улмаар сэтгүүлчид өөрийн цензурт автах эрсдэлийг бий болгох юм.

Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь дотроо гүтгэх, гутаан доромжлох ойлголтыг ч агуулж байгаа бөгөөд таван жилийн өмнө эрүүгийн хуулиасаа хасчхаад одоо эргэн оруулах гэж буйн шалтгааныг улс төрийн зорилготой гэхээс өөрөөр яаж ч тайлбарлах билээ.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын шадар сайд, Төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, Улсын Дээд Шүүхийн шүүгч, зарим УИХ-ын гишүүн, яам, агентлагийн сайд дарга нар, нэр бүхий аймгийн засаг дарга болон аймгийн прокурорын газруудаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд, түүнчлэн нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах үзэгдэл нийтлэг байна.

Энэ нь эрх зүйн орчин боловсронгуй бустай холбоотой юм. Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээдийн хувь хүнийх нь нэр төрд халдсан бус, зөвхөн эрхэлж буй албан тушаалтай нь холбоотойгоор нийтэлсэн мэдээлэлд гомдол гаргах эрхгүй байх зохицуулалт байхгүй байна. Иргэний хэрэгт нэхэмжлэл гаргаж буй этгээд өөрийн буруугүйг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг байхгүйн улмаас ялангуяа сонгуулийн жилүүдэд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо өндөр байна. Иймд хэвлэлд гомдож гүйдэг “хэнээтнүүдээс” гомдоллоод байдаггүй албан тушаалтныг тоолж тогтоох нь илүү амар ажил болжээ.

СУДАЛГААНД СУУРИЛСАН ДҮГНЭЛТ

Энэ жилийн тухайд Юнескогоос гаргасан үзэл баримтлал нь цахим дайралтаас гадна Ил тод байдал нийтийн сайн сайхны төлөө байх нь, Хэвлэл мэдээллийн оршин тогтнохуй ба олон нийтийн итгэл гэсэн үндсэн гурван чиглэлд төвлөрөн анхаарч байна. Тэгвэл Глоб Интернэшнл төвөөс 233 сэтгүүлчийг хамруулсан сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны дүнг танилцууллаа. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд хамгийн чухал аюулгүй байдлын нэгдүгээрт хувийн аюулгүй байдал чухал, хоёрдугаарт эх сурвалжийн аюулгүй байдал, гуравдугаарт мэдээллийн аюулгүй байдал буюу өгөгдөл, дататай холбоотой аюулгүй байдал гэж хариулсан байна. Тэгэхээр бид ч бас цахим дайралттай холбоотой хууль бусаар мөрдөн мөшгөх, технологи ашиглан тагнах чагнах асуудалтай нүүр тулжээ.

Сэтгүүлчдийн эрх ашгийг хэн зөрчөөд байгаа талаар 233 хүний 184 нь эрх мэдэл бүхий албан тушаалтан, хууль сахиулагчид гэж хариулсан байна. Аюулгүй байдлыг хангахын тулд цаашид авах арга хэмжээний эхэнд эрх зүйн орчныг сайжруулъя гэж нийт судалгаанд хамрагдсан сэтгүүлчдийн 64 хувь нь үзжээ. Эдийн засгийн баталгаа болох цалин хөлсөө нэмүүлэх асуудлыг тэд эхэнд нь тавьсангүй 51 хувь нь чухал гэж удаах асуудал болгожээ.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хөлс маш бага байгаа талаар судалгаа хийгдсэн байдаг. Гэвч ус агаар мэт амин чухал асуудлаа эрх зүйн дарамтаас л гарчихвал болох нь тэр гэж зоримог хариулж байгаагаас харж болох нь ээ.

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн талаарх олон нийтийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж гуравдугаарт буюу 38 хувьтай хариулсан байна. Дэлхий дахинд цар тахалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийн индекс буурч байгааг хэн хэн нь хүлээн зөвшөөрч буй цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэсэж үлдэхээр “тэнцэж ядан” байна.

Харин ил тод байдал нийтийн сайн сайхны төлөө байх асуудал бидэнд огт хамаагүй бололтой. Жирийн иргэн бүү хэл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь төрийн байгууллагаас мэдээлэл олж авна гэдэг нэн хүндрэлтэй асуудал байсаар ирсэн. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт тулгардаг асуудлын хамгийн эхэнд “мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг” гэсэн асуудал нэрлэгдсээр байгаа юм.

Иймд 2022.05.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг бүх түвшиндээ анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Хулгайлагдсан 34 гар утасны хохирогчийг тогтоохоор ажиллаж байна
Хулгайлагдсан 34 гар утасны хохирогчийг тогтоохоор ажиллаж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.