Эдийн засаг хүндрээд удаж байна. Бүсээ чангалъя, зардлаа хэмнэе гэж иргэддээ уриалсан биш, иргэдийн шахалт шаардлагаар гэж хэлж болох “хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх” уриалгыг УИХ-аас дуртай, дургүй гаргасан гэж хэлж болно. Тэгээд холбогдох төрийн байгууллагуудын удирдлагад үүрэг өгсөн. Түүгээр ч зогсохгүй төсвөө тодотгон Төрийн хэмнэлтийн тухай хууль өргөн барьсан гэх зэргээр ажил хийгээд л байна. Шийдвэр гаргах түвшнийхээ хувьд зардлаа багасгасан л юм шиг байгаа юм. Харин эдгээр нь эдийн засагт хэмнэлт гаргах дорвитой бодлого байж чадсан уу гэвэл, чадахгүй байна гэж хэлэхээр байна.
Учир нь төр засгаас бодлогын чанартай аливаа шийдвэрийг гаргахдаа мэргэжлийн хүмүүсийг оролцуулдаггүй аж. Хэрэв асуувал оролцуулдаг гэж хэлэх байх л даа. Гэтэл хачир дээрээ намын төв байр, Засгийн газар ч юм уу, улс төрийн түвшинд аль хэдийн шийдвэр гаргачихсан байдаг ажээ. Тийм болохоор үүнийг хийнэ гэсэн буюу өөрөөр хэлбэл ихэнхдээ тогтоолын төсөл болгох бичиг баримтаа “танайхан нэг хараарай, мэргэжлийн үг хэллэг энээ тэрээ” гэнэ. Тэгээд л болоо. Уг нь бол үүнийг хийх нь зөв үү, буруу юу гэх зүйлийг асууж зөвшилцөх ёстой баймаар.
Экспортын орлого тасалдаж, импорт өсөхийн зэрэгцээ үнэ өсөж эхэлсэн энэ үед манай улсад валют юу юунаас илүү их хэрэгтэй байна. Ийм үед бэлэн мөнгийг иргэдийн гар дээр төр засгаас өгөх тусам импортыг нэмэх юм. Гар дээрээ бэлэн мөнгөтэй иргэд, худалдаачид гадаадад хямдхан байгаа бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэн худалдаалж, ашиг олох сонирхолтой байдаг. Ингэж худалдаа наймаа хийхийн хэрээр гадагшаа гарах валютын урсгал зогсохгүй. Энэ нь манай улсын валютын нөөцийг шавхах нэг үндэслэл болоод байна. Валютын нөөц багасах тусам төгрөгийн ханшийг аажмаар сулруулах нөлөө үзүүлсээр. Ард иргэд “Үнэ өслөө, цалин хүрэхгүй боллоо” гэж гомдоллохоор нь төр засгаас бэлэн мөнгө өгөөд л. Гэтэл өгсөн мөнгө нь үнийн өсөлтийг шийдэх нь байтугай, бүр эсрэгээрээ төгрөгийн ханшийг сулруулсаар иржээ.
“Манай улсад үйлдвэрлэл хөгжөөгүй. Иймд төсвийн хөрөнгө оруулалтын нийт зардлын дор хаяж 55 хувь нь валют болон гадагшаа гардаг” гэж албаны хүн хэлж байсан. Нэг байшин баръя гэвэл бүх материалыг нь импортоор авчирна. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа өсгөе гээд хувийн хэвшлийнхэнд мөнгө өгдөг. Гэтэл өгсөн мөнгөнийх нь талаас илүү хувиар валют худалдаж аваад гаргаад байхаар улсын валютын нөөц буурч, эргээд ханшийн дарамтыг бий болгох нь ойлгомжтой.
Энэ онд шинээр эхлэх байсан, гэрээ огт хийгдээгүй хөрөнгө оруулалтуудыг төсвийн тодотголоор хассан. Гэвч нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг эргүүлэн олгоно гэчихлээ. Гар дээрээ энэ мөнгийг авсан иргэдийн худалдан авах бараа нь бас л импортын, ховор бараа. Тэгэхээр дахиад л валют болоод гараад явна, дахиад л үнийн өсөлт үүснэ. Аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтаар дамжин импорт болдог байсан валют одоо “Даарин дээр давс” гэгчээр хувь хүмүүсийн гар дээр ч ихээр бий болох нь. Нэгэнт гар дээрээ бэлэн валюттай болсон иргэд аж ахуйн нэгжүүдтэй зэрэгцэн худалдаа наймаа хийн импортын өсөлтийг улам өдөөх дүр зураг харагдаж байна. Хэн ч гэсэн илүү авсан хэдэн төгрөгөөрөө олдохгүй ховор бараагаа авахыг л бодно. Энэ нь нэгдүгээрт инфляц руу, хоёрдугаар ханшийн уналт руу улам л хүчтэй түлхэхээр байна.