- Нэг сэдвээр: ОНЛАЙН ТОЙМ -
/2022.4.6/ Хэвлэл мэдээллээр гарч, интернэтэд ул мөр үлдээсэн "Онлайн баримтуудад" тулгуурлан дараах тоймыг бэлтгэлээ. Та бүхэн доогуураа зураас бүхий бичиглэл дээр дарснаар тухайн мэдээллийн эх сурвалжуудыг бүрэн эхээр нь унших боломжтой.
ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН КОМПАНИ:
А.Шоовдор агсан талийгаач болсны дараа...
Хөтөлийн цемент шохойн компанийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгож, тус үйлдвэрийн “хувь заяаг” Төрийн өмчийн хороонд үлдээсэн талаар Засгийн газрын сайд Ц.Нямдорж мэдээлснийг санаж буй биз ээ.
Үүний дараахан Төрийн өмчийн хорооноос Л.Наранбаатарыг тус компанийн даргаар томилох шийдвэрийг гаргасан юм. Шүүхээр шийдээгүй, Засгийн газрын хуралдаанаас гаргасан энэхүү шийдвэрийг тус үйлдвэрийнхэн эсэргүүцэж Л.Наранбаатарыг үйлдвэрийн байранд нэвтрүүлэхгүй хэсэг тэмцсэн.
Тэд “Засгийн газрын шийдвэрийг гайхаж байгаа. Яагаад хувьчлалыг буруу явагдсан гэж үзэж байгаа вэ. Үндэслэлийг нь сонсож болох уу. Ерөнхийдөө компанийн зүгээс төр хувийн өмчийг дээрэмдэж авч байна гэж дүгнэж байгаа” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.
Цагтаа энэ компани дангаараа улсынхаа цементийн хэрэглээний 20-30 хувийг дангаар хангадаг байлаа. Улаанбаатар хотын 1, 3, 4, 10, 11, 13-р хороолол, Маршалын гүүр, "Москва", "Орчлон" хороолол, "Жигүүр гранд"-ын цогцолбор, "Чингис" зочид буудал, "Чингис" нисэх онгоцны буудлын өргөтгөл, Монгол бөхийн өргөө, Дархан, Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн орон сууцны хорооллууд, Засгийн газрын өргөтгөл, Тусгаар тогтнолын ордон гээд олон барилгыг барих цементийг үйлдвэрлэсэн түүхтэй.
Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар А.Шоовдор агсан 2004 оноос томилогдон ажиллаж байв. Тэрээр тус үйлдвэрт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн байлаа.
2010 оноос Засгийн газрын тогтоолоор хувьчлах төрийн өмчит компаниудын тоонд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ярьж эхэлсэн. Тухайн үед Ерөнхий сайдаар Сү.Батболд /2009-2012 он, МАХН/, Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж /2009-2013 он, АН/ ажиллаж байв.
Хувьчлалын талаар Шоовдор агсан:
“Энэ бол хувьчлал биш, шинэчлэл. Үйлдвэртээ техник, технологийн шинэчлэл хийж орчин үеийн үйлдвэр болгох талаар бидний тавьж байсан саналыг УИХ дэмжиж энэ тогтоолдоо тусгайлан зааж өгсөн юм. Үүнд манай яамны сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар нилээд үүрэгтэй оролцсон болов уу. Ямар ч гэсэн төр засаг бидэнд ийм сайхан боломж олгосонд манай хамт олон их баяртай, урам зоригтой байгаа” хэмээн 2010 онд ярилцлага өгч байв.
Үүний дараа “2004 онд 2,1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан үйлдвэр маань одоо 2011 онд бүр эсрэгээрээ 2,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна” хэмээн А.Шоовдор агсан бахархан ярилцлага өгч байлаа.
Гэвч удалгүй А.Шоовдор агсныг 38 тэрбум төгрөгийг үйлдвэрийн захирал байхдаа хувьдаа ашигласан хэмээн Авлигатай тэмцэх газар хоёр жил шалгаж, хорьсны эцэст “Ямар ч гэм буруугүй байжээ” хэмээн суллаж, үйлдвэрийн захирлаар нь дахин томилж байв. Энэ бол 2016 он юм. Сонирхолтой нь, түүнийг шоронд байх хугацаанд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлалыг хийсэн гэж “шуугидаг”.
А.Шоовдор агсныг буцаад Хөтөлийн гүйцэтгэх захирлаараа ажиллах эхлэх үед буюу 2016 онд Ц.Нямдорж УИХ-ын дэд дарга байхдаа түүнийг Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан асуудлыг “шахаа” хэмээн нэрлэлээ. Энэ талаар А.Шоовдор агсан ярилцлага өгөхдөө “Энэ бол хоёр байгууллагын хооронд хийдэг л энгийн нэг гэрээ. Сүүлийн жилүүдэд хувийн ч бай хувьсгалын ч бай Баялаг бүтээгчид болон үндэсний компаниудынхаа бизнесийн нэр төрд халдан дайрч доромжлох, идээчин, уугаачин мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд ойлгуулдаг үзэгдэл газар авч байгаад харамсаж явдаг” хэмээж байв.
Ингээд үйл явдал өрнөсөөр өнөөдөр Хөтөл улсын “гарт” орлоо.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДАРААГИЙНХ НЬ
ЭРДЭНЭС МОНГОЛ...
Өчигдөр Ерөнхий сайд танхимын зарим сайд нар, Монголбанкны ерөнхийлөгч нарын хамтаар олон нийтэд хандан мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Засгийн газар цэгцэлж чадвал, Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина гэдгийг төлөвлөж байна, нуугаад яахав. Энэ компанитай холбоотой олон охин компаниуд, тус бүрт нь ТУЗ, тэдэнд төрөөс хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайд ахалж, ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Сангийн яам, Хэрэг эрхлэх газраас хүмүүс орсон гэж мэдээллээ.
Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан бүсгүй ажилладаг. Энэ бүсгүйг MCS-ийн "угшилтай" гэлцдэг бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сард үүрэг гүйцэтгэгчийн албыг авсан.
Тухайн үедээ жинхэлнэ гэж байсан ч одоо хүртэл үүрэг гүйцэтгэгчээрээ ажиллаж байгаа. Өмнө нь Завхан аймагт алт олборлох үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэшн" компанийн төсөл хариуцсан захирлаар ажиллаж байсан. Түүнийг ажиллаж байх хугацаанд баяжуулах үйлдвэрийн уусмал дамжуулах шугам задарч цианит натри агуулсан уусмал асгарсан осол хэд хэд гарч, Уул уурхайн сайд Г.Ёндон өөрийн биеэр захирлуудтай нь уулзаж, сануулга өгч байсан удаатай.
Өнгөрөгч оны сүүлээс буюу О.Хуланг албан тушаалаа авснаас хойш Эрдэнэс Монгол компанид Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Монголросцветмет компаниудыг нэгтгэнэ гэх мэдээллийг Засгийн газраас өгсөөр ирсэн.
Энэ мэдээллийн үргэлжлэл нь өчигдрийн Ерөнхий сайдын мэдээлэл байлаа.
Эрдэнэс Монгол компани нь өнөөдрийн байдлаар компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.
Мөн ОХУ-ын Газпром үйлдвэр манай улсад охин компаниа байгуулсан бөгөөд Монголын талаас хамтран ажиллах "Эрдэнэс газ" төслийн нэгжийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харъяанд байгуулсан.
Сүүлийн үеийн "халуун сэдэв" болох "Хөгжлийн банк"-аас "Эрдэнэс Монгол" ХХК ч зээл авсан. Энэ зээлийнхээ талаар Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан дараах мэдээллийг Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийнхэнд өгсөн юм. Тэрээр:
Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 141.3 тэрбум төгрөг, зээлийн хүүний хуримтлагдсан өглөг 10.6 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өглөг 225.9 сая төгрөг байна. Нийт 152.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. 2014 онд Хөгжлийн банкнаас жилийн 4.25 % хүүтэй зээл олгосон боловч 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн нэмэлт гэрээгээр жилийн хүүг 6.06 % болгон хүүгийн түвшинг нэмэгдүүлсэн. Үүнээс дөрвөн жилийн дараа байгуулсан нэмэлт гэрээгээр жилийн 9.5 % болгосон. Хүүний түвшин нэмэгдүүлснээр жилд 7.5 тэрбум төгрөгийн хүүгийн зардлын дарамт үүссэн. Энэхүү хүүгийн зөрүүгээр 45 тэрбумын хүүгийн төлбөр төлж, үндсэн зээлээс хасагдаагүй.
О.Хулан захирал энэхүү мэдээллийг хоёрдугаар сарын 25-нд өгчээ. Ийнхүү сэдэв цааш улам сонирхолтой өрнөх нь ээ.