/2022.4.5/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан.
Тэрээр үүнийхээ дараа хэвлэлийн хурал хийсэн юм. Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол Улсын хувьд Украин- Оросын асуудал дээр түдгэлзсэн байр суурьтай байсан. Нэг өдөр, нэг цаг хугацаанд үүссэн асуудал биш гэж үзсэн. Тиймээс цаашдаа ч энэ байр суурь дээрээ байна гэж ҮАБЗ-ийн гишүүд санал өгч ирсэн.
Гэхдээ Монгол Улс асуудлыг аль болох эвээр шийдвэрлэх ёстой гэж, олон улсын байгууллагуудтай Гадаад яам нэг цонхоор харилцаж ирсэн. Цар тахлын хоёр жилийн хугацаанд маш хүнд цохилтод орж, ачаа тээврийн эргэлт удааширсан, эдийн засаг сэхээний оронд хэвтсэн, дэлхийн банк санхүүгийн байгууллага болон дөнгөж сэргэлт мэдэгдэж байсан олон улсын зах зээлд тодорхойгүй байдлыг дахин авчирлаа.
Олон улсад шатахууны үнэ 60-70 хувиар өсөх магадлалтайг илэрхийллээ. Манай улс ч энд багтана. Сүүлийн үед улаанбуудайн үнэ 45-50 хувь өсөж, дэлхий дээр хүнсний хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсэж байгааг дүгнэж байна. Энэ асуудал даамжирвал 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байна гэдгийг олон улсын байгууллагууд тооцон гаргасан байна.
Хэдийгээр манай улсад цар тахал намжмал байгаа боловч бүс нутгийн хэмжээнд цар тахлын том давалгаа эхэлсэн. Энэ нөхцөл байдал цаашдаа хэрхэн үргэлжлэхийг таахад бэрх байна. Тиймээс 4-р тунгаа идэвхжүүлэх нөхцөлтэй нүүр туллаа.
Агаарын хил, хуурай замын тээвэр 100 хувь хоёр хөршөөсөө хамааралтай манай улсын хувьд мөн хүндхэн нөхцөлтэй нүүр тулж байна. Энэ бүхнийг дүгнэж үзсэний үндсэн дээр цаг алдалгүй арга хэмжээ авах, зарим нөхцөл байдлыг түрүүлж, одоо байгаа нөхцлөөс муугаар дүгнэх шаардлага байна гэж Засгийн газар үзсэн.
Тиймээс өнөөдөр МУЗГ-аас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьлаа. Ингэснээр манай улсын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дээр Засгийн газар оролцож, зохицуулалт хийх эрхзүйн орчныг бүрдүүллээ.
Ханшийн зохицуулалтыг хуулиар хийх нөхцөл үүссэн гэж бид үзсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газар шууд зохицуулах боломжгүй, УИХ-аар шийдүүлэх ёстой. Мөн мөнгөний бодлогод хуулиар орж болдоггүй. Хамтарч ажиллахыг ч хориглосон. Өнөөдөр Монголбанканд Засгийн газраас валютын нөөц бүрдүүлэхэд нь туслахаас өөр аргагүй болсон. Валютын хомсдол болох нөхцөл үүслээ. Энэ хомсдлоос үүдэж зарим валютын төлбөрийг хязгаарлах, хилээр гарах асуудалд хяналт тавих, хууль хяналтын байгууллагыг татан оролцуулах зайлшгүй шаардлага үүслээ.
Валютын нөөцийг бүрдүүлэхийн тулд томоохон төсөл хөтөлбөрүүдийн татан авах валютын хугацааг наашлуулах хэлэлцээрүүдийг Засгийн газрын зүгээс хийх шаардлагатай. Тиймээс энэ хуулийн хоёр дахь том бүлэг заалт нь Засгийн газар Мөнгө болон сангийн бодлого дээр Төв банктай хамтран хариуцлага хүлээе гэсэн заалт орсон. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох, Лондонгийн металын биржийн үнэ дээр 5 хувь нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээл дээр алт худалдан авах заалтыг оруулсан.
Импортын гол бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулахын тулд эрх шилжүүлэх хүсэлтийг Засгийн газар УИХ-д өгч байна. Татварыг тогтоох тодорхойгүй байдал үүсэж байгаа учир хурдтай, аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаж шийдэх шаардлага гарсан тул Засгийн газар орж ажиллах, шийдвэрлэх нь зүйтэй юм.
Энэ арга хэмжээг дэлхий дээр олон улс хэрэгжүүлж байна. УИХ энэ багц хуулийг баталж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Цар тахлын хууль шүүмжлэлтэй байж ирсэн. Энэ хууль байгаагүй бол, ЗГ төсвөө дотооддоо зохицуулж чаддаггүй байсан бол анхны вакцинжуулалтын үйл ажиллагаа өнгөрөгч 11 сард эхэлж, багадаа 3-4 удаагийн төсвийн тодотгол хийх байсан. Засгийн газар цаг алдалгүй шуурхай шийдвэр гаргах түүхэн үүргээ энэ хууль гүйцэтгэж, 40 орчим мянган хүний алтан амь эрсдэхээс сэргийлж чадсан. Энэ хямралт байдал тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх нөхцөл үүссэн.
Нөхцөл байдлаас үүдэж Засгийн газар ийм зоримог, шийдэмгий ажиллах шаардлага тулгарлаа. Иргэд, хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг ойлгож хүлээн авна гэж найдаж байна. Биднээс хамаарахгүй нөхцөл байдал 70 орчим хувь байна. Хилийн чанадад болж буй, өөр улсуудын хооронд болж буй үйл явдал нь ийм нөхцөл байдлыг үүсгэж байна.
Хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагууд та бүхэн нэгдмэл байдлаар Засгийн газартай хамтарч ажиллахыг хүсье.
Асуулт хариулт:
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ОЛОН УЛСАД ХИЙХ СУРТАЛЧИЛГААГАА ЗОГСООХГҮЙ
-Дэлхий геополитикийн хүчний харьцаанд амаргүй өөрчлөлт орж байна. Хэдийгээр бид аялал жуулчлалаа нээлттэй бодлого явуулах ч, энэ нь тухайн улс орны, иргэний сэтгэлзүйн мэдэх асуудал шүү дээ. Манай улсын агаарын хил зарим оронд нээлттэй байгаа. Манай компаниуд жуулчдыг татан авах бэлтгэлээ хийсэн. Олон улсын сурталчилгаа, эдийн засгийг сэргээх алхмуудаасаа бид ухрахгүй. Монгол Улс амар тайван байна. Цар тахлын тохиолдлын тоо маш бага байна. Энэ нь давуу байдал болох байх гэсэн эерэг хүлээлттэй байгаа юм. Тиймээс Эдийн засгийн форумыг энэ жил хийлээ.
ЗАСГИЙН ГАЗАР ЗОХИЦУУЛАХГҮЙ БОЛ ШАТАХУУН 1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ
-Шатахууны хувьд зохицуулалт хийхгүй бол багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн. Америк доллараар тооцоо хийхгүй, зөвхөн рублиэр хийнэ гэсэн. Зөвхөн бензин биш гааз болон хийн хоолойн хувьд ч адил үүссэн. Европын улсууд нэрвэгдэж байна. Тиймээс олон улсын бирж дээрх үнээр л Монгол Улс авна. Монголд зориулсан тусгай үнэ гарна гэх боломжгүй.
Бид ОХУ-ын Ангарскын нэг үйлдвэрээс 100% хамааралтай гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид Евро2 ч хэрэглэж чаддаггүй. Гэтэл дэлхий Евро5 руу орчихсон байгаа. Ийм улс гэдгээ бид бодитоор ойлгох хэрэгтэй. Урт хугацаандаа бид хараат бус байх нөхцөл рүү орно.
Газрын тосны үйлдвэрээ барих зайлшгүй шаардлага тулгарч байна. Шатахуун болон нүүрс экспорт, эрчим хүчний импорт зэргээс хоёр хөршөөсөө шууд хамаарч байна. Аль болох энэ хамаарлыг багасгах бодлого барих шаардлагатай. Тиймээс нефтийн хэрэглээн дээр Засгийн газар боломжит бүх зохицуулалт хийж, 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх эрсдлийг багасгах эрхзүйн орчныг бүрдүүлж байна гэж ойлгож болно. Ханшийн зөрүүн дээр шатахуун импортлогч компаниудтай Засгийн газар нүүр тулж уулзаж, зохицуулна. Зарим гэрээ хэлцлүүд хийгдэнэ. Дэлхий дээр үнэтэй байгаа зүйлийг бид шууд зохицуулах боломжгүй. Гэхдээ энэ эрхзүйн орчныг бий болговол цаг алдахгүй арга хэмжээ авах боломжтой болно. Мөн Төв банктай хамтарч ажиллая гэж байгаа юм.
ХӨГЖЛИЙН БАНКЫГ УЛСТӨРЧИД УДИРДАЖ, ХУВААЖ АВСАН
-Хөгжлийн банктай холбоотой асуудал. Засгийн газар нэгдүгээр сарын 27-ны өдөр Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгож, хууль хяналтын байгууллагат шилжүүлсэн. ХМБ-ууд, олон нийт, Иргэний нийгмийн байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлж байна.
Олон нийтэд ил болсноор төлөлт хийгдэж, 150 гаруй тэрбум төгрөг хийгдсэн байна. Аль компанийн ард, хэн байгаа нь өдрөөс өдөрт ил болсоор байна. Гэхдээ энэ нь тийм амар биш гэдгийг хэлмээр байна.
Хөгжлийн банктай холбоотой товч мэдээлэл өгье. 2011 оны хоёрдугаар сарын 11-нд байгуулагдсан. Импортыг дэмжих, экспортыг орлох төслүүдийг дэмжих банк. Харамсалтай нь, энэ банк байгуулагдаад Чингис бонд 1,5 доллар, Самуурай бонд 30 тэрбум иен, Хөгжлийн банк мөн өөрөө 580 сая долларыг босгосон.
Ингээд Засгийн газрын 179-р тогтоолоор Бодлогын зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл нь мэргэжлийн ТУЗ байхгүй, тэнд ажиллаж байсан гадны мэргэжилтнүүдийг явуулсан. Ингээд улстөрчид Хөгжлийн банкны ТУЗ-д өөрсдөө ороод, хуваагаад л авчихсан гэсэн үг. ТУЗ-ын дарга нь Ерөнхий сайд, тэгээд гишүүд нь бүх сайд нар. Мэргэжлийн байгууллагуудынхаа үгийг сонсоогүй, "Энэ зээлийг тэр банкны захиралд өг, тэр компанид өг гээд хуваарилалт хийсэн.
Шулуухан хэлэхэд, Эрдэнэтийн 49, Оюутолгойн Дубайн гэрээн дээр ажилласан бүлэглэл Хөгжлийн банкан дээр ч ажилласан. Тийм учир энэ асуудлыг ил гаргаж тавьсан юм.
Хөгжлийн банкны 3,2 их наяд төгрөгийн зээлийн 1,8 их наяд нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Хэдхэн компани үүний ард байгаа. Тэрэн дотор Эрдэнэтийн 49 хувийг босгосон, 430 орчим сая доллар дээр орсон санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Тэднийг дэмжсэн хууль хяналтынхан, нэр бүхий шүүгчид байгаа. Энэ схем бүхлээрээ Дубайн гэрээн дээр хамт орсон.
Баттөмөр гишүүний зарласан 20 хүн бол мөсөн уулын зөвхөн орой нь. Үүний ард нэр бүхий томоохон улстөрчид, бизнесменүүд, тэдний сонгуулийнх нь зардлыг төлөөд утсан хүүхэлдэй болгосон улстөрчид удахгүй гарч ирнэ. Эхний таслан сэргийлэх арга хэмжээ болж Хөтөлийг хурааж авахад хэн хэн хамгийн их цочиж байна, тэр хүмүүс үүний ард байгаа гэж ойлгоорой.
Эрдэнэтийн схемийг гаргаад, хууль хяналтынхан ажиллаж, шүүгч нарын схемийг тогтоож зарлахад бас тийм ч амар байгаагүй. Өнөөдөр шийдэгдсэний дараа харахад амар юм шиг боловч, тухайн үед Тагнуулын ерөнхий газрын дарга нь хүртэл Эрдэнэтийн 49 хувийн талд байсан гэдгийг хэлье. Тухайн үед Ерөнхий сайд дээр Гүйцэтгэх ажиллагаа хийж байсан. Оюутолгойн гэрээ өнөөдөр яригдаж, өр үүсэхгүй болсон талаарх мэдээлэл хийхэд амархан. Түүний ард гадна дотны санхүүгийн томоохон банк санхүүгийн байгууллагуудын шахалттай учирч, дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон фракцуудтай тулж, УИХ-д асуудал хэлэлцэгдэж байхад кноп тоолоод, тулж байх тэр цаг үе амархан байгаагүй. Гэхдээ энэ бүхэн протоколд бичигдэж үлдсэн. Ил болох цаг хугацаа ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрдэнэт, Оюутолгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандана. Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Шаардлагатай бүх мэдээллийг Засгийн газар гаргаж өгсөн. Хууль хяналтынхан одоо хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой.
ХӨГЖЛИЙН БАНКЫГ ЦЭГЦЭЛЧИХЭЭД ЭРДЭНЭС МОНГОЛ
КОМПАНИЙГ ЦЭГЦЭЛНЭ
Цаашдаа хөгжлийн банктай холбоотой асуудлыг Засгийн газар цэгцэлж чадвал, Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина гэдгийг төлөвлөж байна, нуугаад яахав. Энэ компанитай холбоотой олон охин компаниуд, тус бүрт нь ТУЗ, тэдэнд төрөөс хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайд ахалж, ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Сангийн яам, Хэрэг эрхлэх газраас хүмүүс орсон.
Тавантолгойн аман дээрээс 60 доллараар худалдаалж, хилийн цаана 120 доллараар зарж, дундаас нь 60 орчим долларыг завшиж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэ далд эдийн засгийг илрүүлэхэд Монголын ДНБ хоёр дахин тэлнэ.
Тэнд олон автомашинууд байгаа. Тэдэнд УИХ-ын нэр бүхий гишүүд холбоотой. Адьяасүрэнгээс эхлээд. Цаана нь нөлөө бүхий олон хүн гарч ирнэ. Баяннуур аймаг дахь нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, мөнгө төлдөггүй бүлэг гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил хойшлуулсан. Тэдэнд ашигтай байсан юм байна лээ. Тиймээс тэд хойшлуулсан.
Одоо машинаар зөөвөрлөхийг болиулсны дараа тун удахгүй "том машинууд жагсана". Энэ асуудалд битгий хөтлөгдөөрэй. Хэцүү ч гэсэн 30 жилийн дараах томоохон өөрчлөлтүүдийг хийхээр зэхэж байна. Зарим зүйл дээр хатуу байх хэрэгтэй гэдгийг ойлгоорой.
Мөн төрийн өмчит үйлдвэрийн газрууд руу орж, олон нийтийн шууд хяналтад оруулах асуудлыг шийдвэрлэж байж, цэгцэлнэ. У.Хүрэлсүх дарга ажлаа өгөхдөө "Ерөнхий сайд гэдэг яс янгинадаг ажил шүү" гэж хэлсэн. Гэхдээ та бүхэн миний нэг занг мэднэ. Би хэзээ ч огцрохоос айх хүн биш. Харин ийм зүйлтэй эвлэрээд улстөрийн үхдэл болохоос би айна.
Мэдээж ковидтой, олон улсын нөхцөл байдал зэргээс хамаарч аядуу зөөлөн байхаас өөр аргагүй нөхцөл байдал байна. Засгийн газрын тэмцэл нэг өдөр ч ухраагүй шүү. Цаашдаа бид энэ асуудлыг шийднэ.
Төрийн өмчит үйлдвэрийн газар руу орж, олон нийтийн шууд хяналтанд оруулж, шийдвэрлэж байж л энэ асуудлыг цэгцэлнэ. Ингэж чадвал авлигын индекс буурна, хөрөнгө оруулалт сайжирна, бидэнд итгэнэ.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦРОХГҮЙ
-Бид авлигын эсрэг тэмцэнэ гэсэн. Засгийн газар хэн нэгний хэлснээр огцроод байдаг байгууллага биш. Өнөөдрийг хүртэл бид 1,5 жилийн настай Засгийн газруудыг "үйлдвэрлэж" ирсэн. Харин бид Засгийн газрыг цаашдаа тогтвортой ажилладаг, сонгодог парламентын засаглалтай байгаасай гэж боддог. Би бууж өгөхгүй. Хүнд нөхцөл байдлыг ард иргэдтэйгээ хамт даваад гарна.
Ийм амаргүй байгаа цаг үед албан тушаалтан алдаа гаргасан бол хариуцлага тооцно. Нэг өдрийн дотор бид сайд, дэд сайд, ТНБД-ыг огцруулж байсан үе байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газруудад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк бол УИХ-ын харъяа байгууллага. Гэхдээ энэ цаг үед ямар ч Төв банкны ерөнхийлөгчид амаргүй нөхцөл байдал үүсэж байна.
Төв банкан дотор хэдэн "үзэгдлүүд" шүгэлдээд байгааг би сонсож байгаа. Эрх баригч намын даргын хувьд "Аятайхан байгаарай" гэж хэлье. УИХ-ын гишүүд дээр ороод "Төв банкны дараагийн ерөнхийлөгч болно" гээд явж байгаа нөхдүүд сонсогдож байгаа шүү. Залуучууд аа, амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүсчхээд байхад албан тушаалын дон шүгэлж далчиганаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье.
Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Үнэхээр авилгатай холбогдож, өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа бол хариуцлага тооцно. Хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчийг хамгаална. Хэнээс ч айхгүйгээр.
Түрүүн Хөгжлийн банктай холбоотой Бодлогын зөвлөл байгуулах тухай 179-р тогтоол ирсэн байна. 2012.12.15-ны өдрийн тогтоол. Монгол Улсын эдийн засаг 17,5 хувийн өсөлттэй байснаас зургаан сарын дараа гарсан тогтоол. Ингээд нэг жилийн дотор юу болсныг та бүхэн мэдэж байгаа.
Засгийн газрын үнэт цаас борлуулж босгосон хөрөнгөөр бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах тухай гээд дандаа улстөрчид өөрсдөө ТУЗ-ын гишүүн болсон тогтоол. Хөгжлийн банкны асуудал эндээс эхэлсэн гэж би боддог, энэ хэдэн нөхөд янз бүрийн юмнууд яриад яваад байгаа. Та хэдэд би бууж өгөхгүй, битгий горьд за.
Хөгжлийн банктай холбоотой Хөтөл гэх мэт асуудал ярихаар доргилт өгдөг нэг схем бий. Удахгүй энэ бүхэн ил болно.
ТӨГРӨГ ХЭВЛЭХГҮЙ
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бэлэн мөнгө хэвлэх эсэхэд тайлбар өглөө.
Тэрээр:
-Бэлэн мөнгө хэвлэхгүй. Хөтөлбөр гарах үед байнга л мөнгө хэвлэх үү гэсэн асуулт гарч ирдэг. Төв банкны зүгээс мөнгө хэвлэхгүй гэсэн байр суурьтай байгаа.
Цар тахлын хүнд үед ЗГ-ын зүгээс эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг хамт хэрэгжүүлж байхад аль болох мөнгө хэвлэхгүйгээр банканд хуримтлагдсан байгаа чөлөөт эх үүсвэрүүдийг түлхүү ашиглая гэж зорьж ирсэн. Өнгөрсөн онд 2 их наяд төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг хүртэл гаргасан байдаг гэлээ.