Д.Наранбаатар: Омикрон хувилбар хүүхдүүдэд хүнд тусахыг анхааруулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Наранбаатар: Омикрон хувилбар хүүхдүүдэд хүнд тусахыг анхааруулж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр буюу ням гарагт “Омикрон дотоодод бүртгэгдлээ. Халдварын дөрөвдүгээр үе эхэллээ” хэмээн мэдэгдсэн.

Гэтэл Оном сангийн эрдэмтэд омикрон халдвар арванхоёрдугаар сарын 20-ны үеэр тархаж эхэлсэн хэмээж байсан юм. Омикрон халдварын тархалтын талаар Оном сангийн үүсгэн байгуулагч, доктор, профессор Д.Наранбаатартай ярилцлаа.

Тэрээр МУИС-ийн физикийн сургуульж төгсөж, АНУ-ын Пюрдугийн их сургуульд 2001 онд магистр, 2005 онд докторын зэрэг хамгаалжээ. Ингээд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд дөрвөн жил судлаачаар ажиллаад 2010-2013 оны хооронд АНУ-ын физикийн тэргүүлэх лабораториудын нэг Аргоны үндэсний лабораторид профессороор ажилласан байна. 2013-2014 онд Станфордын их сургуульд удирдлагын ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Омикрон халдварын тархалтын талаар Оном сангийн үүсгэн байгуулагч,
доктор, профессор Д.Наранбаатар

-Та бүхэн “Омикрон халдварын тархалт хэдийнээ гарчихсан. Эрүүл мэндийн яам нуугаад байна” гэдэг мэдээллийг өгсөн. Үүний дараа өчигдөр Эрүүл мэндийн сайд дотоодод халдвар тарсан талаарх мэдэгдлийг хийлээ. Таны тооцооллоор манай улсад омикроны тархалт хэзээ гарсан бэ?
-Арванхоёрдугаар сарын 20-доор гэсэн үг. Сая би ХӨСҮТ-ийн захирал Билэгтсайхантай дээж авч хамтран ажиллах талаар уулзлаа. Коронавирусийн титэм уураг дээр маш олон амин хүчлүүд нь өөрчлөгдөж, мутацид орчихсон. Тийм учир титэм уургийг кодолж байгаа S гень дээрээ титэм уургийн pcr шинжилгээ хийхээр тоологдохгүй байгаа юм л даа. Дэлхий дахинд омикроны халдвар гарснаас хойш нэг зүйл тодорхой байсан. Тэр бол S гень дээр тоологдохгүй, бусад гень тоологдож байгаа тохиолдолд омикрон байх магадлал нь 90-ээс дээш хувьтай байдаг. Гэтэл үүнийг тухайн үедээ ЭМЯ-нд мэдээлсэн гэдгээ Билэгтсайхан захирал хэлж байна. Тэгэхээр 90-с дээш хувийн мэдээлэлтэй байсан атлаа өчигдөр дөнгөж мэдээллээ. Ийм аюултай цар тахлын үед мэдээллийг нууж, олон нийтэд үнэн зөв мэдээллийг цаг хугацаанд нь шуурхай мэдээлээгүй гэдэг нь өөрсдийнх нь ярьж байгаагаас маш тодорхой байна.

-Мэдээлэл өгснөөр гарч болох давуу тал нь юу байсан бэ?
-Бүр арванхоёрдугаар сарын 20-доор мэдээлээгүй байлаа гэхэд ядаж шинэ жилийн өмнө мэдээлээгүйгээс болоод олон хүн эрсдэлд орлоо. Мэдээлэлтэй хүмүүс айлаар орохгүй, олон хүнтэй газар очихгүй гэх мэт эрсдэлтэй алхмуудаа багасгана шүү дээ. Манай улсаас Япон, Солонгос руу очсон хүнээс халдвар илэрсэн. Одоо Япон, Солонгос, Тайланд гээд олон улс орон манай улсаас нислэг хүлээж авахгүй болчихоод байна.

Бид цаг хугацаанд нь мэдэээлээд хурдтай арга хэмжээ аваад, халдвартай хүнээ гадагш нь явуулаагүй байсан бол өдийд агаарын нислэг маань ядаж нээлттэй байх боломжтой байлаа.

-Одоо ямар мэдээлэл чухал вэ?
-Өнөөдөр омикроны тархалт хэдэн хувь байна вэ гэдэг асуудал маш чухал. Долоодугаар сард яг ийм нөхцөл байдалд ороход манай баг АНУ-ын Стэнфорд, Колумбын их сургуультай хамтарч судалгаа хийгээд “Долоодугаар сарын эхний байдлаар дельта вирусийн тархалт 5 хувьтай байна шүү, ороод ирчихсэн байна” гэдэг мэдээллийг гаргаж өгч байсан. Одоо мэдээлэл өгөхгүй байгаа нь омикроны тархалт хэдэн хувьтай байна гэдгээ сайн мэдэхгүй байгаа юм. “Удахгүй тодруулна” гээд байгаа юм. Загварчлал гаргах шаардлагатай. Судалгааны үндсэн дээр загварчлалыг гаргана. Загварчлал дээрээ үндэслэж авах арга хэмжээгээ тодорхойлно.

-Эрүүл мэндийн сайдын мэдээлэл дотор “Омикрон бол хөнгөн тусна” гэх мөртлөө “Эмнэлэгийн байгууллагуудад өвчтөнүүдийг эрэмбэ дараатай хүлээж авна, та бүхэн хүлээцтэй байгаарай” гэдэг мэдээллийг өгсөн. Иргэд ч бас “Битгий сүржигнээд бай” гэж байна. Омикрон хөнгөн тусах юм бол эмнэлэгийн ачаалал нэмэгдэх шалтгаан нь юу юм бэ?
-Эрүүл мэндийн сайдын санаа зовж байгаа нь аргагүй. Яагаад гэвэл омикрон гэрлийн хурдаар тархана шүү дээ.

Хөнгөн тусах хүмүүс нь 15-80 хувь байна. Насны ангиллаасаа шалтгаална. Гэхдээ маш хурдацтай буюу дельта хувилбараас 200 хувь хурдтай тархах учир олон мянган хүн нэгэн зэрэг халдвар авах магадлалтай. Хүндрэлийн хувь бага байсан ч олон мянган хүн зэрэг өвдчихөөр эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй нуран унаж болзошгүй.

Эрүүл мэндийн салбарынханд наймдугаар сард АстраЗенека дархлаажуулалт хийгдсэн. Энэ вакцинжуулалтыг тухайн үед нь Оном сан бас “Наадх чинь буруу шүү” гэж хэлж л байсан. Тэгэхээр дельтагийн шуурган дундуур эрүүл мэндийн салбарынхан арай гэж гарч ирсэн, хүчээ барчихсан, хил хаалттай болохоор материалын нөөц багатай байгаа болохоор энэ удаагийн том давалгаа асуудал дагуулах магадлал нь илүү өндөр. Ганц үгээр хэлвэл, хөнгөн нь хөнгөн, гэхдээ олон мянган хүн зэрэг өвдөхөөр ачааллаа дийлэхгүй унах магадлал өндөр шүү л гэж байгаа юм. Тиймээс санаа зовохоос аргагүй.

-Ер нь омикрон хувилбар хэнд илүү халтай вэ?
-Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол хүүхдэд омикрон халдвар хүнд тусна.

Оном сангийн эрдэмтдийн баг 5-11 насныхандаа ковидын вакциныг хурдан хий гэдгийг хэлээд л байгаа. Вакцины хамгаалалт сайтай буюу дөрөвдүгээр тунтай хүмүүсийн хувьд харьцангуй хөнгөн.

Гуравдугаар тунгаа дельтагийн шуурганы өмнөхөн хийлгэсэн хүмүүс дельта халдварын тархалтын үеэр хөнгөн туссантай л адил. Зарим нь халдвар туссанаа ч мэдэхгүй өнгөрсөн байх талтай. Одоо 5-аас доош насны хүүхдүүдэд омикроны халдварын хүндрэл илүү байна. Тийм учир цаг хугацаанд нь хурдан мэдээлэл хэрэгтэй байсан юм гээд байгаа юм. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард халдвар авсан хүний мэдээлэл ч бидэнд байсан. Тухайн үед бид “омикрон халдвар орж ирсэн байна” гэдгийг бид баримтад тулгуурлаад мэдээлж байсан.

-Ковидын альфа, дельта хувилбаруудын үед хүүхдүүдээс хамрын арчдаснаас нь шинжилгээ авч байсан. Омикрон адилхан уу?
-Хүүхдүүд халдвар аваад хүндэрч эхэлнэ. Омикрон бол томуугийн вирүсийн шинж тэмдэгтэй ойролцоо шинж тэмдэгтэй. Тэгэхээр яаж ялгаж шинжлэх вэ, хүүхдүүдээс яаж шинжилгээ авах юм гэдгийг тодорхойлох шаардлагатай.

Таваас доош настай хүүхдүүдийн хамар залгиур руу урт иштэй бамбар оруулж түнхэх боломж байхгүй шүү дээ. Тиймээс хоолойн арчдаснаас, хамрын үзүүр хэсгээс авах уу гэдгийгээ тодорхойлмоор байна.

Омикроны үед хоолойн арчдаснаас илүүтэй гарч байна гэдгийг шинжлэх ухааны сэтгүүлүүд дээр гарч байна. Манай улс хамрынх нь уг руу гүнзгий хийгээд хоёр жил болчихлоо. Гэтэл бусад улсуудад хоолойн арчдасаас авч байна. Ямар үед нь халдвартай гэж үзээд хөл хорионд байлгах юм, ямар үед нь халдваргүй гэж үзэх вэ гэдгийгээ бас судалж мэдэх шаардлагатай. Альфа хувилбарын үед олон улсын судалгаагаар бид мэдсэн. Одоо омикрон хувилбарын үед олон улсын судалгаа гараагүй байна. Тийм болохоор бидний зүгээс “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 200 хүнээс дээж цуглуулаад өгөөч” гээд байгаа юм. Бид ХӨСҮТ-тэй хамтран ажиллах гэрээтэй л дээ уг нь. Даанч хамтарч ажиллахгүй байна. Бид хамтран ажиллах гэхээр бараг 10 гаруй хоног шаардлагатай болно л доо.

-Омикроны халдварын тархалтын оргил үе нь нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр гэсэн шүү дээ. Оргил үед нь бас Сар шинийн баяр давхцаж байна. Хөл хорио тогтооно, тогтоохгүй гэдэг маргаан ч гарч эхэллээ. Та юу гэж бодож байна?
-Омикроны тархалтын хувь өнөөдөр ямар байна вэ гэдгээ мэдэх хамгийн чухал. 5 хувьтай байна уу, 10 хувьтай байна уу гэдгийг ЭМЯ, ХӨСҮТ мэдэхгүй, мэдэж байсан ч хэлэхгүй байна. “Удахгүй мэдээлнэ” гээд байгаа юм, удахгүй гэдэг нь долоо хоногийн дараа ч юм уу бүү мэд. Оном сангийн эрдэмтдийн баг “Бидэнд дээжийг нь гаргаад өгчих, бид үнэ төлбөргүйгээр судалгааг нь гаргаад өгье, хамтарч ажиллая” гэхээр “Үгүй ээ, та нарын туслалцаа хэрэггүй. Бид бүгдийг нь чадаж байна” гээд буруу харж суучихаад байна. Би яг одоо ЭМЯ-нд Эрүүл мэндийн сайдтай уулзах гээд хүлээгээд сууж байна. Гэтэл сая зөвлөх нь гарч ирээд “Тантай уулзах боломжгүй” гэдэг хариуг өгчихлөө. Уг нь загварчлал гэдэг оруулсан тоо баримтнаас шалтгаалж сайн загварчлал гарна. Өнөөдөр хэдэн хувьтай байгаагаа тодорхойлвол цагаан сарын үеэр ямар байх вэ, ид гал асаж таарах уу, ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг нь тодорхой болох юм.

-Яагаад хамтран ажиллахгүй гээд байгаа юм бол?
-Эрүүл мэндийн яам бүх мэдээллийг багцалж, өөрийнхөөрөө тараах хүсэлтэй байгаа юм болов уу. Мэдэхгүй юмыг нь хэлээд, ингэ тэг гээд заагаад унана гээд байгаа ч юм уу. Шадар сайд бол хамтран ажиллах хэрэгтэй ЭМЯ-нд хэлээд байгаа юм. Өөрсдийнхөө хийж чадахгүй байгаа зүйлийг ил болгоно гээд л айгаад байх шиг.

-Одоо эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад халдвар авсан бүх хүнд “Эрүүл мэндийн багц” өгөхгүй гэсэн мэдээлэл бидэнд байна. Тун хүнд буюу нэн ядуу иргэдэд л өгөх бололтой. Хэрвээ омикрон тусаад дархлаагаа сайжруулах эм хэрэглэхгүй байвал хүндрэх үү?
-Хэдэн настай, суурь өвчтэй эсэх, ямар вакцин хэдэн удаа хийлгэснээс л ихээхэн хамаарна. Дельтагийн шуурганы үед өвдөөд эдгэсэн хүн ч халдвар авах эрсдэл байна. Тэгэхээр дөрөвдүгээр тундаа хамрагдсан, эрсдэл багатай хүмүүсийн хувьд харьцангуй гайгүй.

Англи улсаас гарч байгаа тоо баримтуудаар хүүхдүүдийн хувьд ужиг ковид илэрч, урт хугацаандаа архаг өвчтэй мэт шинж тэмдэгтэй хүүхдүүдийн тоо өсөж байна. Тэгэхээр бид “Омикрон хөнгөн юм чинь” гээд хаячихаж болохгүй.

АНУ-д гэхэд л нэг хоногт сая гаруй тохиолдол илэрч эрүүл мэндийн байгууллага нь уналтанд орж байна. Тиймээс бид энэ алдааг давтаж болохгүй. АстраЗенека вакцины гурван тунд хамрагдчихсан байгаа эрүүл мэндийн салбарынхнаа яаралтай дөрөв дэх тунд хамруулах хэрэгтэй. Ер нь дөрөвдүгээр тунгийн идэвхжүүлэлтийг сайжруулмаар байна.

-Иргэд юун дээр анхаарах вэ?
-Олон хүнтэй газраар явахгүй байх, ахмад настан, суурь өвчтэй хүмүүсээ дөрөвдүгээр тундаа хамруулах хэрэгтэй. Хүн бүхэн чанар сайтай N95 төрлийн маск зүүнэ, хуучин нимгэн цэнхэр маск хамгаалж чадахгүй. Агаар сэлгэлтээ сайн хийгээрэй. Засгийн газраас 5-11 настнуудаа вакцинд хамруулмаар байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Дөрөвдүгээр давалгааны оргил үе нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байна
Дөрөвдүгээр давалгааны оргил үе нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.