/2021.12.13/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч, цахилгаанд цохиулж амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан түүний эхнэр Ж.Одгэрэл өнөөдөр БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн гадаа камерын бичлэгийг ил болгохыг шаардан суулт зарлаж буй талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өглөөний 09.27 цагт миний нөхөр Улиастайн самбарын хулдаасыг буулгах гэж байгаад мэргэжлийн бус жолооч, техникчийн алдаанаас болж амиа алдсан.
Тухайн жолооч шатыг буулгах гэж байгаад дээш өргөж нөхрийг маань тогны утсанд хүргэж хүчдэлд цохиулсан. Ээлжинд гарч 24 цаг нойргүй хоносон хүнийг албан бус ажилд явуулсан. Үүрэг өгсөн дарга болон хариуцлага алдсан жолооч нар хариуцлага хүлээхгүй явж байна. Миний нөхөр 09.27 цагт өнгөрсөн. Гэтэл надаас нуугаад хэлэхгүй байсаар байгаад 12.00 цагт би энэ хэргийг мэдсэн. Нөхрийг маань өөрийн буруугаас болж саваагүйтэж яваад амь насаа алдсан мэтээр ярьж байна. Тийм биш. Нөхрийнхөө нэр хүндийг сэргээхийг хүсэж байна. Камерын бичлэг шаардаж байна. Хэргийн бичлэгийг устгачихсан, надад үзүүлэхгүй байгаа" гэв.
Харин цагдаагийн ерөнхий газраас осол гарах үеийн бичлэг устаагүй, бүх бичлэг байгаа гэсэн юм.