Нүүдлийн мал аж ахуй , малчидгүйгээр монголын нийгмийг төсөөлөх аргагүй. Монголын мал аж ахуй түүхэн урт удаан хугацаанд нэгэн хэвийн байдлаа хадгалж ирсэн онцлогтой. Мөн манай улсын
- Нийт хүн амын 19.4 хувь буюу тавны нэг хэсэг нь малчин өрхөд амьдарч,
- Ажиллах хүчний 26.7 /дөрөвний нэг/ хувийг малчид бүрдүүлж,
- Нийт өрхийн 25.8 хувийг малтай өрх эзэлж байна.
Жендэрийн Үндэсний хорооноос эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуйд жендэрийн дүн шинжилгээ хийжээ. Үүнээс зарим үр дүнг хүргэж байна.
Малчин болоход нөлөөлсөн хүчин зүйл
Судалгаанд оролцогчдоос яагаад малчин болсон талаар нь асуухад олон төрлийн хариулт хэлжээ. Бид олон давтагдсан дараах хариултыг сонгож байна.
- Тавдугаар ангиа төгсөөд шууд мал маллаж эхэлсэн. Нэг их сурах хүсэлгүй байсан учраас аав ээжийгээ дагаад бас сонирхлоороо малчин болсон.
(Ховд аймаг, гэрлээгүй, 24 настай эрэгтэй) - Гуравдугаар ангид байхад аав өөд болсон, гэрийн аж ахуй тэр тусмаа мал аж ахуйд туслах хүнгүйгээс сургуулиа орхиж мал маллаж эхэлсэн.
(Дорнод аймаг, гэрлэсэн, 25 настай эрэгтэй) - Арван жилээ төгсөөд үргэлжлүүлээд сурах сонирхолтой байсан ч мал дээр гарсан. Би айлын том хүүхэд. Аав ээж хоёр мал малладаг. Сургуульд сурах санхүү эдийн засгийн хувьд боломжгүй байсан. Хоёр дүү маань сургуульд сурах тул би зэрэг оюутан болбол сургалтын төлбөр төлөхөд хүндрэлтэй.
(Сэлэнгэ аймаг, гэрлэсэн, 34 настай эрэгтэй)
ХӨВГҮҮД МАЛЧИН ГЭР БҮЛИЙНХЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨШҮҮРЭГ БОЛДОГ
МАА-н мэргэжилтнүүдийн ярилцлагаар, эцэг эхчүүдийн зүгээс хүүгээ удам залган мал маллаж, эцэг эхдээ тус дэм болохыг, эмэгтэй хүүхэд боловсрол эзэмших ёстой гэж жендэрийн хэвшмэл үзлийн улмаас залуу малчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, цаашлаад гэрлээгүй, ганц бие эрэгтэй малчин залуус олшроход хүргэж байна.
Өөрөөр хэлбэл, малчин өрхүүд хүүгээ эдийн засгийн хөшүүрэг байдлаар ашиглаж байна.
- Манай хөдөө бол охид байдаггүй. Хот хүрээ гээд ихэнх нь яваад өгдөг.
Өвөрхангай аймаг, гэрлээгүй залуу малчин, эрэгтэй - Эхнэр хүүхэд байхгүй, хорь гарсан гуч хүрэх гэж байгаа залуучууд бол байна шүү дээ. Зарим нь бол амьжиргааны хувьд дунд хэмжээний залуучууд байна, зарим нь боломжийн хөрөнгөтэй, эхнэргүй гуч гарсан, мал хөрөнгө нь хангалттай болсон хүн ч байна.
Өмнөговь аймаг, ХХААГ-ын мэргэжилтэн, эрэгтэй - Эхнэргүй 30 гарсан малчин залуус олон байна. Эмэгтэйчүүд хөдөө амьдрах, мал маллах сонирхолгүй, хот газар ажиллах сонирхолтой. Хөдөө явна гэхээр хоцрогдоно, нэгнээсээ дор орохгүй гэдэг ойлголттой. Залуучууд аав ээждээ туслах, мал гэдэг хөрөнгийг нь харж хандахын тулд мал маллаж байна.
Сэлэнгэ аймаг, сумын МАА-н тасгийн мэргэжилтэн
Залуу малчидтай хийсэн ганцаарчилсан ярилцлагын дүнгээр, гэрлэсэн малчид малаа өсгөж үр хүүхдээ боловсролтой болгох, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хуримтлуулахын тулд малаа сайн маллана гэжээ.
МАЛЧИН ЭРЧҮҮД ЮУ ХҮСЭЖ МӨРӨӨДДӨГ ВЭ?
- Улсын сайн малчин
- Аймгийн аварга малчин
- Мянгат малчин болох
- Малын тоог өсгөх гэж илэрхийлжээ.
Харин эмэгтэй малчдын хувьд:
- Эрүүл байх
- Малаа сайн маллах
- Мал маллангаа давхар ажил /оёдол эсгүүр/ хийх
- Чанартай цөөн мал өсгөх зэрэг хүсэл мөрөөдлөө илэрхийлжээ.
Ирээдүйд үр хүүхдээ малчин болгох эсэх талаар залуу малчдын дунд судалгаа явуулахад тал хувь нь "Одоогоор хэлж мэдэхгүй" гэх хариулт өгчээ. Мөн 22.7 хувь нь хүүгээ, 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэжээ.
Эцэг эхчүүдийн дунд жендэрийн хэвшмэл ойлголтын нөлөөгөөр хүү, охины боловсрол эзэмших сонголтод нөлөөлөх хандлага илэрч байна.
Дээрх судалгаанаас үүдэн дараах зөвлөмжийг гаргасан байна.
Жендэрийн хэвшмэл соёл нь залуусын мэргэжил сонголт улмаар гэрлэлтийн харилцаанд нөлөөлж эхэлсэн тул эцэг эх, залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд жендэрийн боловсрол олгох соён гэгээрүүлэх арга хэмжээг тусгайлан сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж, төлөвлөж төсөвлөн зохион байгуулах хэрэгтэй.
Залуу малчид "хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хуримтлуулахын тулд малаа сайн маллана."
ЗАЛУУ МАЛЧДЫН ДУНД ГЭР БҮЛ САЛАЛТ ӨНДӨР БАЙНА
Гэтэл залуу малчид хүүхдээ сургуульд сургах шалтгаанаар хоёр тусдаа амьдарснаас болж дараах сөрөг үр дагавар гардаг байна:
- Хоёр тусдаа амьдрах, гэр бүл салалт нэмэгдэх
- Зарим тохиолдолд айлд суулгах /амьдруулах/ сууж байгаа хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх
- Залуу малчин гэр бүлийн харилцаанд үл ойлголцол хардалт ихсэх улмаар гэр бүлийн үнэнч байдал үгүй болох
- Малчин эмэгтэйчүүдийн тоо буурах
- Аймаг, сумын төвд зохиомол өрх үүсэх. Ингэснээр өрхөд зарцуулах төсөв нэмэдэнэ
- Малаа маллаж үлдсэн эрэгтэйчүүдэд өрхийн аж ахуйн ажлын ачаалал ихсэх, үүнээс үүдэн эрүүл мэндийн асуудал тулгарах
Залуу малчин гэр бүлтэй холбоотой гэрлэлт, цуцлалтын асуудал гарч ирнэ. Статистик мэдээллээ ирүүлсэн сумдын тоон мэдээллээс харахад гэрлэлтээ бүртгүүлсэн хосын тоо сүүлийн арван жилийн хугацаанд 50 гаруй хувиар нэмэгдсэн бол гэр бүл цуцлалтын тоо 2010-2015 онд 30 хувиар өсөж байснаа сүүлийн таван жилд харьцангуй тогтворжих хандлагатай байна.
гэрлэсэн залуу малчдын дундаж нас: 28
Малчид, мэргэжилтнүүд энэ асуудлын талаар:
- Нэг хүүхэд маань тавдугаар анги, дунд маань энэ жил нэгдүгээр ангид орох юм. Манай эхнэр багш мэргэжилтэй. Хүүхдүүдтэйгээ төв дээр байдаг. Би хоёр гэрийн хооронд л явж байна даа. Манай хөдөө бол эхнэрүүд хүүхдээ харна, эрчүүд малаа маллана гэсэн амьдралтай л байна. Ихэнх нь хоёр тусдаа байна.
Өвөрхангай аймаг, гэрлэсэн залуу эрэгтэй малчин - Хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт ороход эхнэр нь аймагт очоод суудаг, нөхөр нь малаа хараад үлддэг асуудал сүүлийн жилүүдэд ихэссэн.
Өмнөговь аймаг, ХХААГ-ын мэргэжилтэн
Судалгааны төгсгөлд дараах зөвлөмжийг гаргасан байна:
- Залуу малчин гэр бүл хүүхдээ сургуульд сургах зорилгоор хоёр тусдаа амьдарч байгаа залуу малчдын асуудалд анхаарал хандуулан, хүүхдээ сургуульд сургахад таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
- Залуу малчдад гэр бүлийн үнэ цэн, хамтын амьдралын утга учир, эцэг эхийн хамтын үүрэг оролцоо, хариуцлагын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх,
- Залуу эмэгтэйчүүдийг малчин болгоход тодорхой урамшууллын хөшүүргийг нэтврүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх зөв үзэл хандлагыг төлөвшүүлэх талаар чиглэсэн арга хэмжээ явуулах хэрэгтэй юм.
Эх сурвалж: Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал аж ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ