Н.Алтанхуяг: Монгол-Оросын нэртэй хамгийн ДАМПУУ байгууллага төмөр зам байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Монгол-Оросын нэртэй хамгийн ДАМПУУ байгууллага төмөр зам байна

/2021.11.25/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, "Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төсөлд:

  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.6 тэрбум төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийхийг Засгийн газарт даалгасугай,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-наас тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” дугаартай зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэхийг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй.
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг “Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тооцогдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-нд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд багтаан төлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай гэж заажээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Гадаадаас хөнгөлөлттэй зээл авалгүй яах вэ. Үүгээр юу бүтээж байгаа тал дээр анхаармаар байна. Хэдүүлээ УИХ-ын хурлаас төмөр замын асуудлаар ажлын хэсэг байгуулмаар байна. Монгол-Оросын нэртэй хамгийн дампуу байгууллага энд байна. Монгол Улс төмөр замын даргаа тавьж чадахгүй шившиг болж байна.

Төмөр замыг ямар өртгөөр босгож байгаа талаар мэдээлэл байгаа юм уу? Хэдхэн тэрбум төгрөгийн ашигтай, их зээлтэй л үлдэж байна.

Энэ шийдвэрийг гаргаснаар төмөр замыг мундаг болж байгаа юм биш. Төмөр замын зарим төлбөрийг улс төлнө гэсэн үг. 2009 онд Монгол Улс 125 сая доллар, ОХУ 125 сая доллар гаргаж төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлсэн. 600 орчим тэрбум төгрөгөөр юугаа хийдэг байна аа? Ийм мөнгөөр дүрмийн сангаа нэмэгдүүлсэн төмөр зам өдийд гялалзаж байх ёстой биз дээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

Үлдсэн найман жилээс жилд олж байгаа ашгийн хэмжээ нэг жилд 2.5 орчим тэрбум төгрөг байна гэсэн мэдээлэл бий.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Ажлын хэсэг байгуулах саналыг тавьсан. Энэ өрийг төлснөөр төмөр замыг зах зээийнх нь дагуу явуулъя. Байнга л хоёр талаас нь өргөж тохойноос нь дэмждэг.

Өөрсдийн стратегийн бүтээгдэхүүн нүүрсээ хүртэл зөөхөд хямд тээвэрлэ гэдэг. Оросууд "зах зээлийнх нь журмаар явуулъя. Энэ байгууллага ашигтай ажиллах ёстой" гэдэг.

Төмөр замын тухай хуулийн төслийг би ахалж байна. Бусад тээврийн байгууллагын зарчим ямар байдаг түүн шиг болгох гэж үзэж байна. Үүнтэй уялдуулаад Улаанбаатар төмөр замаа хөл дээр нь босгоно.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлав

Бие нь муудаж, ухаан алдсан иргэнийг аварчээ
Бие нь муудаж, ухаан алдсан иргэнийг аварчээ
 
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.